Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Монголын хөлбөмбөг » Япончууд Монголын хүүхдүүдэд анхаарлаа хандуулж эхэллээ

GD Star Rating
loading...

Японы өсвөрийн хөлбөм­бөгийн “Jeo” клубийн дасгалжуулагч Комацүбара Манабү, Ёкосава Хиромаса нар манай улсад ажиллаж байна. “Монголын хүүхдүүд авьяастай ч өндөр амжилт үзүүлэх нөхцөл бололцоо тааруу” гэж сонссон тэд манай хөлбөмбөгт учраад байгаа саад бэрхшээлийг судалж, даван туулахад туслах зорилготой иржээ. Тэд өсвөрийн клубүүдийн бэлтгэл дээр очиж, мэддэг чаддаг зүйлээ харамгүй зааж байгаа. Энэ үеэрээ тухайн багийн материаллаг баазад дэмжлэг үзүүлж яваа юм. Япон жуулчдыг Багануур дүүргээс ирээд байхад нь уулзаж, Комацүбара Манабүтай ярилцлаа. Сонирхуулахад Монгол Улсын шигшээ болон “Эрчим” клубийн тоглогч З.Баттулга тэдэнд тусалж, аяллынх нь турш хамт яваа юм.

-Манай оронд ирсэн зорилгоосоо хуваалцана уу?

-Юуны өмнө Монголын ард түмэнд маш их баярлалаа. Манай эх оронд байгалийн гамшигт үзэгдэл газар хөдлөлт, цунами болоход монголчууд биднийг сэтгэлээр маш их дэмжсэн. Бид Монголын хөлбөмбөг ямар түвшинд байгаа, хөгжихөд юу хэрэгтэй байгааг мэдэхээр ирлээ. Үүнийг мэдсэнээр Монгол, Японы хөлбөмбөгийн хооронд гүүр болж, танай улсад дэлхийн хаан спортыг жаахан ч болов хөгжүүлэх зорилготой юм. Биднийг наашаа ирэхэд япончууд их тусалсан. Ялангуяа цунами болохоос нэг хоногийн өмнө Фүкүшимагийн хөлбөмбөгийн клуб тоглолтын хувцас хэрэглэл өгсөн юм. Бид үүнийг монгол хүүхдүүдэд дурсгаж байгаа.

-Ямар шугамаар ирсэн бэ?

-Ямар нэгэн албан байгууллага, холбооны шугамаар ирээгүй ээ. Монголын өсвөрийн хөлбөмбөгийн “Дэрэн” клубт ажилладаг Такаши гэж япон хүн бий. Тэр бидэнд Монголын хөлбөмбөгийн тухай ярьж өгсөн. Би “Монголын хүүхдүүд үнэхээр авьяастай ч нөхцөл бололцоо муутай” гэдгийг сонсоод энд ирэхээр шийдсэн юм.

-Манай улсад ирээд хэд хэдэн клубийн хүүхдүүдтэй уулзлаа. Монголчуудын тухай төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Маш их чадварлаг юм аа. Үүнийг Японы ард түмэнд дамжуулах нь чухал. Гэхдээ яг хөлбөмбөгийн мэдлэгээр дутагдалтай юм шиг санагдлаа. Монгол, япон хүүхдийн ялгаа их байна. Монгол хүүхдийн мэдье, суръя гэсэн хүсэл тэмүүллийг япон хүүхдэд өгч, эргүүлээд мэдлэг чадвар олгохсон. Манай улсад хөлбөмбөгийн материаллаг бааз их бий. Харин танайд хомс байна. Энэ талаар тусалж дэмжих зорилготой.

-Та ням гаригт эх орондоо буцах юм байна. Энэ хүртэл хаагуур явах төлөвлөгөөтэй байна вэ?

-Монголын талаар би сайн мэдэхгүй. Тийм болохоор тийшээ явна гэж хэлж чадахгүй. Монгол хүмүүст найдаад сууж байна. Хаашаа л явна гэнэ тийшээ явна. Цаг л байдаг юм бол илүү олон зүйлтэй танилцах хүсэлтэй.

-“Jeo” клубийнхээ тухай танил­цуулахгүй юу?

-Манай клуб байгуулагдаад жил хагас болж байна. “J” лигийн тоглогчдод зодог тайлсны дараа хийх ажил олддоггүй. Харин эдгээр тамирчдыг тэтгэвэртээ гарсны дараа ажилтай байлгах зориогоор “Jeo”-г байгуулсан. Тэд өсвөрийн тамирчдад сурсан мэдсэнээ заах юм.

-Тэгэхээр “Jeo”-г клуб гэхээсээ академи гэж ойлговол болох нь ээ?

-Тийм ээ. Академи гэж болно. Манайх хүүхдийн төлөө гэсэн сэтгэл­тэй ажилладаг. Манай хүүхдүүд өндөр ур чадвартай болсны дараа том том клубүүд худалдан авах байх.

-Таныг “J” лигт тоглодог байсан гэж сонслоо?

-Би 16 настайдаа мэргэжлийн хөлбөмбөгч болсон. “Сёнан Бельмаре” багт алдарт хөлбөмбөгч Хидетоши Накататай цуг орж байлаа. Манай багт Дайсүкэ Мацүй ч байсан. Би тухайн үед багийн ахлагчаар тоглодог байлаа.

-Манай орны хөлбөмбөгийн хөгжлийн төлөө зорьж ирсэнд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье?

-Монголын ард түмэнд маш их баярлалаа гэдгээ дахин хэлье. Тэр тусмаа бидний төлөө цаг зав гаргаж байгаа З.Баттулгад. Танай сайхан оронд дахин ирнэ ээ. Монгол, Японы хөлбөмбөгийн харилцаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байна.

GD Star Rating
loading...
Япончууд Монголын хүүхдүүдэд анхаарлаа хандуулж эхэллээ, 8.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. HEDEN JILIIN DRA EUROPE-D MONGOLCHUUD GARAAD IREH BHAA

    GD Star Rating
    loading...
  2. Alia says:

    manaihand holbombogig hundleh bishreh setgel joohon dutdag yum shig bgan,hervee boh shige bish yum a gehed tuunii daraa tavichuulch udahgui de 10 jil daraa PremierLeague esvel La ligad guij bna da gezegtei zaluuchuud

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: