loading...
Монгол Улсад жүдо бөх үүсч хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд (III.12-13) Нисэхийн дэнж дэх “Буянт ухаа” спорт цогцолборт түүхт ойн энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ боллоо. “Лондон-2012” олимп хаяанд ирж, эрхийн төлөөх өрсөлдөөний шийдвэрлэх үе эхэлж буй нь энэ тэмцээний ач холбогдлыг өндөрсгөж, улам сонирхолтой үзүүштэй болгосон юм. Европт сар шахам үргэлжилсэн цуврал дөрвөн тэмцээн шувтраад удаагүй байгаа, мөн хоёр долоо хоногийн дараа тивийн АШТ зохиогдох гэж буйг харгалзан үзэж энэ удаагийн УАШТ-ийг 2 кг-ын зөрүүтэйгээр зохион явуулсан нь манай өндөр зэрэглэлийн тамирчдад үндсэн жиндээ орох боломжийг олгосон.
Жингийн сугалааг өнгөрсөн жилийн медальтнуудыг хэсэг толгойлуулах, дэлхийн чансааны байраар эрэмбэлэх гэсэн хоёр хувилбарыг хэлэлцэж байгаад дотоодын амжилтыг нь УАШТ-д хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийджээ. Ингэснээр зарим жинд эхний тойргоос л гал гарах магадлал өндөр болсон. Өнгөрсөн жил Д.Төмөрхүлэг 66 кг-д, Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар 73 кг-д барилдсан тул энэ удаа сугалаа татах бөхчүүдийн тоонд багтсан юм. Харин үзэгчид, бөх сонирхогчдын финалд харахыг хүсч байсан бөхчүүд хоёр талд хуваагдан оржээ.
Монголын жүдочдын амжилт тогтворжиж, зарим жинд хэд хэдэн тамирчин дэлхийн хэмжээнд өрсөлдөх болсон нь аваргуудыг урьдчилан таамаглахад бэрх болгоод байгаа. Хөлбөмбөгт Испанийн АШТ-ий “Реал”- “Барса”, Английн лигийн “Ливерпуль”- “Ман.Ю”-гийн тоглолт хүн бүхний анхаарлын төвд байдаг шиг Монголын жүдо дахь “Эль Классико” энэ УАШТий үеэр цөөнгүй гарсан.Улсын аваргын хэргэмийн төлөө өрсөлдөж буй энэ бөхчүүд хилийн чанадад, олон улсын тэмцээнд хоорондоо түрүү булаацалддагийг бид сүүлийн хэдэн жил олон жишээгээр харсан билээ. Түүхт ойн жилийн УАШТ-ий барилдаанууд хэрхэн өрнөснийг жин жингээр сонирхуулъя.
Эрэгтэй. 60 кг: 2009 оны улсын аварга Г.Болдбаатар өнгөрсөн жил шинэ аварга Д.Амартүвшинд доор ялагдсан тул энэ тэмцээнд “амны бөх”-өөр сугалаанд оролцлоо. Гэтэл тэр дахиад л Д.Амартүвшинтэй нэг хэсэгт хуваарилагдав. Хоёрдугаар тойрогт болсон энэ хоёр бөхийн барил даанд отгон аварга дархан хутгаагаараа хоёр юүко салгаж хож сон. Д.Амартүвшин улмаар хагас шигшээд шалгарч, өнгөрсөн жил түрүү булаацалдсан Ч.Болдбаатарт хантэй гаар дийлдсэн юм.
Нөгөө талаас О.Чинбат, Д.Баярмагнай нарыг хожин финалд шалгарсан Д.Төмөрхүлэг Ч.Болдбаатарыг барилдааны сүүлчийн минут эхлэх үед цэвэр буулган, анх удаа улсын аварга боллоо. 2009 онд хүрлийн төлөө барилдаанд ялагдаж байсан Д.Төмөрхүлэг өнгөрсөн жил жин өгсөн хүч үзээд Д.Дөлгөөнд хожигдсон билээ. Ч.Болдбаатарын хувьд хоёр дахь жилдээ дараалан мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн жи лийн аварга Д.Амартүвшингийн хувьд хүрлийн төлөө барилдаанд нэг клубийн бөх О.Чинбатад мөн л хантэйгаар ялагдсан. Хэдий тийм ч шигшээгийн дасгалжуулагчид түүний барилдааныг өндрөөр үнэлсэн. Бэртэл нь бүрэн илааршаагүй, бэлтгэлээ бүрэн хангаагүй ч боломжоосоо дээгүүр амжилт гаргаж, хоёр барилдаан дараалан найман минут өрсөлдсөнд нь багш нар ам сайтай байсан юм.
66 кг: Жин бүрийн шилдэг 16 тамирчныг урилгаар оролцуулдаг “Мас терс”-т түрүүлсэн хоёр тамирчин маань учраа бүрээ илүүрхэн хожсоор финалд учирлаа. 2003-07 онд та ван жил дараалан улсын аварга болсноосоо хойш УАШТ-д дахин түрүүлээгүй Х.Цагаанбаатар энэ удаа давуулж тохож вазари аваад төдөлгүй иппон буулган алтан медаль зүүлээ. Тэрбээр 2008 онд УАШТ-ийг өнжсөн бол дараа жил нь С.Мияарагчаад хантэйгаар ялагдсан билээ.
Харин өнгөрсөн жил 73 кг-д барилдсан. Өнгөрсөн жил жингийнх нь шилдэг хоёр бөх дээд жиндээ өрсөлдсөн бо ломжийг ашиглаж, улсын аварга болж байсан Б.Хишигбаяр наймд үлдээд С.Мияарагчаад ялагдан хүрэл медальтайгаа эвлэрэхээс аргагүй болсон. Ноднингийн дэд аварга А.Батсуурь эмэгтэйчүүдийн 70 кг-ын бөх Ц.Наранжаргалын ихэр нь болох Ц.На рантогтоход хоёрдугаар тойрогт хожигджээ.
73 кг: Энэ тэмцээний хамгийн хүнд сугалааг татсан гэж хэлж болох Г.Одбаяр жингийнхээ шилдгүүдтэй бүгдтэй нь гар зөрүүлж улсын аварга боллоо. Ноднингийн УАШТ-д Х.Цагаанбаатарт эхний тойрогт ялагдаж байсан тэрбээр энэ удаа жингийнхээ тэргүүн бөх С.Ням-Очирыг хоёрдугаар тойрогт хөл тавих мэхээр вазари авч хожоод хагас шигшээд “Чингис хаан” Дэлхийн цомын түрүүт Г.Пүрэвдоржийг нэмэлт цагт тохож цэвэр буулгасан. Улмаар шигшээ барилдаанд О.Болд-Эрдэнийг идэвхээр илүүрхэн ялсан юм. О.БолдЭрдэнийн хувьд залуу өрсөлдөгчөөсөө юүко авсан ч үүнээс хойш илт хамгаалж барилдсанаар вазаритай тэнцэх торгууль хүлээсэн.
Хоёр жилийн өмнө 60 кг-д Д.Төмөрхүлэгийг хожин хүрэл медаль хүртэж байсан “Хангарьд”- ын Ч.Баярмагнай 73 кг-д хоёр дахь медалиа авлаа. 81 кг: Энэ жинд өмнө нь улсын аварга болсон нэг ч бөх барилдаагүй тул шинэ аварга төрөх нь тодорхой байлаа. Өмнөх жилүүдэд амжилтаар хам гийн тогтвортой байсан, сүү лийн үед хилийн чанадад түлхүү барилдсанаар нь О.Ууганбаатар, Р.Анхбаатар, Б.Амбасэлмаа нарт олонх итгэл хү- лээлгэж байсан ч тэдний хэн нь ч биш, харин багш нарын анхаарлын гад на үлддэг Г.Түвшинжаргал түрүүлсэн. Өнгөрсөн жил Д.Нямхүүд ялагдан мөнгөн медаль хүртэж байсан Б.Амбасэлмаа энэ удаа аанай л дэд аварга болов.
Хагас шигшээд О.Ууганбаатартай барилдахдаа өрсөлдөгчийнхөө зайлж мушгисан мэхэнд нь тогтох гээд цээжиндээ гэмтэл авсан тэрбээр аваргын төлөө барилдаанд Г.Түвшинжаргалыг хожих тун дөхсөн. Юүко үнэлгээ алдаад байсан Б.Амбасэлмаа цагийн дохио дуугарахтай зэрэгцэн давуулж шидээд оноогоо тэнцүүлсэн юм. 90 кг: Булганы хоёр жүдоч түрүү булаацалдсан барилдаанд Э.Энхбат шүүгчдэд арай идэвхтэй харагдаж, торгуулиар ялсан. Түүний хувьд 2008 онд улсын аварга болж байв.
Өнгөрсөн жил энэ жинд үзүүрлэсэн С.Батбаяр хагас шигшээд Э.Энхбатад ялагдан хүрэл дээр буусан бол нөгөө хүрлийг Г.Дашдаваа туршлага заан авсан. “Афин-2004” олимпийн наадамд 66 кг, “Бээжин-2008”-д 73 кг-д барилдаж байсан Г.Дашдаваа өнгөрсөн жил 81 кг-д хүч үзэж байсан бол энэ удаа бүр 90 кг-д зодоглоод медаль хүртлээ. Медалийн төлөө барилдаанд тэрбээр Б.Жанчивдоржийг сугадаж тонгороод цэвэр буулгасан. -100 кг: Өнгөрсөн жилийн УАШТ-ий аваргын төлөө барилдаанд тулснаас хойш дотооддоо “Шигшээ 8”, олон улсын хэмжээнд “Чингис хаан” болон саяхан Унгарын Будапештэд болсон Дэлхийн цомд тус тус түрүү булаацалдан, оны өмнөхөн Чиндаогийн Гранприд медалийн төлөө барилдаж байсан Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нарын ээлжит финалд олимпийн аварга илүүрхлээ.
Өнгөрсөн жил Монголд болсон Дэлхийн цомоор дэлхийн аварга Хван Хи-Тэг боох мэхээр ухаан алдуулж, бөх сонирхогчдын танил бол сон Э.Тулга хүрэл медалийн төлөө барилдаанд “Хонконг-2009” Зүүн Азийн наадмын хошой медальт Б.Батсуурьт ялагдсан. +100 кг: Заал, танхимын барилдаанд улсын цолтнуудыг хазайлгах нь олон болсон Г.Намсрайжав харцагын хүү аймгийн начин Н.Батсуурь жүдогийн УАШТ-д анх удаа зодоглоод түрүүллээ.
Өмнөх жилийн аварга Б.Сугаржаргалыг баруун хавирч вазаригаар унагаад үргэлжлүүлж даран хожсон тэрбээр хагас шигшээд Х.Мөнхбаатарыг сөхр үүлэн финалд шалгарсан. Нөгөө талаас заан М.Өсөхбаярыг жийх мэхээр нүд ирмэх зуур цэвэр буулгаж, А.Даваанямыг хагас шигшээд ялсан Б.Төгөлдөр гарч ирэв. Хэн ялсан нь анх удаа улсын аварга болох хоёр жүдочийн барилдаан нэмэлт цагт шийдэгдэж, Б.Төгөлдөрийн мэхийн алдаатай оролдлогыг даацтай тохож хариулсан Н.Батсуурь алтан медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөө барилдаанд А.Давааням Д.Ганхуягийг баруун тохоод, М.Өсөхбаяр Х.Мөнхбаатарыг шилдэж дараад хутгаж тус тус цэвэр ялсан.
Ийнхүү эрэгтэйчүүдийн долоон жингийн талаас илүүд нь шинэ аварга төрлөө. Х.Цагаанбаатар зургаа, Н.Түвшинбаяр дөрөв, Э.Энхбат хоёр дахиа түрүүлсэн байна. Эмэгтэйчүүдийн хувьд онц гойд сенсаац гаралгүй, жингийн тэргүүн бөх чүүд нь алтан медаль гардлаа. Гавьяат тамирчин Д.Цэрэнханд, ДАШТ-ий медальт М.Бундмаа нар ес дэх удаагаа улсын аваргад түрүүлсэн бол П.Лхамдэгд найм, Ц.Мөнхзаяа долоо дахь алтан медалиа зүүжээ.
Хамгийн хөнгөн жинд М.Уранцэцэг хошой аварга болсон. 70 кг-д түрүүлсэн Ц.Наранжаргалын хувьд гурав дахь жилдээ дараалан финалдаж байж анхны түрүүгээ авлаа. Тэрбээр 2009 онд -78 кг-д хүч үзэж, аваргын төлөө барилдаанд Я.Дулмааг вазари үнэлгээгээр хожиж яваад гэнэ алдан даруулаад ялагдсан бол өнгөрсөн жил О.Мөнхцэцэгийг хөнгөхөн хөмрөөд далаар нь буулгасан ч мэхээ толгойгоороо тулж хийсэн тул хансокү торгууль хүлээн хожигдож байв. Энэ удаа ч барилдааны эхэнд хүзүүнд гэмтэй буруу техникээ хийж харагдсан.
57 кг-д “Хүч”-ийн хоёр бөх түрүү булаацалдан, Ц.Цэрэннадмид хантэйгаар яллаа. 2009 онд “Чингис хаан” Дэлхийн цомд түрүүлсэн ч хориотой эм, бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдон барилдах эрхээ хасуулаад байсан тэрбээр ийнхүү анх удаа улсын аварга боллоо. “ЖЕМ Интернэшнл” компаниас жил бүрийн УАШТ-д шилдгийн шилдэг бөхийн “IPPON TROPHY” шагналыг гардуулдаг. Тус компани энэ удаа 52 кг-ын аварга М.Бундмаа, 60 кг-ын түрүүт Д.Төмөрхүлэг нарт нэр хүндтэй энэ шагналыг олголоо.
Түүнчлэн Булган аймгийн жүдо бөхийн холбоо, бодибилдинг, фитнессийн “All Masters” клубээс 73 кг, 81 кг-ын аваргуудад тус гай шагнал хүртээж, сая орчим төгрөгийн үнэ бүхий амин дэмийг өгөв. Мөн орон нутагт эмэгтэйчүүдийн жүдо бөхийг хөгжүүлэх эхлэлийг тавьсан Эрдэнэтийн дасгалжуулагч Я.Батсуурьт нутгийнх нь жүдочдыг төлөөлөн “MONG” компанийн захирал Л.Дөл гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулсан юм. Ахмад тамирчин Я.Батсуурь нь гавьяат тамирчин Х.Батхишиг нарын олон шилдэг тамирчдыг төрүүлэн гаргасны зэрэгцээ 1993 онд эмэгтэйчүүдийн анхдугаар УАШТ-ийг Эрдэнэтэд (медалийг нь өөрөө зорж хийсэн гэдэг) гардан зохион байгуулж байжээ.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Эрэгтэй
60 кг (31 бөх): 1.Д.Төмөрхүлэг (ОБЕГ-Женко) 2.Ч.Болдбаатар (Женко) 3.С.Батгал (Хүч), О.Чинбат (Хилчин) 5.Д.Баярмагнай (Алдар), Д.Амартүвшин (Хилчин) 7.Г.Отгонбаяр (Алдар), Б.Дамланпүрэв (Хүч)
66 кг (26): 1.Х.Цагаанбаатар (Сүлд) 2.С.Мияарагчаа (Хүч) 3.Б.Хишигбаяр (Алдар), Н.Хадбаатар (Хангарьд) 5.Ц.Нарантогтох (Хонгор), Б.Батгэрэл (Баянзүрх) 7.Д.Жаргалбат (Хилчин), Б.Мөнх-Оргил (Баянгол)
73 кг (29): 1.Г.Одбаяр (Женко) 2.О.Болд-Эрдэнэ (Хилчин) 3.Ч.Баярмагнай (Хангарьд), Г.Пүрэвдорж (Эрч) 5.Б.Баянмөнх (Олимп), Батзориг (Хүч) 7.Б.Чулуунбаатар (Хүч), Д.БатЭрдэнэ (Эрч)
81 кг (16): 1.Г.Түвшинжаргал (Хилчин) 2.Б.Амбасэлмаа (Хангарьд) 3.Х.Цогтгэрэл (Хүч), Н.Дагвасүрэн (Хүч) 5.Г.Гансүх (Аварга), О.Ууганбаатар (Алдар) 7.Ч.Мөнхбаяр (Сонгинохайрхан), Р.Анхбаатар (Алдар)
90 кг (12): 1.Э.Энхбат (Хангарьд) 2.Б.Ариун-Эрдэнэ (Женко) 3.С.Батбаяр (Олимп), Г.Дашдаваа (Хилчин) 5.Л.Бат-Эрдэнэ (Вагнер Ази), Б.Жанчивдорж (Хүч) 7.Б.Гончигжав (Баянзүрх)
-100 кг (21): 1.Н.Түвшинбаяр 2.Б.Тэмүүлэн (хоёул “Женко”) 3.Б.Буянбат (Хангарьд), Б.Бат-Орших (Хонгор) 5.Э.Алтангэрэл, Э.Тулга (хоёул “Хилчин”) 7.Д.Пүрэвдорж (Сүлд), Б.Буянмөнх (Хонгор)
+100 кг (17): 1.Н.Батсуурь 2.Б.Төгөлдөр (хоёул “Сүлд”) 3.А.Давааням (Хөвсгөлийн хүчтэн), М.Өсөхбаяр (Хилчин) 5.Д.Ганхуяг (Алдар), Х.Мөнхбаатар (Сүлд) 7.Х.Элдэв-Очир (Хүч), Т.Далайням (Хилчин)
Багийн дүн: 1.“Женко” (дасгалжуулагч Г.Энхбаяр)-36 оноо 2.“Хилчин” (Д.Пүрэвсүрэн, Р.Лувсанпүрэв)-19 3.“Хангарьд” (Ш.Бат-Орших)-15
Эмэгтэй
48 кг (8): 1.М.Уранцэцэг (Женко) 2.М.Долгоржав (БТСДуС) 3.Э.Номин (Баянзүрх), О.Анужин (Тэмүүжин) 5.Ц.Хандсүрэн (Женко), Г.Отгонцэцэг (Тэмүүжин)
52 кг (10): 1.М.Бундмаа (Хүч) 2.Т.Амаржаргал (Алдар) 3.Б.Солонго (Хилчин), О.Лхагвахүү (ОБЕГ) 5.А.Маралмаа (ОБЕГ), Г.Саранзаяа (Баянзүрх)
57 кг (10): 1.Ц.Цэрэннадмид 2.Т.Баттөгс (хоёул “Хүч”) 3.Т.Мөнгөнтуяа (Баянгол), Д.Сумъяа (Хилчин) 5.А.Батзул, Х.Ардахан (хоёул Баянзүрх)
63 кг (11): 1.Ц.Мөнхзаяа (Хүч) 2.Г.Чимэдноров (ОБЕГ) 3.Б.Мөнгөнчимэг (Баянзүрх), С.Энхзаяа (Алдар) 5.Э.Хандармаа (Баянзүрх), Энхчимэг (Хилчин)
70 кг (7): 1.Ц.Наранжаргал (Женко) 2.Ц.Цэрэнханд (Хилчин) 3.О.Мөнхцэцэг (ОБЕГ), Б.Мөнхцэцэг (Сонгинохайрхан) 5.Э.Аззаяа (Хүч), М.Цэндсүрэн (Дархан)
-78 кг (6): 1.П.Лхамдэгд (Женко) 2.Д.Мөнхтуяа (Баянгол) 3.М.Сугар (Хилчин), Н.Нямтуяа (Хонгор) 5.М.Ууганжаргал (Баянгол), Э.Цэвэг-Очир (Баянзүрх)
+78 кг (10): 1.Д.Цэрэнханд (Алдар) 2.Б.Мөнхтуяа (Хилчин) 3.Я.Согоо (Алдар), Б.Уянга (Женко) 5.О.Жавзмаа (Хилчин), Д.Золжаргал (Баянзүрх)
Багийн дүн: 1.“Хүч” (Ц.Очирбат, Н.Баатарболд)-26 2.“Женко” (Ш.Цэвэлмаа)-24,5 3.“Хилчин” (Д.Пүрэвсүрэн, Р.Лувсанпүрэв)-20,5
Ж.БАТМӨНХ
loading...






batsuuri ter sugaraag yvar goy hojvoo
loading...
za sain bna u bux kotkos yaj yaj sugalaa taarsaniig taviad ogochee
loading...