loading...
Саяхан Дархан хотноо зохиогдсон Хүүхдийн спортын их наадмын үеэр Монголын Хүндийг өргөлтийн холбооны тайлан сонгуулийн их хурал болж, тус холбоог 2008 оноос тэргүүлж байсан, Нийслэлийн ИТХ-ын дарга Түдэвийн Билэгт өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгч буйгаа албан ёсоор мэдэгдсэний дараа хуралд оролцогчид МҮОХ-ны Ерөнхийлөгч Дэмчигжавын Загдсүрэнг санал нэгтэй сонгожээ. Мөн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Баасанхүүгийн Гансүх улиран сонгогджээ.2001 оноос МҮОХ-г тэргүүлж буй Д.Загдсүрэн нь 1958 онд төрсөн, спортын эмчийн мэргэжилтэй, Монгол улсын “Анагаах ухааны гавьяат ажилтан” цолтой, спортын эмнэлгийн шинжлэх ухааны доктор, Азийн олимпийн зөвлөл (OCA), Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны “Гавьяаны одон” шагналтай, ТОП-4 спортын адилаар хүндийг өргөлт, байт харваа, тэквондо зэрэг спортыг дэлхий, олимпийн түвшинд хүргэх зорилт тавин, үндэсний ба олон улсын хэмжээнд судалгаа шинжилгээ, туршилт сорилтын олон талт үйл ажиллагаа өрнүүлж буй зүтгэлтэн юм. Тэрбээр Монголын спортын эмнэлгийн холбоо, Монголын паралимпийн хороог тус тус удирдаж байсан билээ. Сүүлчийн гучин жилд С.Хүнийхүү (“Монгол савхи”, ерөнхий захирал асан), С.Жамъянсүрэн (АПУ-гийн ерөнхий захирал асан), Ш.Сайхансамбуу (УИХ-ын гишүүн), Т.Билэгт нар энэхүү холбоог тэргүүлэн, өөр өөрийн хувь нэмрээ оруулсныг тэмдэглэх нь зүйтэй. Монголын хүндийг өргөлтийн холбооны шинэ Ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Будапешт хотод төвтэй Олон улсын хүндийг өргөлтийн холбоо (IWF)-ны ерөнхийлөгч Т.Аяан баяр хүргэсэн байна. Эцэст нь дурдахад манай туйванчид 1972, 1980, 1992, 1996, 2004, 2008 оны олимпод эх орноо төлөөлөн 6 удаа оролцож байсан түүхтэй.
loading...



