Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Чөлөөт бөх » Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ: Ахин амьдрах хүчийг ард түмэн надад хайрласан

GD Star Rating
loading...

Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ бие болоод сэтгэлийн хүч тэгширсэн бөх. Амьдралын хатуу сорилт шалгалтад туйлдаагүй, спортын эрсдэлтэй талбарт халираагүй Ховд нутгийн хүү өдгөө ч чөлөөт бөхдөө үнэнчээр зүтгэсээр. Түүний хөдөлмөрийг дэлхийн аваргын мөнгө, хүрэл, Дэлхийн цомын алт, “Найрамдал-84” ОУТ-ий мөнгө, “Сөүл-88” олимпийн шагналт зургадугаар байрын амжилтаар хязгаарлавал өрөөсгөл.

Жингийн туухайд тавибал нэлээд ихийг өгүүлэх эдгээр ланжгар медальд ямар их хөлс хөдөлмөр шингэснийг бид баримжаалах боловч цаг бусаар зодог тайлсан энэ эрхэм дахин хөл дээрээ шүд зуун босоход шаардагдсан хүч, тэмцлийг төсөөлөх бил үү? “Ирээдүй” цогцолборын хүүхдүүдийг дасгалжуулан, их спортод тэнцэх урам зориг хайрлаж яваа А.Энхээ гавьяат багшийн хөдөлмөрийг буянтай ажил хэмээн өгүүлсэн нь тохиолдлын хэрэг биш.

Зааланд орж ирэнгүүт нь л багшдаа дэм үзүүлэхээр өрсөлдөн гүйлдэх багачуудын харцнаас хайр хүндлэлийг мэдэрдэг учраас ийн хэлсэн биз ээ. Дүрсгүй зандаа дийлдэн, тэргэн дээр суугаа багшийгаа жаахан эвгүй түрчихвэл буруугаа хэлүүлэлтгүй ойлгон, өөрийгөө зэмлэх хэрсүү хөвгүүд, охиддоо тэр маш хайртай. Гэмтэл гэгч тамирчин хүний хамгийн том дайсан гэдгийг хангалттай мэд дэг учраас бэлтгэлийн үеэр тэр шавь нараасаа хараа салгадаггүй.

-Хүүхдийн спортын IV наадмын чөлөөт бөхийн шигшээ тэмцээнд шавь нарынхаа гаргасан амжилтыг хэрхэн үнэлж байна вэ?

-Энэхүү наадам бол ЕБС-ийн багш нарын хувьд дотооддоо зохиогддог “олимп” гэж болох юм. “Ирээдүй” цогцолборын чөлөөт бөхийн тамирчид гурав дахь наадамд амжилттай оролцож, багийн дүнгээр түрүүлсэн. Олимпийн мөчлөгтэй ижил дөрвөн жил тутамд болдог наадамд хүүхдүүдийг эртнээс сонгон авч бэлтгэдэг юм. Хөдөлмөрийнхөө үр дүнг үзэж байна шүү.

-Тамирчин болох хүсэлтэй хүүхэд олон бий. Тэдний дундаас ирээдүйн тамирчдыг сонгон авах амаргүй байх?

-Хүүхдүүдийг сонгох тусгай арга олон бий. Эдгээрээс гадна тухайн хүүхдийн идэвх санаачилга, сэтгэл зүтгэл чухал. Чөлөөт бөхийн амжилт тамирчны тогтмол бэлтгэл сургуулилалт, өндөр ур чадвартай хосолж байж бүрэлддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталчихсан. Хүүхдийг спортоор хэтэрхий багаас нь хичээллүүлбэл муу гэж зарим хүн ярьдаг. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй. Тухайн спортод бага багаар дасгаж, энгийнээс нарийн, хөнгөнөөс хүнд рүү сургах нарийн арга барил байдаг юм. Хүүхдийн спортын наадам ч гэсэн олимпод хүүхдийг бэлтгэж байгаа шат дараалсан арга хэмжээний нэг. Хүүхдийн чадвар нь дадал, цаашид дээд хэмжээ болтлоо хөгжсөний дүнд өндөр зэрэгтэй тамирчин бий болно. Сайн тамирчин болоход асар их хөдөлмөр, тэвчээр хэрэгтэй.

-Сайн тамирчин болохын тулд тухайн спортод сэтгэлээ зориулах хэрэгтэй гэж ярилаа. Таны хувьд чөлөөт бөхөд эргэлт буцалтгүйгээр орох андгай тангараг өөртөө хэрхэн тавьсан нь сонирхолтой байна…

-А.Тайван ах бид хоёр тун сахилгагүй, үргэлж ноцолдож, хувцасныхаа сугыг тэсгээдэггүй жаалууд байлаа. Тэр үеэс хөдөлгөөний чанар хөгжиж эхэлсэн юм болов уу? Чи сонссон л байх, ахмадууд зарим хүүхдийг өрөмний өт шиг гэж оношилдог доо. Энэ үед нь л тэднийг зөв чиглүүлбэл их спортод сэтгэлээ өгч чадна. Ах, бид хоёр анхнаасаа л бөх болохын төлөө тэмүүлсээр ирсэн. Амжилтад хүрсэн хүмүүсийн намтар хөргийг уншиж байхад зорилгодоо хүрэхийн тулд хоёрдмол санаагүй тууштай тэмцэж, ихийг золиосолсон байдаг.

Эцэст нь мэдээж аз жаргал ирнэ. Аз жаргал гэгч дотроо олон янз. Миний хувьд эх орныхоо нэрийг гаргаж, ардын баатар болтлоо хүндлэгдэх хамгийн их жаргал. Монголчууд анх удаа олимпийн аваргатай болоод Сүхбаатарын талбайд хэнээр ч хэлүүлэлтгүй цугласан. Бээжингийн олимпийн дараа олон хүүхэд спортоор хичээллэсэн. Энэ бол спортын нөлөөлөл, эв нэгдлийг харуулж байгаа юм. Гэхдээ спорттой нөхөрлөсөн хүүхэд бүхэн тамирчин болох албагүй, харин эрүүл иргэн болж хүмүүжих нь л чухал.

Ээжээсээ ер салдаггүй ихэр жаалуудыг нутгийнхан нь эр чадалтай бөхчүүд болно гэж үргэлж ерөөнө. Аав нь хоёр хүүгээ “Мөнхбат, Баянмөнх” хэмээн цоллож барилдуулахад алдарт аваргууд болсон юм шиг санагдаж, үнэн хүчийг үзэн барилддаг байсан цагаахан насаа тэр дурсах дуртай. 62 кг-д барилддаг, хүч бяр тэнцүүхэн Авирмэд гуайн хоёр хүү хилийн чанадын тэмцээнүүдийн шижгэр амжилтаараа ард түмнээ баярлуулж явсан гавьяатнууд.

-Хөдөөний хүүхдүүд тусад эрт ордог учраас хүч тэнхээ илүү суудаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ээж минь ах бид хоёрыг таван нас хүртэл хөхөөрөө тэжээсэн гэнэ билээ. Ээжийн баруун хөх нь минийх, зүүн нь талийгаачийнх. Хүүхдийг хөхөөр нь хооллуулбал биеийн эсэргүүцэл сайтай, бяр тэнхээтэй болдог байх. Мөн ээж минь сайхан цай чанана. Ээжийн минь цай, хоол бидэнд тэнхээ хайрласан. Жавхлангийн дуулсан “Ээжийн чанасан цай” дуу сонсоход чанасан цайных нь ааг, үнэр амтагдах шиг санагддаг. Аав, ээж хоёр маань эрүүл хүнсэнд маш их анхаардаг байлаа. Одоо бодоход эцгийн минь цалин хоолонд л зарцуулагддаг байсан санагдана.

-Та хоёр дэггүйтэж, аав, ээжийнхээ чихнээс хонх уядаг байв уу?

-Гайгүй. Аав бидний хичээл сурлагад их анхаардаг бөгөөд уран зохиолын ном авчирч өгнө. Жюль Верний зохиолуудаас эхлээд “Зоригт анчин бүсгүй”, “Монте Кристо гүн”, Д.Нацагдоржийн түүвэр зохиолууд, “Цаг төрийн үймээн” роман гээд л олон ном уншиж билээ. Аав надад уйгаржин бичиг заах гэсэн боловч ач холбогдол өгөөгүйдээ харамсдаг. “Ном уншихгүй ч гэсэн ном уншдаг хүний үгийг сонсож бай” гэж үргэлж захина. Тэгээд л ах бид хоёрт “Доржийн хүүхдүүд хүний үг дуулахдаа цаанаа нэг өөр шүү. Тэд лав айхавтар хүн болно” гэж хэлдэгсэн. Энэ нь ямар том сургаал байсныг хожим ойлгосон доо.

-Хоёр Мөнхийн нэрээр цоллуулан барилдаж явсан хөвгүүд яагаад үндэсний бөхөөр хичээллээг үй юм бэ?

-Чөлөөт бөх. Нэрнээсээ эхлээд л бидэнд таалагдсан. Энэ бол чөлөөтэй барилдахын нэр. Хориотой мэх л хийхгүй бол хөдөлгөөнд хязгаар гэж үгүй. Барилдааны хэрээр сэтгэхүй тэлж, нөөц энергээ шавхан гаргана. Бүх бололцоог дайчлах торгон мэдрэмж шаардагдана. Тэр бүү хэл зургаа дахь мэдрэхүйн тухай ярих шаардлагатай байж магадгүй. Чөлөөт бөхийн гайхамшиг үүнд л оршдог юм.

-Чөлөөт бөхөөр хичээллэж эхлэх үед Ховдод тусгай секц байгуулагдсан байсан уу?

-Төрөлжсөн секц байгаагүй, хөнгөн атлетикийн багш зураг харуулаад л үүний дагуу барилд гэдэг байлаа. Харин дараа нь 1976 онд Ч.Чойсүрэн багшийн удирдлагад бэлтгэл хийсэн. Аймгийн заалны хананд байрлуулсан чөлөөт бөхийн алтан үеийнхний зургийг хараад тэдэн шиг мундаг тамирчин болохыг мөрөөднө. “Интернациональ” ОУТ, цагаан сарын үндэсний бөхийн барилдааныг радиогоор сонсох дуртай байсан. Хотод ирээд удаагүй байхдаа Ж.Мөнхбат аваргын хараанд өртөж, залуучуудын шигшээ багт данстай болж билээ. 1981 онд А.Медведийн нэрэмжит ОУТ, залуучуудын Азийн АШТ-д түрүүлснээр спортын мастерын болзол биелүүлсэн. 1983 онд ДАШТ-д зургадугаар байр эзэлснээр ОУХМ болсон.

-Тив, дэлхийн томоохон тэмцээнд жин бүрийн сор нь оролцдог. Ихрийгээ дийлэн, энэ эрхийг авчихаад “Ахыгаа оролцуулдаг байж дээ” гэж өрөвдөх үе гарна биз?

-Бэлтгэлийн үед бид үнэнээсээ барилдана. Харин тэмцээн дээр бол өөр, хүч үзэж байгаагүй. Энэ нь ах, дүү бөхчүүдийн амьдралын асуудал. Миний жинд барилддаг байсан олон сайхан тамирчин намайг бөх болгосон юм. Тайван ах минь гялалзсан амжилт гаргасныг спортынхон андахгүй. Хилийн чанадын олон ч тэмцээнд хамт оролцож, өөр өөр улсад болох тэмцээнд зодоглохоор хоёр тийшээ салж ниссэн удаа ч олон.

-Хоёулаа өндөр амжилт гаргаад баяртай уулзсан цагаа дурсвал…

-1985 оны ДанКоловын ОУТ-д би мөнгөн медаль хүртэж, ах маань Унгарын ОУТ-д түрүүлээд Москвад баяртайгаар уулзан зураг татуулж байлаа.

-Хэдий хол байсан ч ихрүүд биесээ зөнгөөрөө мэдэрдэг гэж хүмүүс ярьдаг?

-Үнэн шүү. ОУТ-д оролцох үеэр ахын төлөө өөрийн эрхгүй санаа зовбол тааруухан барилдахын цондон. Тэмцээнээс бусад үед ч биесээ мэдэрнэ шүү.

А.Энхээ “Лос-Анжелес- 84”-т бэлтгэж байсан ч социалист орнууд бойкотлосны балгаар оролцож чадаагүй юм. Хэрэв тэр энэ олимпийг өнжөөгүй бол медаль хүртэх магадлал өндөр байсан. “Найрамдал-84” ОУТ-ий медальтнуудын эгнээнд О.Балжинням, Н.Энхбат, А.Энхээ Лу.Энхбаяр, Б.Болд, Г.Жамсран нарын шилдгүүд багтсан билээ. Түүнчлэн А.Энхээ 1986-1989 оны УАШТ-д дөрвөн жил дараалан ноёрхлоо тогтоосон юм. “Будапешт-1985” ДАШТ-ий алтан медаль түүнд тун ойрхон байсан. Гэсэн ч ЗХУ-ын алдарт бөх Виктор Алексеевтэй хийсэн аваргын төлөөх барилдааны шийдвэрлэх үед өрсөлдөгчдөө оноо алдсанаар хэдхэн секундийн дотор ялагдал хүлээсэн юм.


Түүний өрсөлдөгч В.Алексеев бол дэлхий болон Европын хошой аварга, УАШТ-дээ дөрвөнтээ түрүүлсэн, ЗХУ-ын гавьяат мастер, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч билээ. Будапештийн дэвжээнээс А.Энхээтэй хамт мөнгөн медаль зүүсэн тамирчин Б.Болд. Тэрбээр 68 кг-д алдарт А.Фазаевт дийлдэн шагналын тавцангийн хоёрдугаарт зогссон түүхтэй. Дэлхийн хүчтэнүүдийн зүрхэнд шар ус хуруулж явсан Ховд нутгийн хүү дараа жилийн ДАШТ-д гуравдугаар байр эзэлж, АНУ-д зохиогдсон Дэлхийн цомд ааглан манлайлж байлаа. Тэр үед алдар суугаа мандуулж, учраа бүхнээ илүүрхдэг байсан ЗХУ, Болгар, Куба зэрэг орны хүчтэнүүд манай аваргаас эмээдэг байсан нь нууц биш.

“Сөүл-88” олимпод ч А.Энхээ амжилттай барилдаж, шагналт зургадугаар байр эзэлсэн түүхтэй. Түүний амжилтын цуврал үргэлжилсэн. Дайчин барилдааныг үзэн, хөх толбот хүүгээрээ бахархаж байсан монгол чууд гайхамшигт ялалт нь нэг л өдөр тасалдана гэдгийг яахан мэдэх билээ. Гэхдээ л тэр чөлөөт бөхийн дэвжээнд богино хугацаанд гялалзахдаа бахдах түүх, бахархам алдрын түүчээ нь болж чадсан. Хувь тавилан нь өөрөөр эргээгүй бол Ойдов хэмээх мэх FILA-д данслагдсан шиг “Энхээ” хэмээх нэгэн нэр нэмэгдэх ч байсан юм бил үү?

-Залуу цагаа эргэн дурсахад тэр үедээ оччихсон мэт сэтгэгдэл төрүүлдэг гэсэн үгийг олон хүнээс сонссон юм байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Залуу насаа дурсалгүй яахав. Гэмтэл авчихаад Бээжинд эмчилгээ хийлгэж байхдаа Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу”-г уншихад “Аавын хүү нэгэнт ядарсан бол аз жаргалтай үеэ битгий дурсаарай. Өлссөн хүн өөх бодвол өөрийгөө зовоохын шинж” гэсэн мөрт тааралдсан. Энэ ямар том философи болохыг хэвтэрт байхдаа ойлгож билээ. Өнгөрснөө үргэлж дурсах нь тийм сайхан гэж үү. Өнгөрснөөрөө амьдарвал одоо болон ирээдүйгээ төсөөлөхөд хэцүү болно.

Барилдаж, амжилт гаргаж явсан тэр үеэ ярих нь миний хувьд хүнд байдаг. Надаас өөр хүн энэ тухай яривал арай өөр байх. Ид барилдаж байхад Д.Оюунболд, А.Тайван, Гал-Эрдэнэ, Алтаншагай, Амараа, Түмэннаст, Энхсайхан нарын өрсөлдөгч ирлэн хурцалдаг байсан. Тэдний хүчинд өндөр зэрэглэлийн тамирчны ачааллыг дааж сурснаар амжилтад хүрсэн гэж боддог. Олимпийн хүрэл медальт Д.Оюунболд маш эрэмгий дайчин барилдаантай бөх байсан. Ямар уран хурц барилддаг байлаа даа. 1982 оны “Интернациональ” ОУТ-д түүнтэй аваргын төлөө барилдаж дийлээд маш их баярлаж билээ.

-Та тэмцээний үед сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг байсан бэ? Үеийн тань тамирчид таныг хэнээс ч айдаггүй, эрэмгий барилддаг байсан гэж ярьдаг?

-Аливаа хүн зорилготой, өөртөө итгэлтэй байж амжилтад хүрдэг. Өрсөлдөгчөө ялахаас өмнө өөрийгөө дийлж сурах хэрэгтэй. Ах, бид хоёр 32-ын тойргоос Спортын төв ордон руу бэлтгэлдээ өдөр бүр л гүйдэг байлаа. Шантрах үе гарах боловч тэр бүхэнд бууж өгөөгүй. Аав, ээж хоёр маань өөртөө өндөр зорилго тавих, хариуцлага тооцохын чухлыг эртнээс ойлгуулсан. Багш минь бидэнд ганц л үг хэлдэг байсан “Та нар хөлснийхөө үр дүнг эрт, орой хэзээ нэгэн цагт үзнэ” гэж.

Энэ бол амьдралаас гарсан үнэн үг. Шавь нартаа ч би ингэж хэлдэг. Миний барилдааны онцлог нь өрсөлдөгчөөсөө айдаггүй байсантай холбоотой. Айсан хүн 10, айдаггүй хүн нэг үхнэ гэсэн зүйр үгийг үргэлж санаж явдаг. Тамирчин айвал барилдааны 50 хувь үгүй болчихдог юм. Чингисийн цэргүүд хурдан хүлэг, эр зоригийнхоо хүчинд дэлхийн талыг эзэлсэн түүхтэй. Үүнтэй адил тамирчин хүнд эр зориг хамгийн чухал.

-Таны ярианаас тамирчны аз жаргал бэлтгэлийн заал руу явах, тэмцээнд оролцох, дасгалжуулагчийнх бол шавь нарынхаа дунд бужигнах гэж хэлж болох нь…

-Ю.Никулины нэг үг санаанаас гардаггүй юм. “Аз жаргал гэж юу вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Өглөө ажилдаа явах, орой гэртээ ирэх” гэж хариулсан байдаг. Сайхан үг байгаа биз. Би тамирчин байхдаа ганц ч өдрийн бэлтгэл тасалж үзээгүй. Үүний баталгаа нь миний өдрийн тэмдэглэлүүд. Өглөө, өдөр, орой бэлтгэлээ хэрхэн хийсэн, жин болон нойр ямар байсан, хэнтэй хэрхэн барилдсан гээд он, сар, өдөр нь тэмдэглээстэй байгаа. Өрсөлдөгчдийнхөө су дал гааг ч хийнэ. Эхнэр маань үүнийг бичдэг болохоор үеийн тамирчдын овог, нэрийг андахгүй мэднэ. Магадгүй энэ нь түүнийг чөлөөт бөхөд дурлуулсан ч юм бил үү?

-Өдрийн тэмдэглэл хөтлөх санаа хэрхэн төрсөн юм бэ?

-Сайндаа хөтлөөгүй ээ, өдрийн тэмдэглэл бичихгүй бол цалин олгохгүй гэсэн лүндэнгээр л дэвтэртэй нөхөрлөсөн. Түүх бичиж байгаагаа тухайн үед ойлгоогүй. Ач холбогдлыг нь ухаарсан болохоор шавь нараараа тэмдэглэл хөтлүүлдэг.

-Ялагдал хүлээдэггүй тамирчин гэж байдаггүй. Эр зоригтой барилдахыг эрхэмлэдэг таны хувьд юунаас болж ялагддаг байсан бол?

-Жин буруу хассан, эсвэл сэргэлтэд орж амжаагүй үедээ л ялагддаг байсан болов уу.

-Тэгвэл жин хасаж, ядрах үдээ өөрийгөө хэрхэн тайвшруулдаг байсан нууцаасаа сонирхуулна уу?

-Ходоодоо хуурахын тулд сайхан ном унших нь хоолны тухай бодлыг тархинаас арчдаг. Бас онигоо давслан ярьж тайтгарч болно. Өлссөн хүн инээх үедээ хоол идсэн юм шиг кайф авдаг. 1984 онд Болгарын ОУТ-д Баянаа аварга манай багийг ахалж явсан юм. Жин хассан болохоор нэлээд ядарчихсан байсан. Москвад онгоц хүлээх үеэр аварга маань сайхан онигоо ярихад инээдээ барьж чадаагүй. Тэр үед хоол идсэн юм шиг сэтгэгдэл төрсөн шүү. Чи ч гэсэн туршаад үзээрэй.

1979 оны арваннэгдүгээр сарын 17-нд Улсын шигшээ багт орсон А.Энхээ яг арван жилийн дараах энэ өдөр хүнд бэртэл авч, харамсалтайгаар зодог тайлсан юм. Хуучны УБДС-ийн биеийн тамирын төгсөх курсийн оюутан тэрбээр спортын гимнастикийн шалгалт өгч байхдаа бэхэлгээгүй савлууртайгаа “нисэн” хүнд бэртэж үхэл, амьдралын заагт очсон нь харамсалтай. Дэвжээнд эрэмгий ч, энгийн үед даруу хан зангаараа заавал өгөх ёстой шалгалтыг давах гэсэндээ “буруудсан” юм, тэр. Бэхэлгээгүй савлуур, хариуцлагагүй багшийн балгаар ийнхүү дэндүү эрт “тэтгэвэр”-т гарсан. Хувь заяаны тоглоомыг даах сэтгэлийн хүчтэйдээ л тэр хөл дээрээ боссон. Онцлог нь хэн нэгнийг буруутгаж зүхээгүй. Өөрийгөө ялснаар, өөртөө итгэснээр тэр өдгөө спортынхны дунд бужигнан, хөдөлмөрийнхөө үр шимийг үзсээр яваа.

-Л.Болормаа эгч нэгэн ярилцлагадаа таныг тэмцээнд бус, шалгалтын үеэр гэмтэж, насан туршдаа суумгай болсонд нь харамсдаг гэж өгүүлж байсан…

-Тийм ээ, би оюутан байхдаа хүнд бэртэл авсан. Харин тухайн үед төр засгаас яагаад анхаарал тавиагүй юм бол гэж одоо ч гайхдаг. Хамгийн хэцүү үед надад, миний гэр бүлд үнэнчээр тусалсан хүмүүс бол Монголын ард түмэн. Хатуу хэлж байж магадгүй ээ, оюутан нь хүндээр бэртэн, үхэх сэхэхдээ тулаад байхад бидний эрх ашгийг хамгаалдаг Оюутны холбоо чимээгүй өнгөрсөн. Арчаагүй, улстөржсөн байгууллага бол Оюутны холбоо байсан. УБДСийн удирдлага шалгалт авсан багш нарт ямар ч арга хэмжээ аваагүй.

Хэн нэгнийг буруутгах гэж энэ бүхнийг яриагүй юм шүү. Гэхдээ өнөөдөр ийм явдал тохиолдсон бол тэс өөрөөр шийдэгдэх байсан. Хүүхэд алгадсан багшийг ажлаас нь халж байна. Биеийн тамирын багш нэг хүүхэд гэмтээвэл дээлээ нөмөрнө гэсэн үг. Гэтэл намайг бэртээсэн багш төрийн дээд шагнал хүртэн, гавьяат багшийн цол тэмдэг энгэртээ зүүгээд явж байсан шүү. Намайг бэртээснийхээ төлөө шагнуулж байгаа юм уу?

-Гэхдээ та хөгжлийн бэрхшээлтэй олон иргэдэд амьдрах итгэл хайрласан шүү дээ?

-Анх бэртчихээд ичиж, гутардаг байлаа. Ээжийнд очихдоо орцны үүдэнд машин тул гаж зогсоочихоод хүнээс нуугдан машиндаа суудаг л байсан. Харин одоо бол би нийгэмшсэн. Олноо түшиж амьд рах хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон. Тэргэнцэртэй хүмүүст итгэл, урам хайрлахыг би хүсдэг. Хэдийгээр би хөл дээрээ босоогүй ч, миний амьд рал, сэтгэл зүрх цоо эрүүл. Тэргэнцэртэй хүмүүсийн холбоо байгуулж, 50 хүний дунд тэмцээн явуулан, эхний гурван байр эзэлсэнд нь 50000, 35000, 30000-аар шагнаж байлаа.

-Та гэртээ хэдэн жил суусан юм бэ?

-Долоон жилийг гэртээ өнгөрөөсөн. “Ирээдүй” цогцолборын захирал С.Гомбодорж багш эхнэр, бид хоёрыг ажилд авсан. Олон хүн бидэнд эргэлзэж байсан юм шүү. Гэхдээ тэр бүхнийг туулах хүч бид хоёрт байсан. 14 жилийн хөдөлмөрөө эргэн харахад эрүүл хүнээс илүү ажил бүтээсэн шиг санагдаж байна. 1989 онд би үхчихсэн бол яах вэ гэж бодохоор сэтгэл эвгүйцдэг. Хүүхдүүд маань надад урам зориг хайрладаг.

-Та БНХАУ болон Кубад эмчилгээ хийлгэсэн. 1990 онд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат биеч лэн гэрт тань очиж, гавьяатын тэмдэг зүүж өгсний дараа Бээжин рүү ниссэн. Цаг алдалгүй эмчилгээ хийлгэж болоогүй юм уу?

-Энэ тухай ярих хэрэг байна уу? Би хэн нэгнээс гомдол нэхээгүй, харин хөл дээрээ босохыг л хичээсэн юм. Би нэг зүйлийг хэлье. 1990 оны ардчилсан хувьсгалын жагсаалыг Бээжинд эмнэлгийн өрөөнд үзэж байхдаа цаг өөрчл өгдөж байна гэсэн бодол төрж билээ. Монголын ард түмэн сайн дураараа, хэнээр ч ухуулга сэнхрүүлэг хийлгэлгүй ирсэн хоёр жагсаалын нэг нь 1990 оны цуглаан. Нөгөө нь Бээжингийн олимпоос монгол аварга төрсний дараа төв талбайд хийсэн ард түмний баярын жагсаал. Эдгээр алтан агшинг үзсэн минь их аз завшаан.

-1990 оны Азийн наадамд оролцсон тамирчид таныг эргэж тойрч байв уу?

-Тэгэлгүй яахав. П.Сүхбат маань Азийн наадамд түрүүлээд над дээр ирэхдээ “Заавал хөл дээрээ босно шүү” гэж хэлж байсан. Тамирчин ахуйдаа Азийн наадамд хоёр удаа л оролцсон юм байна.

-Ингэхэд аж төрж байгаа энэ байрандаа хэзээ төвхнөсөн билээ?

-Улсаас олгосон байраа зараад 2000 онд ардын жүжигчин Гомбосүрэн гуайгаас энэ байрыг худалдаж авсан. Ариун хөдөлмөрийн буянд эхнэр болон охинтойгоо хэнээс ч дутахаарг үй сайхан амьдарч байна.

Түүний эхнэр Л.Болормааг чөлөөт бөхийн анхны эмэгтэй шүүгч гэдгийг та санаж буй биз ээ. 19- тэйгөөсөө амьдралаа холбож, жаргал зовлонгоо хуваалцсаар ирсэн тэрбээр амьдралын хатуу шалгалтад сөхрөөгүй. Ная гарсан ээж, ой хүрээгүй хүүхэд, тэргэнцэр дээр суусан нөхрөө арчлан халамжлах эмэгтэй хүнд ахдам ачааг үүрээд л гарсан энэ бүсгүй чөлөөт бөхийн спортоос сэтгэл салгаагүй нь бахархалтай. А.Энхээ гавьяат чөлөөт бөхийн тэмцээнүүдийг 2002 оноос телевизээр тайлбарлаж эхэлсэн бөгөөд энэ нь их спортыг өөр өнцгөөс харах боломж нээсэн хэмээн олзуурхана билээ.

GD Star Rating
loading...
Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ: Ахин амьдрах хүчийг ард түмэн надад хайрласан, 9.8 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. tt says:

    uneheer goe niitlel bna a

    GD Star Rating
    loading...
  2. darxaa says:

    Enxee axad eruul enx sain saihaniig xusie,taniig bi anxaar zyragtaar xarj tani shig bux bolno gj bodoj ybdag bailaa,Ta ix yxaantai xun umaa,
    tsaashdiin ajil amidrald chni az jargal ereeie

    GD Star Rating
    loading...
  3. bdbd says:

    hvn iim l bj amjiltand hvrdeg yum bn enhee bagshaa ta mongolchuuudiin baharhal goy niitlel bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: