Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Хөнгөн атлетик » Эршүүд байхын зовлон

GD Star Rating
loading...

ӨАБНУ-ын хөнгөн атлетикч Кастер Семеня “Лондон-2012” олимпод оролцож, медаль хүртэх том зорилт өмнөө тавьжээ. Үүний өмнө Дэгүд зохиогдох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох хүсэл дүүрэн байна. Түүнийг 2009, 2010 оны ДАШТ-д уралдан, хал үзэж, хашир суусныг тэмдэглэх нь зүйтэй. Өдгөө дөнгөж 19 хаврыг ардаа үдэж буй Семеня нас бага боловч амжилт хийгээд адал явдлаараа хэдийнэ олны хараанд өртсөн.

2009 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ий 800 метрийн гүйлтэд аваргалсны дараа түүнийг баяр баясал бус, эмэгтэй гэдэгт нь эргэлзсэн элдэв цуу яриа дагасан юм. Хэтэрхий эршүүд, булчин шөрмөс нь зангирсан энэ “этгээд” яавч бүсгүй хүн биш хэмээн дүгнэх хүн олон гарав. Төрөлх оронд нь ч гэсэн ийм хэл ам нэг бус удаа гарсан юм. Лимпопо голын хөвөөнд тоглож өссөн Кастер гурван эгч, нэг ахтай. Тэрбээр ахтайгаа амь нэгтэй бөгөөд үе тэнгийнхээ хөвгүүдтэй тоглож өсчээ. Ялангуяа хөлбөмбөгт авьяастай байлаа.

Эршүүд байдал нь түүнийг алсдаа хөөднө гэж таамаглаагүй тэрбээр хөлбөмбөгөө орхин, хөнгөн атлетикт хурд сорьж, үеийн охидоо хошуучилсаар ирсэн юм. 2008 оны өсвөрийн ДАШТ-ий 800 метрт түрүүлснийх нь дараа түүнийг эмэгтэй гэдэгт үл итгэх явдал газар авсан бөгөөд “Би эмэгтэй гэдгээ нотлохын тулд ямар ч шинжилгээ өгөхөөс буцахгүй” гэж мэдэгдэж байжээ.

Харин 2009 оны ДАШТ-ий дараа энэ асуудал дахин мандаж, 800 метрт манлайлсан амжилтыг нь Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ноос түдгэлзүүлж, тэмцээнд оролцох эрхийг нь хассан явдал Кастерт том цохилт болжээ. ДАШТ-ий дараа Кастер Семеня хүйс тодруулах шинжилгээ хийлгэсэн боловч хариуг нь IAAF чанд нууцлан, энэ тухай ямар ч тайлбар хийгээгүй билээ. АНУын хөнгөн атлетикч Майкл Жонсон тус холбоог шүүмжлэн “IAAF-д тамирчны амьдралаар тоглох эрх байхгүй. Шинжилгээний хариуг нууцалж байгаа юм бол тэмцээнд оролцох эрхийг нь хаан боогдуулж болохгүй” гэж өгүүлж байв.

Хүйс тодруулах шинжилгээ өгөхийн тулд Кастер Истанбул, Парис, Монако хүртэл явахад хүрчээ. Энэ үеэр Өмнөд-Африкийн нэгэн сонинд түүнийг хорт хавдраар өвчилсөн гэсэн мэдээ цацагдсан нь залуу Кастерийн сэтгэлд багагүй дарамт учруулсан аж. 2010 он гарснаас хойш эдгээр цуу яриа хэсэгтээ намжиж, эр, эм нь ялгагдахгүй түүнийг хүмүүс бараг мартах тийшээ хандав.

Харин 2010 оны дундуур IAAF Кастерийг тэмцээнд оролцоход тавьсан хоригоо цуцалснаар африк бүсгүй уралдааны замдаа эргэн ирэх нь тодорхой болсон юм. Түүний өмгөөлөгч Семени Жеффри Кесслер “Эцсийн бүлэгт Кастер бэлтгэлдээ эргэн орж, тэмцээнд оролцох боломж нээгдсэнд баяртай байна. Тэр бусад эмэгтэйчүүдийн л адил шүү дээ.

20 ч хүрээгүй тэрбээр яаж энэ их дарамтыг туулж гарсныг би гайхдаг юм” хэмээн өгүүлжээ. Эмэгтэй гэдэг нь нотлогдож, бүсгүйчүүдтэй өрсөлдөх боломж бүрдсэн Кастер 11 сар хүлээсний эцэст ийнхүү их спортдоо эргэн ирж, хөнгөн атлетикийн өсвөрийн ДАШТ, Хамтын нөхөрлөлүүдийн орнуудын наадамд оролцох эрхтэй болсон юм. Тэрбээр Преторигийн их сургуульд спортын эрдэм шинжилгээний чиглэлээр суралцдаг. Чөлөөт цагаараа хөлбөмбөг тоглох дуртай бөгөөд их сургуулийнхаа эмэгтэйчүүдийн багт тоглодог аж.

GD Star Rating
loading...
Эршүүд байхын зовлон, 9.6 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: