Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Уран гулгалт, Өвлийн спорт » Уран гулгалтын ДАШТ Японд болох уу

GD Star Rating
loading...

Их үзэгчтэй спортын тоонд уран гулгалт зүй ёсоор багтдаг. Мөсөн дээр бүжих оддын бахдам үзүүлбэрийг газар дээрээс нь сонирхох хүсэлдээ хөтлөгдсөн олон мянган хүн олимпийн наадам, ДАШТ-ий халуун цэгийг зорьдог билээ. Тиймээс Японы төр засаг гуравдугаар сарын 21-27-нд Токио хотноо болох ДАШТ-д өндөр ач холбогдол өгч байна. Тус тэмцээний тасалбар худалдаанд гарсан бөгөөд шууд дамжуулах эрхийг телевизийн зарим томоохон компани аль хэдийнэ өвөртөлжээ.

Зохион байгуулагчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ихээхэн ашиг олно гэдэгт найдаж байсан ч арлын оронд нүүрлэсэн байгалийн гамшиг төлөвлөгөөг нураах дөхөв. Учир нь уран гулгалтын “олимп”-ийг цуцлах яриа олны дунд тархаад байгаатай холбоотой. Харин Японы талаас энэ мэдээллийг няцаасан бөгөөд аюулгүй байдлыг сайтар хангасан учраас санаа зовох хэрэггүйг тамирчдад сануулсан. Харин Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-ноос одоогоор ямар ч хариу өгөөгүй байна.

Мэргэжилтнүүд 50 жилийн өмнө Прагт болсон ДАШТ-ий үеэр америк гулгагчдын байрны ойролцоо бөмбөг дэлбэрч, олон хүн хэлмэгдсэн гашуун түүх энэ удаа давтагдах вий гэж болгоомжилж буйгаа илэрхийлжээ. Энэ удаагийн ДАШТ-д 45 улсын 199 тамирчин өрсөлдөх мэдүүлгээ ирүүлсэн боловч Германы шигшээ баг Токиод өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёронтаа түрүүлсэн, Гранпри тэмцээний аварга, Европ тивийн алтан медальт Алена Савченко-Робин Шелкова тэргүүтэй одод ийнхүү Токиогийн мөснөө хүч сорихгүй нь.

Гуравдугаар сарын 19-нд Токиог зорихоор төлөвлөөд байсан ОХУ-ын шигшээ багийнхан ч бас дээрх жишээг дагаж магадгүй гэнэ. Гэхдээ Фукуокод бэлтгэл хийж байгаа хос гулгагч Татьяна Волосожар-Максим Транкьова нарын эр зориг нөхдөдөө нөлөөлж болох талтай. Тэгвэл Европын аварга, франц бүсгүй Флорана Амодио ДАШТ-ийг өнжих “өргөдөл”-өө Уран гулгалтын холбоондоо хоёр хоногийн өмнө өгсөн байна.

Хэдий тийм боловч дэлхийн аварга Дайсуке Такахаши, Мао Асада, Мики Андо тэргүүтэй япон залуус нутгийнхаа мөсөн талбайд гялалзана гэдэгтээ итгэсэн хэвээр. “Би ДАШТ-ийг тун сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Японы ард түмэн ямар зоригтой, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс болохыг уг тэмцээн харуулна.

1964 оны олимп болж байсан “Yoyogi” цэнгэлдэх хүрээлэнд зорилго нэгт нөхөд маань чуулна гэдэгт найдаж байна” гэж Такахаши өгүүлжээ. Уран гулгалтын ДАШТ “бууриа сэлгэвэл” дөрөвдүгээр сарын 14-17-нд Йокогам хотноо болох уран сайхны сэлэлтийн ДАШТ ч бас цуцлагдаж магадгүй.

GD Star Rating
loading...
Уран гулгалтын ДАШТ Японд болох уу, 8.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: