Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » НБА-ГИЙН “ЦАМХГУУД”

GD Star Rating
loading...

80, 90-ээд оны НБА-гийн багууд өндөр тоглогчдын араас хөөцөлддөг хообийтой байв. Тийм хүнтэй байхад амжилт олно гэж үздэг байсан хэрэг л дээ. Гэтэл энэ үзэл буруу болох нь шинэ зуунд батлагдсанаар клубүүд бахим биет сагсчдад найдвар тавих болсон. Ингээд НБА-гийн түүхэн дэх хамгийн өндөр найман сагсан бөмбөгчийг танилцуулж байна.

8. РИК СМИТС

Өндөр: 224 см

Жин: 113 кг

Иргэншил: Голланд

Баг: “Индиана” (1988-2000)

НБА-д хийсэн тоглолт: 867

Статистик: 14,8 оноо, 6,1 самбар, 1,4 дамжуулалт, 1,3 блок-шот

Сайхан ааштайгаараа хүндлэгдсэн Смит бүх замналаа “Индиана”-д өнгөрүүлсэн. Тэгэхдээ сайн тоглож байсан учир клубийнхээ хайртай тоглогчдын хоёрдугаарт (Миллерийн дараа) явсаар байлаа. Рик 1988 оны драфтын ¹ 2-оор сонгогдсон авч эхний улирлыг Стив Степановичийн нөөц тоглогчийн статустай үдэв. Хэрэв Степанович гэмтэл энэ тэр авч тоглолтын тактикаа үе үе алддаггүй байсан бол Смитст өөрийгөө харуулах боломж олдохгүй байсан гэдэг. Тэр төвийн тоглогч ч гэлээ торгуулийн шидэлтийг 70 хувийн амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ уран гоё дамжуулалт өгдөг байлаа. Гэвч гэмтлээс хол байх үүднээс 2000 оны улирлын дараа спортоо орхиж, мотоцикль цуглуулах хообийгоо хөөжээ.

7. МАРК ИТОН

Өндөр: 224 см

Жин: 132 кг

Иргэншил: АНУ

Баг: “Юта” (1982-1993)

НБА-д хийсэн тоглолт: 875

Статистик: 6 оноо, 7,9 самбар, 1 дамжуулалт, 3,5 блок-шот

Итон азаар НБА-гийн тоглогч болсон. Дунд сургуульд байхдаа усны пологоор идэвхтэй хичээллэж байгаад автомашинд татагдах болсон байна. Тэрбээр машины засварын газ – раа галд үгүй хийчихээд учраа олохгүй байж байхад нь Кипрес хэмээх коллежийн туслах дасгалжуулагч Том Лумбин түүнтэй таарчээ. Лумбин сагсан бөмбөг огт сонирхдоггүй Итоны чихэнд цэцэг ургуулж байгаад бэлтгэл сургуулилалт хийхэд ятгасан байна. Түүнийг хэдэн жил балбаад НБА-гийн драфтад оруулсан боловч нэг бус удаа гологдов. Тиймээс Марк оюутны сагсан бөмбөгөөр дамжин тус лигт орохоор шийдэн UCLA их сургуулийн багт элсчээ. Тэнд хоёр жил сэлгээнд суусан авч “Юта”-гийн тоглогч болж амжлаа. Тэгсэн эхний улиралдаа 275 блок-шот хийн НБА-гийн дээд амжилт тогтоов. Улмаар хоёр дахь улиралдаа 351, дараагийнхад 456 хаалт гүйцэтгэн Билл Рассел, Три Роллинзийн зэрэглэлд яригдах болов. Үүгээр зогсохгүй, улирлын хамгийн шилдэг хамгаалагчаар дөрвөн удаа шалгарч статусаа огцом өндөрсгөсөн юм.

6. ПАВЕЛ ПОДКОЛЬЗИН

Өндөр: 226 см

Жин: 118 кг

Иргэншил: ОХУ

Баг: “Даллас” (2004-2006)

НБА-д хийсэн тоглолт: 6 Статистик: 0,7 оноо, 1,5 самбар, 0,2 блок-шот

“Би хөдөлмөрч, дээр нь залуу болохоор удахгүй амжилт олно” хэмээн орос эр жилийн жилд хэлдэг авч одоо болтол амжилт олсонгүй. “Даллас”-ын дасгалжуулагчид тал бүрээр дэмжихийн зэрэгцээ тусгайлсан сургалт явуулаад ч Павел өсөн дэвжсэнгүй. Нэг л их том амласан эр хэвээр л байна. Орос тоглогчийнхоо өндрийг оросууд өөрсдөө ашиглахаар “Химки”, “Нижний Новгород” багууд элсүүлсэн ч аль нь ч түүний учрыг олсонгүй.

5. ЧАК НЕВИТТ

Өндөр: 226 см

Жин: 113 кг

Иргэншил: АНУ

Баг: “Хьюстон” (1982-1983), “Лейкерс” (1984- 1985), “Детройт” (1985-1988), “Чикаго” (1991), “Сан-Антонио” (1991).

НБА-д хийсэн тоглолт: 155 Статистик: 1,6 оноо, 1,5 самбар, 0,7 блок-шот

“Би хамгийн өндөр учир самбараас бүх бөмбөгийг авах ёстой” хэмээн ярьдаг ч Невитт үүнийгээ бодит байдал дээр хэрэгжүүлж чадаагүй. Талбайд өнгөрүүлсэн цагийг нь нэгтгэвэл 18 тоглолт болох гэнэ. Нийт таван багт “голден” хийж явахдаа “Лейкерс”-ийн хамт НБА-гийн аварга болоод амжсан.

4. ЯО МИН

Өндөр: 229 см

Жин: 141 кг

Иргэншил: БНХАУ

Баг: “Хьюстон” (с 2002 года)

НБА-д хийсэн тоглолт: 481

Статистик: 19 оноо, 9,2 самбар, 1,6 дамжуулалт, 1,9 блок-шот, 0,4 бөмбөг таслалт

Тэрбээр НБА-гийн шилдэг төвийн тоглогчдын нэгд гарцаагүй нэрлэгдэж байсан. Эхний гурван улирлын 246 тоглолтын 244-т нь оролцон Хойд Америкт шагшигдаж байв. Гэтэл “Хьюстон” плей-оффын эхний шатнаас дээш ер ахиж байсангүй. Харин өөрөө сүүлийн жилүүдэд гэмтэлд өртөх болж, талбайд бараг гарсангүй. Ийм байдлаараа хятад эр спортоо орхиж магадгүй болоод байна.

3. ШОН БРЭДЛИ

Өндөр: 229 см

Жин: 125 кг

Иргэншил: АНУ, Герман

Баг: “Филадельфи” (1993-1995), “Нью-Жерси” (1995-1997), “Даллас” (1997-2005)

НБА-д хийсэн тоглолт 832

Статистик: 8,1 оноо, 6,3 самбар, 0,7 дамжуулалт, 2,5 блок-шот, 0,6 бөмбөг таслалт

1993 оны драфтын ¹ 2-оор “Филадельфи”-д очиход нь “Аварга биетүүдийн шинэ эринг тэр эхлүүлнэ” хэмээн Хойд Америк шуугицгааж байв. Гэвч жинхэнэ Брэдли “Даллас”-т харагдсан. Тус баг түүнд зориулан тоглолтын тусгай схем бий болгосноор Шоны өндрийг үр өгөөжтэй ашиглах болсон. Хамгийн чухал хаалт, таслалтыг тэр л хийж байсны дүнд өнөөгийн хүчирхэг “Даллас”-ын суурь тавигдсан юм. Гэвч хөл нь ачаалал даахгүй байсан тул тоглох хугацаа нь жил ирэх тусам багассаар спортоо орхиход хүрсэн. Гэсэн ч аварга биетүүдээс НБА-д хамгийн удаан хугацаанд тоглосон сагсан бөмбөгч болсон.

2. ГЕОРГЕ МУРЕШАН

Өндөр: 231см

Жин: 143 кг

Иргэншил: Румын

Баг: “Вашингтон” (1993-1997), “Нью-Джерси” (1998-2000)

НБА-д хийсэн тоглолт: 307

Статистик: 9,8 оноо, 6,4 самбар, 0,5 дамжуулалт, 1,5 блок-шот, 0,6 бөмбөг таслалт

Түүнийг төрөлх “Клуж” багтаа тоглож байхад нь Францын “По-Ортез”-ийн скаут олж харжээ. Тэнд очоод хэдэн улирал тоглоод НБАгийн “Вашингтон”-д драфтлагдсан ч бэртлийн улмаас улирлын 20 гаруй тоглолтыг өнжив. Харин дараа жилээс нь чангарч, 8 оноо, 6,4 самбар, 0,5 дамжуулалт, 1,5 блок-шот, 0,6 бөмбөг таслалтыг нэг тоглолтод гүйцэтгэдэг болжээ. Үүний дүнд НБА-гийн амжилт нь ахисан шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Гэвч үүнээс хойш муу тоглох болж, олон баг дамжлаа. Аварга бие хөлд нь асар их ачаалал өгч байснаас болж багтаа ашиг тус өгөх нь эрс буурчээ. Тиймээс 29 настайдаа спортоо орхисон байна.

1. МАНУТ БОЛ

Өндөр: 231 см

Жин: 102 кг

Иргэншил: Судан

Баг: “Вашингтон” (1985-1988, 1994), “ГолденСтейт” (1988-1990), “Филадельфи” (1990-1993, 1994), “Майами” (1994)

НБА-д хийсэн тоглолт: 624

Статистик: 2,6 оноо, 4,2 самбар, 0,3 дамжуулалт, 3,3 блок-шот, 0,2 бөмбөг таслалт

Түүний хийж чаддаг ганц зүйл бол блок-шот байлаа. Тиймээс айлын өч төчнөөн шидэлтийг хааж байв. Тоглолтын нэг үед найман удаа хаасан амжилт нь рекорд болон одоо хүртэл оршин тогтсоор байна. Харин хоёрдугаар улирлаас эхлэн айлын тоглогчид түүний эсрэг тоглож сурч эхэлжээ. Гол зэвсэг нь ажиллахаа байсан тул холын зайнаас шидэлт гүйцэтгэх барилд суралцаж овоо үр дүнд хүрсэн бол НБА-д нийт 20 удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн байдаг.

Аварга биет эр алсын шидэлтийг хэрхэн гүйцэтгэхийг харах гэж мянга мянган хүн цэнгэлдэхэд очдог байв. Гэвч мөн л гэмтлийн улмаас спортоо орхиход хүрсэн. Гэхдээ зүгээр суусангүй. НБА-д дөнгөж хөл тавьж байсан өндөр нуруут залуус болох Брэдли, Мурешанд хоёр жилийн турш хичээл заасан.

GD Star Rating
loading...
НБА-ГИЙН “ЦАМХГУУД”, 9.9 out of 10 based on 11 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. ZZzzZZ says:

    Goy medeelel bnaa gehdee zuragnuud n bsan bol iluu sonirholtoi baih baijdee

    GD Star Rating
    loading...
  2. mj says:

    manute bol 2010 ond nas barsan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: