loading...
Мэргэжлийн боксын WBA холбооны нэгдүгээр дунд жингийн дэлхийн аварга Мигель Котто цол хамгаалах тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь хоёр өөр жинд дэлхийн аварга болж явсан Никарагуагийн Рикардо Майорга байв. Хүч тэнцүүхэн болсон тулааны 12-р үед пуэрто-рико эр өрсөлдөгчөө техникийн нокаутаар сөхрүүлснээр цолоо амжилттай хамгаалжээ. Энэ нь түүний мэргэжлийн рингэнд байгуулсан 36 дахь ялалт юм.
Котто үүнээс гадна хоёр удаа ялагдлын гашууныг амсч байлаа. Харин түүнд дийлдсэн Майорга энэ тулааны дараа зодог тайлахаар шийдсэнээ мэдэгдсэн байна. 38 настай Майорга мэргэжилд 38 тулаан хийснээс 29 ялж, найм ялагдан, нэг тэнцэж байв. Түүнчлэн энэ өдөр WBO холбооны дунд жингийн аваргын төлөөх тоглолт Аргентиний Серхио Мартинес, Украины Сергей Зинзирук нарын хооронд болов.
Энэ тулаанд Мартинес бүх талаар илүүрхэж, өрсөлдөгчөө удаа дараа хүнд цохилтод оруулсан. Улмаар Зинзирук тав дахь удаагаа нокдаунд орсны дараа шүүгч тоглолтыг зогсоохоор шийдсэн байна. Энэ үед Мартинес 220 удаа оновчтой цохилт хийгээд байсан бол өрсөлдөгч нь 160 удаа цохисон байжээ
loading...



