loading...

Бельгийн “Radio Contact” радиогийн хөтлөгч бүсгүй дэлхийн тэргүүн теннисчин Рафаэл Надалийн зочид буудлын өрөөний утас руу үүрээр залгаж сэрээжээ. Радиогийн хөтлөгч өөрийгөө зочид буудлын ресепшнд Надалийн ээж хэмээн танилцуулан хүүгийнхээ өрөөний утсыг шаардсан аж. Хоёрдугаар сарын 28-ны өглөө Надаль зочид буудлын өрөөндөө унтаж байтал ийнхүү радиогийн хөтлөгч залгаж, “Танд өглөөний мэнд хүргэе! Уучлаарай, “Radio Contact”-ийн “Өглөөний мэнд” шууд нэвтрүүлгээс ярьж байна. Тантай холбогдсондоо тун их баяртай байна” гэхэд нойрмог Надаль “Харин би унтаж байхдаа баяртай байлаа” гэжээ.
Хөтлөгч бүсгүй мөчөөгөө өгөлгүй Надалийг ойрын өдрүүдэд нэвтрүүлэгтээ хүрэлцэн ирж оролцохыг урихад “Энэ асуудлыг надтай биш Испанийн теннисний холбооныхонтой ярь” хэмээн татгалзжээ.
Одоогоор Рафаэл Надаль Бельгийн Шарлеруад гуравдугаар сарын 4-6-нд болох Дэвисийн цомын тэмцээнд Испанийн нэрийн өмнөөс Бельгийн теннисчидтэй тоглохоор бэлдэж буй юм.
loading...



