loading...
2011 оны гуравдугаар сарын 19-20-ны өдрүүдэд ОХУ-ын Дагестан улсын нийслэл Махачкал хотод чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд өнгөрсөн ДАШТ-нд эхний 11 байр эзлэсэн багийн бөхчүүд өрсөлдсөн байна.
«А» хэсэгт Болгар, Киргиз, ОХУ, Узбек, Украин, «В» хэсэгт Азербайжан, Гүрж, Куба, Иран, Казакстан-Унгарын багууд таарч өрсөлджээ. Тэмцээн таван мянган үзэгчийн суудалтай А.Алиевийн нэрэмжит спорт цогцолборт болов.
Тэмцээнийг ФИЛА-гийн Ерөнхийлөгч Рафаэль Мартинетти, ФИЛА-гийн Товчооны гишүүн, Европийн хорооны дэд ерөнхийлөгч Георгий Брюсов, ФИЛА-гийн Товчооны гишүүн, ОБТХ-ны Ерөнхийлөгч Михаил Мамиашвили, ОХУ-ын Дагестан улсын Ерөнхийлөгч Магомедсалам Магомедов нар үзэж сонирхжээ.
Киргиз, Украиний багуудыг 7:0, Узбекийн багийг 6:1 онооны харьцаагаар хожсон ОХУ-ын баг шувтаргын барилдаанд Ираны багийг 5:2 онооны харьцаагаар ялж Дэлхийн цомын эзэн болсон бол Азербайжаны баг Узбекийн багийг 6:1 онооны харьцаагаар ялж гуравдугаар байр эзлэсэн байна.
Түрүүлсэн баг 100, хоёрдугаар байр эзэлсэн баг 60, гуравдугаар эзлэсэн баг 40 мянган ам.долларын шагнал авч эхний гурван байр эзлэсэн багийн ахлах дасгалжуулагч нар 3, 2, 1 мянган ам.долларын урамшуулал хүртсэн байна.
Дэлхийн цомын төлөө тэмцээний дүн
1. ОХУ-ын баг
2. Иран улсын баг
3. Азербайжан улсын баг
4. Узбек улсын баг
5. Куба улсын баг
6. Украин улсын баг
7. Казахстан-Унгарын хамтарсан баг
8. Киргиз улсын баг
9. Гүрж улсын баг
10. Болгар улсын баг
Чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө тэмцээн ОХУ-д 1992 онд Москвад, 2007 онд Красноярск, 2008 онд Владикавказ, 2010 онд Москвад зохиогдож байжээ.
Чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө тэмцээнд монголын бөхчүүд 1975, 1982, 1986, 1987, 1989 онуудад оролцож байсан ба 1989 онд Улаанбаатар хотод зохиогдож байжээ. Манай бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер Гомбын Хишигбаатар 1975 онд 48 килограммын жинд АНУ-ын Толедо хотод, Гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ 1986 онд 62 килограммын жинд АНУ-ын Толедо хотод, Гавьяат тамирчин Зэвэгийн Дүвчин 1989 онд Улаанбаатар хотод 90 килограммын жинд алтан медаль хүртэж байжээ. Манай эмэгтэй бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер О.Насанбурмаа 2009 онд БНХАУ-д 63 килограммын жинд мөнгөн медаль авч байжээ.
Дэлхийн цомын төлөө тэмцээнд 2009 оноос эхлэн бөхчүүдэд медаль олгохоо больж зөвхөн багийн дүн гаргадаг болжээ.
loading...



