loading...
Боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” зааланд зургаан өдөр үргэлжилж, өчигдөр (3.6 )дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд 33 байгууллагын 237 боксчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн есөн жинд ур чадвара сорин өрсөлдсөн юм. Сүүлийн хэдэн жил Монголын боксчдын амжилт гэрлийн хурдаар өсч, олимп дэлхийн дэвжээнээс цөөнгүй медаль зулгааж, тивийн хэмжээний тэмцээнүүдэд чамлахааргүй амжилт үзүүлж байгаа. Тиймээс боксчдын ширүүн өрсөлдөөнийг үзэж сонирхох спортын хорхойтнууд энэ хэдэн өдөр Спортын төв ордныг дүүргэсэн юм. Тэднийг харахыг хүссэн шилдгүүд ч өнөө жил бүгдээрээ (Э.Бадар-Ууганаас бусад нь) улсынхаа аваргад орсон болохоор тэмцээн тэр хэвээр сонирхолтой боллоо.
Хэн, хэн медальд хүрэв
Манай эрэгтэй боксчдын жин бүрт дор хаяж хоёр, зарим жинд 4-5 тэнцүүхэн өрсөлдөгчтэй болсныг энэ удаагийн тэмцээн дахин нотолсон. Уншигчдадаа сонирхолтой байлгах үүднээс эрчүүдийн жин бүрт ямархуу тэмцэл өрнөж, медальтнууд хэрхэн тодорсныг өгүүлье.
Хамгийн хөнгөн жин 49 кг-д дэлхийн аварга П.Сэрдамбыг зогсоох нь байтугай тэнцүүхэн өрсөлдчих тамирчин олдсонгүй. Энэ жинд тамирчид тэр бүр олон жил тоглоод байдаггүй, голдуу шинээр гарч ирж буй залуу хүүхдүүд өрсөлддөг нь үүнтэй холбоотой байх. Гавьяат сүүлийн гурван тоглолтдоо л гэхэд нэг ч оноо алдалгүй (7 : 0, 6 : 0, 7 : 0) ялалт байгуулсан юм. Түүнтэй арай гайгүй үзчих байх гэж таамагласан өнгөрсөн жилийн аварга Г.Ган-Эрдэнэ, эхний даваандаа ялагдсан ба оронд нь Баянгол дүүргийн тамирчин Г.Ариунболд финалд гарч ирсэн билээ. Энэ амжилтаараа тэр УАШТ-ий шилдэг залуу бокчсноор тодорсон юм.
Н.Төгсцогт сүүлийн үед жин өгсөж тулалдах болсон тул 52 кг-ын гол нэр дэвшигч нь “Алдар”-ын Ж.Отгонжаргал болж байсан. Өнгөрсөн жил энэ жинд түрүүлсэн тэрбээр учраа бүрээ итгэлтэй буулгаж авсаар дахин финалдсан юм. Нөгөө талаас өнгөрсөн жилийн мөнгөн медальт “Сүлд” спорт хорооны А.Даваадалай гарч ирнэ гэж таамагласан ч хагас шигшээд залуу боксчин Б.Одхүүд ялагдчихав. Тэдний тоглолт тун өрсөлдөөнтэй болж үндсэн үндсэн цагт 1 : 1-ээр тэнцсэн бөгөөд туслах оноо тоолоход Б.Одхүү 3 : 2-оор илүүрхсэн юм. Харин Одхүү финалд Отгонбаярын эсрэг олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй 8 : 1-ээр ялагдлаа.
56 кг-д гавьяат тамирчин Н.Төгсцогт оролцохоор шийдсэн нь энэ жингийн өрсөлдөөнийг сонирхолтой болгосон. Тэр ноднингийн финалд ялагдсан Э.Идэрхүүгээс даагаа нэхэх зорилго өвөрлөн ирсэн нь тодорхой. Гэвч үзэгчдийн хүсэн хүлээж байсан Төгсцогт – Идэрхүүгийн финал болох учиргүй байж. Учир нь Идэрхүү хагас шигшээд “Алдар”-ын Д.Энхтөрд 3 : 0-ээр дийлдэн хүрэл медальтайгаа эвлэрэхээс аргагүй болжээ. Энхтөрийн хувьд тоглолтын турш хамгаалж хааяа сөрөг довтолгоо хийх тактик нь үр дүнгээ өгч, хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Мөн Н.Төгсцогт ч гэсэн хагас шигшээд учраадаа бүдрэх дөхөв. “Хилчин”-ий Эркиний эсрэг хийсэн тоглолтод Төгсцогт илүүрхэж байсан ч өрсөлдөгчийнхөө битүү хамгаалалтыг сэтэлж чадаагүй. Энэ завсар Эркин нэг оноо авч, давуу байдлыг өөртөө бий болгосон юм. Харин гуравдугаар үед рингний шүүгч Эркинийг хэтэрхий доошоо тонгойж байна гээд хоёр оноогоор торгосноор Төгсцогт тэргүүлж эхэлсэн. Гэтэл өнөөх Эркин цаг дуусахын өмнөхөн нэг оноо авч, тэнцүүлж дөнгөсөн юм. Ингээд туслах оноо тоолоход гавьяат 6 : 4-өөр илүүрхлээ. Төгсцогт энэ эрчээрээ шигшээд Энхтөрийг 4 : 0-ээр ялж УАШТ-д хоёр дахь удаагаа түрүүлсэн юм.
60 кг-д хамгийн сонирхолтой тэмцэл өрнөсөн. Энэ жил З.Энхзориг, Д.Отгондалай, Б.Жавхлан, Э.Ирээдүй гэсэн хэн нь ч хэнийгээ хожиж мэдэх дөрвөн тэнцүү өрсөлдөгчтэй болохоор тэр. Урьдчилан таамаглаж байсан ёсоор өнөө дөрөв өрсөлдөгч нараа хожсоор хагас шигшээд шалгарав. Ингээд мөнгөн медалийн төлөөх тоглолтыг Энхзориг, Ирээдүй нар хоорондоо хийлээ. Тооны харьцаа 2 : 2 болж, цаг дуусах дөхсөн үед Энхзориг туршлага заан нэг оноо авснаар хүч тэнцүүхэн тулаанд ялалт байгуулсан. Үүний дараа болсон Отгондалай, Жавхлан хоёрын тоглолт ч сонирхолтой өрнөж, Жавхлан туршлагатай өрсөлдөгчөө мөн 3 : 2-оор буулган авч, Энхзоригтой алтан медаль булаацалдахаар шалгарлаа. Жавхлан өмнө нь улсын аваргаас медаль авч үзээгүй байхдаа буюу 2008 онд Энхзоригтой таарч, ширүүн өрсөлдөөний эцэст 17 : 15-аар ялагдаж байсан. Тиймээс тэдний тулаанд хэн нь давамгайлахыг урьдчилан тааварлахад бэрх байлаа. Энхзориг эхний хоёр үед ерөнхийдөө давамгайлж, 3 : 2-оор тэргүүлж байв. Харин сүүлийн үед Жавхлангийн доволгоо оновчтой болсноор тоо 3 : 3 болон тэнцлээ. Хэрвээ энэ хэвээрээ тоглолт дуусвал туслах оноогоор Энхзориг ялах байсан юм. Гэтэл цаг дуусахаас тавхан секундын өмнө Жавхлан шийдвэрлэх оноог авч чадсанаар 4 : 3-аар ялалт байгууллаа. Манай шилдэг боксчдын нэг З.Энхзоригийн хувьд 2005 онд улсын аварга болсноос хойш дотооддоо анх удаа ялагдлын гашууныг амсаж байна. Харин хүч тэнцүү өрсөлдөгчдөө ээлж дараалан буулгаж авсан Б.Жавхлан УАШТ-ий шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан юм.
64 кг бол У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат гэсэн мөнхийн хоёр өрсөлдөгчтэй жин. Түвшинбат өмнө нь гавьяатад “юм болохгүй” ялагддаг байсан ч сүүлийн жилүүдэд ур чадвар нь эрс дээшилж, тэнцүүхэн үздэг болсон. Тэдний хоород болсон сүүлийн хоёр тоглолт л гэхэд ганц хоёрхон оноогоор шийдэгдэж байлаа. Гэхдээ тоглолт ийн тэнцүүхэн өрнөх хэдий ч ялагч нь Мөнх-Эрдэнэ байсаар ирсэн. Тэр уламжлал ч өнөө жил давтагдлаа. Гэхдээ Мөнх-Эрдэнэ энэ удаа гол өрсөлдөгчөө 14 : 4-өөр илт давуу хожиж, бэлтгэл сайта байгаагаа харуулсан юм.
69 кг-д шинэ аварга мэндэлсэн. Эх орноо төлөөлөн Азийн наадам, ДАШТ-д оролцож байсан Ж.Отгонжаргал өрсөлдөгч бүрээ илт давуу хожсоор улсын аварга цолыг анх удаа хүртсэн нь энэ. 16-хан настайдаа МБАТС-ийн аварга болж байсан А.Бат-Очир жин өгсөн орж ирээд мөнгөн медаль дээр буув. Ноднингийн аварга Б.Ганбаатар медалийн төлөөх тоглолтод Бат-Очирт ялагджээ.
75 кг-д мөн адил хоёр боксчин ноёрхоод цөөнгүй жил болж буй. Эд бол “Хилчин”-ий Т.Чулуунтөмөр, “Сүлд”-ийн Н.Шинэбаяр нар. Тэд сүүлийн хэдэн жил хоорондоо тогтмол таарч, тэр бүрт нь Чулуунтөмөр хожиж байгаа. Энэ жил Шинэбаяр зоримог, дайчин тоглож, аваргыг багагүй тэвдүүлсэн. Гэхдээ түүх дахин давтагдаж, хашир мастер Чулуунтөмөр 4 : 2-оор давамгайллаа.
Өнгөрсөн жил 81 кг-ын финал тун сонирхолтой болж үзэгчдийг уулга алдуулсан. Тэгэхэд “Хангарьд”-ын С.Эрдэнэбаяр, Ц.Мөнхчулууныг 5 : 1-ээр хожиж явсан ч өрсөлдөгчийнхөө шийдсэн цохилтод орж накаутаар ялагдсан юм. Тэрхүү дуулиант тоглолтын эзэд энэ жил дахиад л финалд уулзалдав. Харин энэ удаа Эрдэнэбаяр өнгөрсөн жилийнхээ алдааг давтсангүй, 4 : 0-ээр ялалт байгууллаа. Энэ нь түүний УАШТ-аас авч буй анхны алт юм.
Хамгийн хүнд хоёр жинд Х.Мандахбаяр, Д.Идэрбат нар итгэлтэй түрүүлсэн. Тэдэндтэй өрсөлдчихөөр тамирчин одоохондоо алга гэдэг нь энэ тэмцээнээр тодорхой харагдсан юм.
Түүнчлэн энэ өдрүүдэд манай “гэзэгтэй” боксчид есөн жинд аваргуу тодрууллаа. Азийн наадмын мөнгөн медальт Э.Ундрам, Азийн аваргын хүрэл медальт Ц.Цэрэнчимэг тэргүүтэй манай шилдэг эмэгтэй боксчдын тулаан сонирхолтой болж өнгөрсөн. Гэхдээ зарим жинд медаль авч байгаа, аваргын төлөө өрсөлдөж байгаа тамирчдыг харахад олон улсын тавцанд өрсөлдөхөд хэцүүхэн л санагдаж байв. Ер нь холбооны зүгээс эмэгтэйчүүдийнхээ ур чадварыг ахиулах талаар хийх ажил их байгаа нь УАШТ-ээс тод харагдсан гэж болно.
Зохион байгуулалтын талаар
МОБХ шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болсны дараа зохион байгуулж буй анхны УАШТ гэдгээрээ энэ тэмцээн онцлогтой байсан. Холбооны шин удирдлагууд тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулах гэж их хичээсэн болох нь мэдрэгдэж байлаа. Зөвхөн тив, дэлхийн тэмцээн зохион байгуулахдаа л ашигладаг том дэлгэцээр тоглолтыг шууд үзүүлж, өндөр хүчин чадалтай өсгөгчийг байрлуулж, нээлт, хаалтын ёслолд ач холбогдол өгөн дажгүй хийсэн, мэргэжлийн хөтлөгч авчирсан… гээд л ахиц дэвшил гарсан цөөнгүй зүйл бүхний нүдэн дээр ил харагдана. Товчхон дүгнэж хэлэхэд энэ жилийн УАШТ урьд өмнө нь байгаагүй зохион байгуулалтын өндөв түвшинд явагдлаа. Харин манай шүүгч нар хангалттай сайн ажилласан гэж хэлж чадахгүй нь. Зарим нэг тоглолтод энгийн хүнд ч ойлгогдох бүдүүлэг алдаа гаргасан тохиолдол нэг бус байв.
Хамгаалсан бокс моодонд оржээ
Сүүлийн үед боксын шүүлтэнд өөрчлөлт орж, оноо өгөхдөө тун харам болсон. Өмнө нь бараг л илээд өнгөрөхөд л оноо өгч, хоёр тамирчны тулаан 20 гарсан оноотой өндөрлөх нь элбэг байв. Харин шинэ дүрэм гарснаар даацтай, оновчтой цохилтод л оноо өгдөг болсон тул ихэнхи тоглолт цөөн оноотой өндөрлөж байв. Үүнийгээ дагаад тоглогчдын стиль өөрчлөгдөж, хамгаалах тактик сонгох болжээ. Нэг оноо алдчихвал түүнийгээ нөхөх гэж бөөн юм болно. Тиймээс эхний ээлжинд оноо алдахгүй байсан нь дээр гэсэн санаа хүн бүрээс чухалцах аж. Энгийн үзэгчдийн хувьд битүү өрөлт авчихаад гурван үеийн турш хамгаалсан бокс харахад уйтгартай л байна. Гэхдээ дүрэм нь байхыг шаардаж байгаа болохоор боксчдыг буруутгах аргагүй юм.
Шигшээг хэнээр бүрдүүлэх вэ ?
Энэ жил Монголын боксчдыг тив, дэлхийн АШТ гэсэн хоёр том сорилго хүлээж байна. Ялангуяа Олимпийн эрх олгох ДАШТ манайхны оролцох хамгийн гол тэмцээн билээ. Харин эдгээр тэмцээнүүдэд хэн шигшээ багийг төлөөлөн оролцох вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж буй дээр өгүүлсэнчлэн жин бүрт дор хаяж хоёр тэнцүүхэн өрсөлдөгч байгаа болохоор шигшээгийн багш дасгалжуулагч нар том тэмцээнд хэнийгээ сойх вэ гэж толгойгоо багагүй гашилгах биз ээ.
2011 оны боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий дүн:
Эрэгтэй 49 кг:
Алт – П.Сэрдамба /Сүлд/
Мөнгө – С.Ариунболд /Баянгол/
Хүрэл – Ц.Ганбаяр /БТДС/
Хүрэл – М.Гандулам /Мон-Ойл/
Эрэгтэй 52 кг:
Алт – Ж.Отгонбаяр /Алдар/
Мөнгө – Д.Одхүү /Рэд Буллз/
Хүрэл – А.Нурлан /Баян-Өлгий/
Хүрэл – А.Даваадалай /Сүлд/
Эрэгтэй 56 кг:
Алт – Н:Төгсцогт /Хангарьд/
Мөнгө – Д.Энхтөр /Алдар/
Хүрэл – Ж.Эркин /Хилчин/
Хүрэл – Э.Идэрхүү /Сүлд/
Эрэгтэй 60 кг:
Алт – Б.Жавхлан /Хангарьд/
Мөнгө – З.Энхзориг /Хангарьд/
Хүрэл – Э.Ирээдүй /Дорнод/
Хүрэл – Д.Отгондалай /Хилчин/
Эрэгтэй 64 кг:
Алт – У.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/
Мөнгө – Б.Түвшинбат /Хүч/
Хүрэл – Н.Бат-Эрдэнэ /Хар чоно/
Хүрэл – Ц.Отгон-Эрдэнэ /Шижир алт/
Эрэгтэй 69 кг:
Алт – Ж.Отгонжаргал /Хангарьд/
Мөнгө – А.Бат-Очир /Хилчин/
Хүрэл – О.Олзбаатар /Сүлд/
Хүрэл – Б.Одхүү /Орхон/
Эрэгтэй 75 кг:
Алт – Т.Чулуунтөмөр /Хилчин/
Мөнгө – Н.Шинэбаяр /Сүлд/
Хүрэл – Э.Төрбат /Хүч/
Хүрэл – Б.Наадам /Ширэн бээлий/
Эрэгтэй 81 кг:
Алт – С.Эрдэнэбаяр /Хангарьд/
Мөнгө – Ц.Мөнхчулуун /Алдар/
Хүрэл – Т.Мөнхбаатар /Хар чоно/
Хүрэл – Т.Октябрь /К-О/
Эрэгтэй 91 кг:
Алт – Х.Мандахнаран /Хүч/
Мөнгө – Т.Эрболат /Улаан арслан/
Хүрэл – Д.Өлзий-Орших /Хүч/
Хүрэл – Г.Болдхуяг /Шижир алт/
Эрэгтэй +91 кг:
Алт – Д.Идэрбат /Хангарьд/
Мөнгө – Т.Очирхорол /Хөх чоно/
Хүрэл – Л.Осербек /К-О/
Хүрэл – Д.Орхон /Барселона/
Г.Баярсайхан
loading...



