Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, АС Рома, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » 77–хон саяар үнэлэгдсэн “Рома”

GD Star Rating
loading...

Сүүлийн арван жилийн хугацаанд Италийн хөлбөмбөгийн шилдэг багуудын нэг болон төлөвшиж, улмаар Буурал тивдээ томд тооцогддог клубүүдийн төлөөлөгч болсон “Рома” санхүүгийн хямралд орсон тул хөрөнгө оруулагчийн эрэлд мордоод удаж байна. Түүний эзэн нь багаа бүр сөхрүүлчихгүйн тулд, дээр нь өөрсдөө алдагдалд орохгүйн үүднээс орон орны пүүс компанитай хэлэлцээр хийсэн авч тодорхой үр дүнд хүрэхгүй байлаа. Тэгвэл шинэ худалдан авагчийн нэр дуулдаж эхлэв.

Дуулдахаар барах уу, худалдан авах нь тодорхой гэх баттай мэдээлэл түгж байна. Италийн хэвлэлүүдийн цацаж буй мэдээнээс Америкийн бизнесмен Томас Дибенедетто Италийн нийслэлийн багийг 77 сая еврогоор худалдан авахаар болжээ. Тэрбээр өр ширийг нь ч дарахаар болсон байна Италийн есөн удаагийн аварга “Рома” 80-аад онд зуурдхан мандсанаасаа хойш дундаж багийн хэмжээнд явсаар ирсэн. Түүнийг өнөөгийн өндөрлөгт гаргасан хүн бол Франко Сенси юм. Тэрбээр тус багийн ерөнхийлөгчөөр 1993-1999 онд ажиллахдаа трансферийн болоод санхүүгийн зөв бодлого хэрэгжүүлэн багийнхаа сэргэн мандалтын үндэс суурийг тавьсан.

Харин 1999 онд багаа өөрийн эзэмшилд аваад Италийн төдийгүй Европын хөлбөмбөгт том орон зайг эзлэх хэмжээнд төлөвшүүлсэн юм. Чухам түүний ачаар Франческо Тотти, Даниеле де Росси зэрэг “Рома”- гийн унаган хүүхдүүд шилдэг хөлбөмбөгчид болж, түүний шууд дэмжлэгтэйгээр Кафу, Алдаир, Габриэль Батистута, Винченцо Монтелла тэргүүтэй дэлхийн хэмжээний супер одод Рим хотын багт тоглож байсан түүхтэй. Улмаар Сенси клубийнхээ ашиг орлогыг гэрлийн хурдаар нэмэгдүүлж, хамгийн их ашиг олдог дэлхийн ТОП-20 багийн нэг болгосон юм. Гэвч клубийн амжилт 2008 оноос хойш уруудаж, ашиг орлого нь багассаар ирсэн.

Сенсигийн охин Роселла дээрх оноос ерөнхийлөгчөөр ажиллахдаа эцгийнхээ бүтээсэн их амжилтыг үргэлжлүүлж чадаагүйгээр барахгүй багаа санхүүгийн хямралд өртүүлэн, зарах арга чарга эрэлхийлэх болсон байна. Ингэж зүтгэсээр Дибенедеттотой тохиролцжээ. Гэхдээ аравхан жилийн хугацаанд аатай үзүүлэлт гаргасан багаа 77 саяар худалдана гэдэг маш тааруу наймаа юм. “Маш тааруу” гэсэн тодотголыг батлах үүднээс нэг баримт дурдъя.

Өдгөө Оросынхоо “Анжи” клубт сая саяын хөрөнгө оруулах гэж байгаа дагестан тэрбумтан Сулейман Керимов “Рома”-г 400 сая еврогоор худалдан авахын хамт тухайн үед байсан 250 саяын өрийг нь дарах супер саналыг хэдэн жилийн өмнө Сенсигийн гэр бүлд тавьсан юм. Гэтэл бодит өрөө хэт дарж мэдээлсэн тус гэр бүлийн болчимгүй үйлдэл илэрснээс болж дээрх хөрөнгө оруулагч саналаа буцаан татсан билээ. Энэ баримтад үндэслэн санхүүгийн мэргэжилтнүүд “Boston International Group” хэмээх компанийг тэргүүлдэг америк саятан Дибенедетто “Тун чиг ашигтай тохироо хийлээ” гэж дүгнэж байна.

Ингэж дүгнэх өөр нэг үндэслэл бол “Рома”- гийн хэдэн зуун саяар яригдаж байсан өр шир нь өдгөө 40 сая евро болтлоо буурсан явдал юм. Хэрэв тус баг Аваргуудын лигийн ирэх улиралд оролцох эрх авч чадахгүй бол энэ тоо өсөх юм байна. Өслөө гэхэд өглөг нэмэгдээд шалихгүй аж. Тиймээс “Рома”-г эртнээс хөгжөөн дэмжиж ирсэн Томаст энэ өр юман чинээ биш байх нь мэдээж.

Тэрбээр “Би өөр багийн талаар хэзээ ч бодож байгаагүй. Римд сурч байсан болохоор энэ хотод үнэн сэтгэлээсээ хайртай. Ийм шалтгаанаар “Рома” клубийг хөгжөөн дэмждэг болсон. Тиймээс түүний төлөө зүтгэхэд бэлэн байна” гэж ярьжээ. “Рома”-г худалдах гэсэн олон жилийн савангийн дуу рийг ийнхүү төгсгөхөд “Юникредит” банк чухал үүрэг гүйцэтгэжээ. Тус банк өнгөрсөн онд клубийн 324 сая еврогийн өрийг цайруулсны хариуд хувьцааны 49 хувийг нь эзэмших болсон тул багийн бодлогод голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Тиймээс Рим хотын багийг үнэгүйдэж дуусахаас нь өмнө аль болох хурдан худалдах чиглэлтэйгээр сонирхогч талуудтай хэлэлцээр хийсэн байна. Үүний дүнд “Рома”-г авах бодит сонирхолтой таван байгууллагыг олжээ. Тэдгээрийг судалж үзээд Дибенедеттогийн саналыг хүлээж авсан нь энэ юм. Түүний цаана 13 бизнесмен байгаа гэнэ.

Тэд өөрсдийн хөрөнгөө нэгтгэн хөрөнгө оруулалтын нэгдэл байгуулан “Рома”-г худалдан авахаар болжээ. Энэ талаар Дибенедетто ийн ярьж байна. -Тэд миний найзууд. Жеймс Паллотта бол НБА-гийн “Бостон Селтикс” багийн эзэн учир “Рома”-д хөрөнгө оруулахын ашиг тусыг маш сайн олж харсан. Майкл Руан хөрөнгө оруулалт болон үл хөдлөх хөрөнгийн салбарт гаршсан хүн учир багийн шинэ цэнгэлдэх барих ажлыг гардан хариуцна. Ричард Д’Аморе шинэ үеийн мэдээллийн технологиор мэргэшсэн залуу тул энэ чиглэлээрээ бидэнд туслах болно.

Дибенедеттогийн тухайд хэлэхэд, Америкийн бейсболын “Бостон Ред Сокс” багийн хамтран эзэмшигч бол Английн хөлбөмбөгийн гранд “Ливерпуль” клубийг худалдан авсан америк компани “New England Sports Ventures”- ийн бизнесийн хамтрагч юм. Томасын мэдэгдсэнээс үзэхэд тэр “Рома”-г худалдаж авуутаа эхний ээлжинд санхүүгийн асуудлыг нь цэгцлэх гэнэ. Ийм замаар далд эдийн засгийг нь үгүй хийж, санхүүгийн “Fair play” журмыг мөрдөх аж. Гэхдээ энэ ажил нь клубийн трансфе рийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна.

Түүний үзэж байгаагаар “Рома” ирэх зун 5-6 тоглогчийг бүрэлдэхүүндээ элсүүлэх боломжтой ажээ. “Би багаа хүчтэй болгохыг хөгжөөн дэмжигчдийн адил хүсэж байна. Цаашлаад буурал тивийн манлай болгохыг мөрөө- дөж байна. Тиймээс шинэ тоглогчдыг авах асуудалд би хойрго хандахгүй. Гэхдээ одоо байгаа хөлбөмбөгчдийнхөө заримыг худалдах хэрэг гарна гэдгийг урьдчилан хэлмээр 77–ХОН САЯАР ҮНЭЛЭГДСЭН “РОМА” байна” гэж тэрбээр мэдэгдэв. Хэрэв “Рома” америк хөрөнгө оруулагчдын эзэмшилд албан ёсоор очвол гадаад эзэнтэй болсон Италийн хөлбөмбөгийн хоёр дахь багаар тодрох юм.

Оросын бизнесмен Юрий Кораблин гэгч өнгөрсөн оны өдийд “Сери-D” лигийн клуб “Венец”-ийг авсан. Уг нь тус баг Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн хамгийн доод ангилал болох “Lega Pro Seconda Divisione”-д тоглодог байсан авч дампуурлаа зарласан тул сонирхогчийн лигийн статустай болж уруудсан юм. Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн систем “Сери-А”, “Сери-B”, “Lega Pro Prima Divisione”, “Lega Pro Seconda Divisione” гэсэн дөрвөн ангиллаас бүрдэнэ.

GD Star Rating
loading...
77–хон саяар үнэлэгдсэн "Рома", 9.5 out of 10 based on 13 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Vaancho says:

    Roma’d amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: