Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын хөлбөмбөг, Онцлох, Үндэсний шигшээ баг » ЧОНО ҮҮРЭНДЭЭ ӨЛЗИЙТЭЙ ГЭДЭГ Ч …

GD Star Rating
loading...

Монгол Улсын шигшээ багийн “Челленж цом” тэмцээнд оролцох гэсэн хоёр дахь оролдлого мөн л бүтэлгүйтлээ. “Талын хөх чононууд” өчигдөр улсынхаа нийслэл Улаанбаатар хотод Азийн хөлбөмбөгийн холбооны энэхүү тэмцээний сонгон шалгаруулах бүсийн хариу тоглолтыг Филиппиний багийн эсрэг хийсэн. Манайхан сар гаруйн өмнө Баколод хотод болсон эхний тоглолтод 0:2-оор хожигдоод байсан тул энэ удаа гурав ба түүнээс олон бөмбөгний зөрүүтэй ялах амаргүй даалгавартай талбайд гарсан юм.

МХБХ энэхүү тоглолтод ихээхэн ач холбогдол өгч, өндөр түвшинд зохион байгуулахыг чармайсан нь тод анзаарагдсан. Тасалбар худалдаж авсан үзэгч бүрт “Уухай” гэсэн бичигтэй хөгжөөн дэмжигчийн футболк, Монгол Улсын жижиг далбаа бэлэглэсэн. Түүнчлэн үзэгчдийн суудлыг гурав хувааж хоёр захаар нь улаан, төвд нь хөх хувцастай дэмжигчдээ суулгасан нь төрийн далбааг санагдуулж байв. Энэ өдөр хөх толбот монголчууд төрийнхөө далбааг олон зүйлээс харж болохоор байлаа. Шигшээ баг шинэ загварын өмсгөлтэй талбайд гарсан. Улаан футболк, цэнхэр шорт, улаан оймстой тоглолтын хувцастай байсан бөгөөд хэн ч харсан “Монголын баг тоглож байна” гэх сэтгэгдлийг төрүүлэхээр байв. Түүнчлэн хөтлөгчдийг дурдахгүй өнгөрч болохгүй. “ТВ коктейль” хамтлагийн жүжигчид тоглолт эхлэхээс дуустал үзэгчдийг хөгжөөсөн юм. Тэд үзэгчдээс “Филиппиний багийн хочийг “Золбин ноход” гэдэг юм байна. Харин Монголын багийг “Хөх чононууд” гэдэг. “Хөх чононууд” “Золбин ноход”-ыг барих уу” хэмээн асууж, цөсийг нь хөөргөж өгсөн. Энэ мэтчилэн олон зүйл сэдсэн нь үзэгчдийн сэтгэлд гойд нийцсэн. Өмнө нь Улаанбаатарт болж байсан тоглолтуудын үеэр хөгжөөн дэмжигчид жаахан тааруу тоглох нэгнийгээ гоочилдог байсан. “ТВ коктейль”-ийнхэн ч үүнийг мэдэж байсан тул “Хэрвээ манай хэн нэгэн тоглогч бага зэргийн алдаа гаргавал “Наадахаа соль, суулга” гэж битгий зэмлээрэй” хэмээн захиж байв.

Энэ жил 20 нас хүрч буй Ц.Ганбаяр шигшээ багийн хаалгыг манаж, хамгаалал­тын шугамд О.Очбаяр, Ц.Энхжаргал, Д.Лүмбэнгарав, С.Од­хүү нар хосолсон. Өмнөх тог­лол­тод үүргээ гялалзтал бие­лүүлсэн О.Очбаярыг эс тооцвол бусад гурав нь баргийн юманд тэвдэхээргүй болсон туршлагатай. Дасгалжуулагч С.Эрдэнэбат дундын шугамд Ц.Түмэнжаргал, А.Чинзориг, Б.Гарьдмагнай, Н.Цэдэн­бал нарыг илгээжээ. Ц.Түмэн­жаргалын баруун, Н.Цэдэн­балын зүүн жигүүрээс өгөх алсын дамжуулалт хэрэг болно хэмээн үзсэн нь лав. Харин галын шугамд шилдэг довтлогч Г.Төгсбаяртай Э.Ганзориг хосолсон. Э.Ганзориг яг цэвэр довтлогч биш тул Г.Төгсбаярын ардхан, туслах довтлогчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Манайхан хөгжөөн дэмжигчдийн уухайн дор тоглолтыг эхлүүлсэн ч өмнөхийн адил алдаа гаргаж, эхний гоолыг алдаж орхив. Өмнөх тоглолтод манай хаалганд гайхалтай гоол хийж байсан Емелио Калигдонг ур чадвар сайтай нэгэн болохоо харуулж, зүүн жигүүрт бужиг­нуулсан. Тэрбээр хэд хэдэн хамгаалагчийг хуурч, хаалга руу цохисныг Ц.Ганбаяр хаасан ч бөмбөгийг ганц хүрэлтээр барьж чадсангүй. Ойгоод ирсэн бөмбөгийг хоёр Янгхусбандын дүү нь болох Жеймс чихэж, эхний гоолыг хийсэн билээ. Тэрбээр тооны харьцааг нээснийхээ дараа сэтгэлийн хөдөлгөөнөө ил тод гаргаж, талбай дээгүүр нисэх мэт гүйсэн. Гоолын баяраа иймэрхүү маягаар тэмдэглэх нь тухайн багт сэтгэлзүйн давуу байдал үүсгэж, өр­сөлдөгчийнх нь тоглолтыг эвддэг. Дөнгөж дөрөв дэх минутад гоол алдсан нь манайханд бүр ч хүнд туссан. Учир нь зөрүүлж дөрвөн гоол хийж байж ирэх жил болох шигшээ тэмцээнд оролцох болсон юм.

Яг энэ үед тоглолтыг зорин ирсэн 3000 гаруй хөгжөөн дэмжигч “Монгол, Монгол, Монгол” хэмээн орилж, шигшээ багтаа урам өгсөн билээ. Хүндхэн даалгавартай болсон манайхан сэтгэлээр унасангүй. Үүний дараахан манайхан эсрэг багийн торгуулийн талбайд үзэгдэх нь олширсон. Ялангуяа зүүн жигүүрээс Н.Цэдэнбал дов­толж, эсрэг багийн зүр­хэнд шар ус хуруулж байлаа. Солгой хөлт хагас хам­гаа­лагч гоол хийх цөөнгүй боломж гаргасан ч төгсгөл хийх учиртай Э.Ганзориг, Г.Төгсбаяр нар эцсийн мөчид азгүйтээд байв. Харин энэхүү хүнд хэцүү үед Д.Лүмбэнгарав багийн ахлагч хүн ямар байхыг яруу тодоор харуулж, нас залуу, цус шингэн багтаа урам хайрласан. Манайхан хаалганаас 30 гаруй метрийн зайнаас чөлөөт цохилт гүйцэтгэх эрх олж авч, эндээс ирсэн бөмбөгийг хаалганы өмнө ганцаар зогссон Д.Лүмбэнгарав цохиж, тооны харьцааг тэнцүүлсэн билээ. Филиппинчүүд зохиомол отон тоглолт хийх гээд бүтэлгүйтсэн юм. Гоол гэдэг ид шидтэй зүйл болохоор манай баг ч сэргээд ирсэн. Үүнээс арван хормын дараа Д.Лүмбэнгаравын арын шугамаас өгсөн дамжуулалтыг Г.Төгсбаяр хүлээн авч, торгуулийн талбайд нэвтрэх үед эсрэг багийн тоглогч татаж унагалаа. Солонгос шүүгч эргэлзэлгүй торгуулийн цохилт заасан ч “хэрэгттэн”-г улаан байтугай шар хуудсаар ч торгоогүй билээ. Ерөнхийдөө талбайн шүүгчид үүргээ хангалтгүй гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй. Эсрэг багийн тоглогчид анхнаасаа цаг барьж, бөмбөг тоглолтод оруулахдаа хүртэл удаж төдөж байсны хариуд сануулах, хуудсаар торгохын алийг ч хийгээгүй нь хачирхалтай. Олон гоол хэрэгтэй багт иймэрхүү үйлдэл ихээхэн хор учруулдаг билээ. Талбайд нэг зэрэг хоёр бөмбөг ороод ирсэн үед ч шүүгч нар анзааралгүй тоглолтыг үргэлжлүүлж байсан юм.

Пенальтиг шигшээ багийн дэд ахлагч Б.Гарьдмагнай гүйцэтгэх болсон. Стандарт цохилт гүйцэтгэхдээ гаргуун түүнийг бөмбөгний ард ирэхэд хөлбөмбөгийн хорхойтнууд “Тооны харьцаа 2:1 боллоо” хэмээн бодсон нь лав. Гэвч Б.Гарьдмагнайн хаалганы зүүн булан руу цохисон бөмбөгийг хаалгач Эдуард Сакапано зөв тааж үсэрсний дүнд хаасан. Харин ойгоод ирснийг Гарьдаа нэмж цохисноор тооны харьцаа 2:1 болсон билээ. Эхний хагасын төгсгөлд манайхны тоглолт орж, довтолгоо илүү эмх цэгцтэй өрнөж байлаа. Гэвч тоглолтын гурав дахь гоолоос хойш удалгүй нэгдүгээр үе өндөрлөсөн. Үеийн завсарлагаанаар хөтлөгчид ч үүргээ гүйцэтгэж байлаа. Тэд үзэгчдээс “Халуун элгэн нутаг” дууг хувцас солих өрөөнд байгаа шигшээ багийнхандаа дуулдтал дуулахыг хүссэн. Манайхан ч хоолой мэдэн дуулсан билээ.

Ингээд сүүлийн хагас эхэлсэн. Харамсалтай нь болж эхэлж байсан манай багийн тоглолт завсарлагын дараа үгүй болжээ. Өнөөх эмх цэгцтэй довтолгоо харагдахаа байж, талбайн голд ихэнх бөмбөгөө таслуулж байв. Зочин нь баг ч илт хойш сууж тоглосон нь нөлөөлсөн. Манайхан энгийн гэмээр алдаа цөөнгүй гарсан нь харамсалтай. Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, тоглогчид үүнийг тоглолтыг дараах хэвлэлийн бага хурал дээр ийн тайлбарласан. “Шигшээ баг нутагтаа, ийм олон үзэгчийн өмнө төдийлөн тоглоод байдаггүй. Тиймээс сандарч, биеэ барих зүйл байсан” хэмээсэн юм.

Энэ үед Монголын багийн хамгийн аюултай довтолгоо Г.Төгсбаяр гүйцэтгэсэн. Тэрбээр зүүн жигүүрээс ирсэн алсын дамжуулалтыг эсрэг багийн хаалгачтай тэмцэлдэн байж эвгүй өнцгөөс мөргөсөн. Энэхүү бөмбөг явсаар хаалганы хөндлөвч оносон билээ. Төгсөө өөрийгөө ямархуу өндөр зэрэглэлийн довтлогч вэ гэдгээ дахин баталсан. Чухамхүү тэр л сүүлийн арваад жилийн хугацаанд шигшээ багийн довтолгооны ачааг нуруундаа үүрсэн ирсэн юм. Харамсалтай нь түүний бэртэл сэдэрсэн тул сэлгээнд сууж, оронд нь Б.Анар талбайд гарч ирсэн. Б.Анар зүүн жигүүрт хамгаалснаар С.Одхүү төвийн хамгаалалт руу орж, багийн ахлагч Д.Лүмбэнгарав довтолгоонд хүч нэмэх болов. Харамсалтай нь манай багт дахиж хоёр гоол хийхэд цаг хүрэлцсэнгүй. “Хөх чононууд” 2:1-ээр илүүрхсэн ч хоёр тоглолтын нийлбэрээр ялагдал хүлээв /2:3/. Хэрвээ тоглолтын эхэнд гоол алдаагүй бол нийлбэр дүн тэнцэж, нэмэлт 30 минут үргэлжлэх байлаа. “Дельта сервис” компани “Man of the match” буюу тоглолтын шилдгээр Д.Лүмбэнгаравыг тодруулж, сая төгрөгөөр шагнасан нь нүдээ олсон шийдвэр байлаа.

 

Монгол – Филиппин 2:1

Гоол: Д.Лүмбэнгарав 22, Б.Гарьдмагнай 35 – Жеймс Янгхусбанд 4

Монгол /4-4-2/: Ц.Ганбаяр, О.Очбаяр-Ц.Энхжаргал-Д.Лүмбэнгарав-С.Одхүү, Ц.Түмэнжаргал /А.Эрдэнэбаяр 89/-А.Чинзориг-Б.Гарьдмагнай-Н.Цэдэнбал, Э.Ганзориг /З.Баттулга 63/-Г.Төгсбаяр /Б.Анар 80/

Ерөнхий шүүгч: Ко Хюн-Жинь /БНСУ/

Захын шүүгч: И Жун-Минь /БНСУ/, Жен Вейсян /БНХАУ/

Дөрөвдүгээр шүүгч: Ма Нин

Шар хуудас: Д.Лүмбэнгарав 40 – Ж.Янгхусбанд 43, Гритвич 59, Борромео 80

Улаанбаатар, МХБХ-ны төв талбай, 3000 үзэгч

GD Star Rating
loading...
ЧОНО ҮҮРЭНДЭЭ ӨЛЗИЙТЭЙ ГЭДЭГ Ч ..., 8.9 out of 10 based on 17 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. kyazga_s says:

    manaihan sain bsaan daanch azgui l bailaa.daraagiinh-d oroh bhaa

    GD Star Rating
    loading...
  2. e says:

    ganzorigiin hajuud selenge pressiin enkhtaivan hamaagui deer shdee jil bolgon tugsuutei ijel gooltai bdag shdee daanch holboo shildegiin ugdugui bolhoos turuu jil 16 16 gooltai ternii omoh jil 1717 biluu bas tentsuu bsan

    GD Star Rating
    loading...
  3. keisuke says:

    mergejliin league gui ,mergejliin coach gui iim shigshee bag gj yuu bhawde, 5,6 jiin umnuhtei yag adil durtai hunee songoj togluuldag zgr neg club shig l bag bzdee, tugsuu sain dowtlogchoo, huuhed bh uyesee olon temtseend ursulduj irsen, yalj yalagdaj l bsn ,,,
    iimerhu bdlaar football hugjij bn ntr gj bas ene ur dungui hojil ntriig mgl yallaa gsn yum boliosoi ,,, unheer ichmeer sanagdjiin ,,

    GD Star Rating
    loading...
  4. mongol says:

    chi zgr zailaa. chamd taalagdah gj togloogui. icheed bgaan bol yavaachdee. esvel duugui uuriinhuu gadaad bagiig demj za agaan duu. hunii bagiin togloltond bitii hoshuu dureed bai

    GD Star Rating
    loading...
  5. toglogch says:

    Битгий солиорцгоо муусайн юмнууд. Хичнээн тэр Барса, Арсеналаас чинь долоон дор байсан ч хамаагүй би Үндэснийхээ шигшээ багийг дамжсээр байх болно. Одоо муу байна. Сайн болох цаг ирнэ. Монголын, дэлхийн нийт бүх Монголчуудын хүлээж байгаа манай шигшээ баг мандтугай !!!!

    GD Star Rating
    loading...
  6. keisuke says:

    hehe mndah boltugai ,,, triig ene nasandaa chi uzehguie mongoloo ,,,,
    huiich bag bish , tsagtsaa my bag ch bsiin, ghdee unen yum gj bhgui bag yuunii undesnii shigshee bhawdee,,,

    GD Star Rating
    loading...
  7. javhaa says:

    neeree nileed heden engiin gemeer aldaa gargasan shvv teriigee zasah heregtei. lumbengaraw mash sain togloson maldini l gsn vg

    GD Star Rating
    loading...
  8. 1 says:

    Манайхнаас Төгсбаяр, Цэдэнбал, Лүмбэнгарав нар сайн тоглосон. Төгсбаяр урд талд маш сайн тоглосон гэж бодож байна. Анхны төрсөн сэтгэгдэл энэ байлаа. Бичлэгийг нь дахиж үзвэл, хэн хаана юу хийж явааг нь харвал улам тодорхой болох байх. Манай богины дамжуулалтууд арай ч дээ гэмээр байлаа. Дамжуулалт хийж чадахгүй, таслуулаад байсан. Мөн манай хамгаалалтын шугам руу 3-4 хүн шахаж орж ирэх тохиолдолд гоол алдах өндөр магадлалтай дүр зураг ажиглагдаж байна. Харахад бүх дамжуулах хувилбарыг нь хаагаад байх шиг харагдсан. Түүн дээр нь манайх удаан, дамжуулалт нь ч удаан, оновчгүй болохоороо урагш нь цөлөх юм уу, хажуу тийш гаргах л үлдээд байх шиг байгаан. Эхний тэр хэдэн минутын дүр зураг хойд солонгостой тоглодог дүр зурагтай маш адилхан харагдсан. Хойдууд ч бас ингэж хурдтай, манай хамгаалагч нарыг шахаж, дамжуулалт хийх аргагүй болгож орж ирж байсан. Энэ тохиолдолд яах вэ, яаж олон газар нээгдэж өгөх вэ, яаж оновчтой дамжуулалт хийх вэ гэдгээ бодмоор юм билээ. Нээгдэж өгнө гэдэг их чухал, оновчтой дамжуулалт хийнэ гэдэг ч бас чухал. Дамжуулалт хийхдээ таслуулахгүй байхаа мэдэж байж дамжуулалт хийх хэрэгтэй. Дамжуулалт оновчгүй болоод эхлэхээр нь ингээд олон оноогоор хожигддог юм байжээ гэж бодлоо. Гэтэл манай алсын эсвэл дундын ч гэмээр юм уу дамжуулалтууд оновчтой болж эхэлсэн. Харахад ердөө маш энгийн дамжуулалтууд байсан. Яаж ингэж дамжуулаад байнаа гэж гайхсан шүү. Урд байгаа хүндээ ихэвчлэн жигүүрээр өгөөд байх шиг байсан. Ур чадвар өндөртэй багт олон хожигдсоноос ч болсон юм уу манай тоглолтын арга барил тун сонин болсон шиг харагдаж байна. Олуулаа хамгаалж байгаад бөмбөг авангуутаа дундын дамжуулалтаар урд жигүүрт байгаа хүн лүүгээ гаргаж өгөөд байгаа юм уу хаашаа юм. Ер нь тун энгийн бөгөөд эвгүй л харагдаад байсан даа. Одоо сургалтан дээрээ анхаарах хэрэгтэй болсон байна. Ойрын дамжуулалт хурдан хугацаанд оновчтой хийж суралгүй, хурдан байрлалаа эзэлж нээгдэж суралгүй бид нар хол явахгүй байхаа. Ур чадвар өндөртэй багтай тоглоход тэд хурдан байна, дамжуулах замыг хурдан хаана, муу дамжуулалтыг хурдан таслана тэгэхэд бид хурдан нээгдэж хурдан, оновчтой дамжуулалт хийгээд сурчихвал ч. Бас хүчтэй дамжуулалтыг хүлээж авч сурах хэрэгтэй л дээ. Төөр тэнд өөрөөсөө ойлгож хүлээж аваад, эсвэл өмнөө бууж ирж байгаа бөмбөгийг ойхыг нь хүлээгээд зогсоод байвал ч хэрэг алгаа. Гадны тоглолтуудыг сайн үзэх хэрэгтэй, тэд нар яаж нээгдэж, яаж дамжуулж байна, хэн хэн хаана яаж гүйж байна, энэ чинь амьд сурах бичиг.

    GD Star Rating
    loading...
  9. ss says:

    neeree sanal 1 bn tsedenbal tugsuu lumbee ah nar l sain togloson lumbee ch unen mongoliin bagiin nuur tsarai yumaa haayaa tugsbayar urd gantsaardaj bna lee shuu

    GD Star Rating
    loading...
  10. no says:

    Manaid Holbombog hogjohgui baigaa n tamirchid denduu bogino uliraltai baigaagaas bolj baina. yadaj 4 saraas 10 sar hurtel tasraltgui togloh heregtei. Odoo bolohoor 8-9 sard l togloj baina. Манай лиг дэндүү орой эхэлдэг юм биш уу? ойрхон байдаг Казакстан, Орост али 3 сарын эхээр эхэлсэн байна. Орост гэхэд Сибирт ч одийд тоглож л байна. Казакстан, Сибирт одоо -10-0 хэм орчим байна. Манайд 4 сарын дундуур эхлэхэд юу н болохгуй байгаа юм бол? Бараг одоо ч эхэлсэн ч болно. Хол бомбогоо сайн хогжуулиэ гэж байгаа бол 4 сараас 10 сар хуртэл манай лиг байнга явагдаж байх ёстой шуу. Англи Гэрман энэ тэрд бас л 1 сард шавар цасанд тоглоод болоод л байдаг штээ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: