loading...
Италийн цомын хагас шигшээд оноолт таарсан Рома – Интерийн эхний тулаан өнгөрсөн шөнө явагдлаа. “Олимпико” цэнгэлдэхэд зочин баг Интер давамгайлж 0 : 1-н харьцаатай хожил авчээ. Цорын ганц гоолыг 45 дахь минутад Станкович оруулсан бөгөөд 5 сарын 11-нд явагдах хариу тоглолтод Интер давуу байдалтай оролцох болж байна. Сүүлийн хэдэн жилийн Италийн цомд эдгээр багууд байнга оноолт таарч байгаа. Хамгийн сүүлийн жишээ нь түрүү жилийн цомын финал байна. Интер тус тоглолтод 1 : 0-н харьцаатай хожил авч зургаа дахь түрүүгээ хүртсэн. Харин Ромагийн хувьд есөн Италийн цомтойгоор бүх цаг үеийн амжилтыг эзэмшдэг.
Ромагийн ахлагч Франческо Тотти торгуультай байгаа учраас Марко Боррьело төвийн довтлогчын байрлалд тоглосон. Сүүлийн үед сайн формтой байгаа Тотти талбайд гараагүй нь “Чоно”-нуудын довтолгоонд том гарз боллоо. Интерээс харин Самуель Это’о багтаа тус болоогүй ч олон довтлогчтой учраас санаа зовох зүйл бага байлаа. Тоглолтын эхний минутаас л Интер хүчтэй довтолж Донигийн ур чадварыг шалгаж байв.
Хамгийн аюултай цохилтууд Лусио, Андреа Раноккиягаас ирсэн ч Ромагийн аз таарч бөмбөг хаалганд орсонгүй. Гэхдээ 45 дахь минутад хийсэн Деян Станковичийн алсын цохилтын эсрэг Дони юу ч хийж чадсангүй. Деян энэ улиралд оруулсан есөн гоолынхоо дөрвийг нь 16-гийн гаднаас оруулж байна.
Хоёрдугаар үед хөгжөөн дэмжигчдээрээ дэмжүүлсэн Ромчууд тооны харьцааг эргүүлэхээр идэвхитэй довтолж эхэллээ. Жон Арне Риисегийн зүүн хөлийн цохилт хаалгатай тун ойрхон өнгөрсөн бол удалгүй Перроттагийн мөргөсөн бөмбөг байгаа оносонгүй. Довтолгоонд төдийлөн сайн оролцохгүй байсан Боррьелог сэлгээнд суулгаж Менесийг Монтелла талбайд гаргасан ч хэтэрхий оройтсон байлаа. Үлдсэн минутад тэд тэнцээний бөмбөг хийж чадсангүй. Тэд тоглолтын турш ердөө нэг л хаалга руу чиглэсэн цохилт хийжээ.
Ийнхүү Интер Роматай хийсэн сүүлийн 12 тоглолтоос есөд нь хожил авч байна. Өнөөдөр хагас шигшээ шатны Милан – Палеормогийн тоглолт явагдана.
loading...




amjilt Nerazurri
loading...