loading...
NHL-ийн улирлын тоглолт өндөрлөх дөхөж байгаа болохоор багууд плей-оффт шалгарахын төлөө үхэн хатан тэмцэж буй. Ялангуяа Дорнод конференцэд байдал бүр ч эвгүй байгаа. Одоогоор “Баффало” плей-оффын сүүлийн байрт бичигдэж байгаа боловч араас нэхэгчдийн оноо тун ойрхон. Дээрх ганц эрхийн төлөө тэмцэж байгаа хэдийн нэг нь “Нью-Жерси Девилз” юм.
Бүрэлдэхүүндээ цөөнгүй шилдэг тоглогчийг багтаасан “Нью-Жерси”-г улирлын эхэнд аваргалах багуудын тоонд оруулж байсан ч эхний хагаст гайхмаар муу тоглож, хүснэгтийн хонгил хавьд тэнэж явсан. Харин Бүх оддын тоглолтоос хойш буюу хоёрдугаар сараас тэд формондоо орж, сүүлийн 20 тоглолтоос 15 ялалт байгуулаад байгаа юм. Тэдний энэ амжилтад орос довтлогч Илья Ковальчукийн үүрэг багагүй жин дарна.
Нэг хэсэг орон гаран тоглож байсан тэрбээр сүүлийн 24 тоглолтоос 23 оноо авч (13 гоол+10 дамжуулалт), бууж өгөх болоогүйгээг харуулсан. Түүний гайхалтай тоглолтын ачаар “чөтгөрүүд” бүсийнхээ 12 дугаар байрт, “Баффало”-гоос есөн оноо хоцорч байна. Тэдний хувьд плейоффт шалгарна гэдэг хэцүү ч одоогийн эрчээ алдахгүй байвал бас ч боломжгүй зүйл биш. Өнөөгийн нөхцөл байдлын талаар Илья юу гэж ярьсныг сонирхуулъя
-Танай багийн гол зорилго нь бүстээ зургаа, долдугаар байр эзлэх үү?
-Плей-оффт л шалгарч байвал наймдугаар байраар гарсан ч хамаа алга.
-Хэрвээ наймд бичигдвэл Овечкиний “Вашингтон”-той таарч магадгүй?
-Орос эрчүүдийн тулаан болбол хөгжөөн дэмжигчид баярлах байх. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. “Вашингтон” плей-оффт шалгарах нь тодорхой болсон бол манай байдал хүндхэн байгаа.
-Хүүхдүүд чинь таныг дэмжиж байна уу?
-Тэд арай л балчир байна. Гэхдээ Филипп, Артем хоёр надтай хамт хоккей үзэх дуртай шүү.
-Нэгдүгээр сард “Нью-Жерси” плей-оффын сүүлийн байраас 28 оноо хоцорч явсан. Хэрвээ тэр үед хоёр сарын дараа “чөтгөрүүд” эхний наймд багтана гэж хэн нэг нь хэлсэн бол түүнийг солиорчихож гэж бодох байсан уу?
-Үгүй дээ. Урт удаан улирлын явцад юу ч тохиолдож болно шүү дээ. Бид өөрсдийгөө сайжирна гэдэгт итгэж байсан. Мөн дасгалжуулагчаа сольсноор нөхцөл байдал хамаагүй дээрдсэн. Тэр үеэс л бид жинхэнэ багийн тоглолт үзүүлэх болсон. Хэдийгээр плей-оффт шалгарахад хэцүү ч бид эцсээ хүртэл тэмцэх болно.
Г.Баярсайхан
loading...



