loading...
“Виржиниа Лондон” дэлхийд зартай олон улсын марафоны уралдаанд 9-р байр эзлэн, олимпийн А зэрэглэлийн норматив биелүүлэн, монгол тамирчдаас хамгийн анхны олимпийн эрхийг авсан, 2010 оны шилдэн тамирчин, марафонч Б.Сэр-Одтой цахим байдлаар товч ярилцлага хийснээ толилуулъя.
- За, юуны өмнө хамгийн түрүүлж олимпийн эрх авсанд баяр хүргэе! Бүх монголчууд туйлын их баяртай байгаа шүү!
- Их баярлалаа. Бид энэ зорилгоо биелүүлэх гэж их хичээсэн. Тэгээд ч нөр их хөдөлмөрлөсний хүчинд санасандаа хүрч ард түмнээ баярлуулсандаа би ч бас сэтгэл хангалуун байна даа.
- Англид ирж бэлтгэлээ базаагаад удаж байна уу?
- Би дасгалжуулагчийнхаа хамт 2-р сард энд ирсэн. Тэгээд л төлөвлөгөөнийхөө дагуу бэлтгэлээ хийсэн. Цаг агаарт дасан зохицох, байршлаа тодорхойлох гээд л олон зүйл амжуулсны хүчинд гайгүй уралдлаа.
- Лондонд уу, эсвэл өөр газар бэлтгэл хийж байна уу?
- Ньюкаслын нэгэн клуб дээр бэлтгэл хийж байна. Эндхийн мэргэжлийн клубт олон зэрэглэлийн тамирчин хамрагддаг. Бас тэд бэлтгэлийнхээ хажуугаар ажил төрөл эрхэлж болдог. Бид хоёр ганцаарчилсан бэлтгэл сургуулилтаа хийх нь олонтаа.
- Анхнаасаа л эхний дайралтаар олимпийн эрх авахаар дайрсан уу?
- Тэр нь амар шүү дээ. Би 2004 онд цагаан хуудсаар, 2008 онд “Б” ангиллын норматив биелүүлснээр олимпод уралдсан. Харин энэ удаа бол 2:11,35 хурдалж, “А” ангиллаар олимпийн эрхээ дээд зэрэглэлээр авсандаа тамирчин хүний хувьд баяртай байна. Одоо марафоны эрэгтэйчүүдийн болзол 2:15,00 тул энэ эрхийг хангасан хоёр ч тамирчин Монголоос оролцох үүд хаалга нээгдэж байна гэсэн үг.
- Одоо өөр уралдаанд орох уу? Сая Лондоны марафонд түрүүлсэн Кенийн Мутайтай ижил нэрт гүйгч Бостонд түрүүлсэн байсан шүү.
- Мэдээ авсан. Ийм шахуу уралдаад ч ашиггүй л болов уу. Би эндээ 5 сарын 15 хүртэл бэлтгэлээ тасралтгүй хийнэ. Уралдвал 10 км-т л үзнэ дээ. Урт марафоноос одоохондоо татгалзана гэж дасгалжуулагчтайгаа ярилцсан.
- Энэ оны гол гараа хаана вэ?
- Мэдээж 9 сарын сүүлчээр БНСУ-ын Дэгү хотноо болох Дэлхийн АШТ.
- Англид байгаа монголчуудтай холбоотой байна уу?
- Бид хоёр зав маш муутай тул холбоо сүлбээ тогтоож амжихгүй л байна. Гэхдээ ганц хоёр танил бий. Манай багш О.Оюунтаяагийн эгч нь энд англи хүнтэй ханилаад, эндхийн айл болсон тул тэднийхтэй л их ойр дотно байнадаа.
- Англид байх зардлыг хаанаас гаргасан бэ?
- БТСГ-аас бидний бүх зардлыг даасанд талархснаа илэрхийлж байгааг минь уламжилж өгнө үү. Одоо Лондонгоос авсан эрхээ Лондон-2012 олимпийн амжилтаар улам сайн бататгах л үлдлээ. Дашрамд хэлэхэд, олон жил ижил дасал болсон хөнгөн атлетикийнхнаа төлөөлж олимпийн анхны эрхийг манлайлан авсандаа баяртай байна. Монголын олон тамирчин Лондон-2012 олимпийн эрхийг эх оронд авчрахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!
Бат-Очирын Сэр-Од 1981 оны 10 сарын 7-нд Говь-Алтай аймагт төрсөн. Өндөр 170 см, жин 60 кг. 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэсэн. “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер. Анхны дасгалжуулагч нь Дамбын Гомбосүрэн. Одоо Дархан хотын уугуул, гэргий Одонсүрэнгийн Оюунтуяа түүнийг дасгалжуулдаг бөгөөд өөрөө дундын зайн гүйгч байсан. Нэг хүүтэй. Хөгжим сонсох хоббитой. 2010 оны Хофү (Япон), Брайтон (Их Британи)-ы марафонд түрүүлж, Берлинд 10-р байранд орсон.
loading...




Супер залуу Лондонгын олимпоос алт авна аа чи чадна.Бид итгэж байна
loading...
Za alt avah ni ch yu vee yamar ch medegdehuungui hun yum aa ene shinee kkk Gehdee sain bn shuu Ser- Odoo
Chamd amjilt husye
loading...