loading...
Энэ сарын 21-23-нд Сербийн нийслэл Белград хотноо боксын олон улсын тэмцээн явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд анх 64 боксчин оролцох төлөвтэй байсан ч яваандаа энэ тоо эрс нэмэгдэж, мэдүүлгээ өгсөн тамирчдын тоо 100 хол давсан байна. Тиймээс зохион байгуулагчид тэднийг бүгдийг нь хамруулжээ.
Сербийн рингэнд талбайн эздээс гадна Казахстан, Узбекистан, Энэтхэг, Унгар, Болгар, Герман, Алжир, Македон, Шотланд, Катар, Босни, Молдав, Монгол зэрэг орны ширэн бээлийтнүүд 10 жинд аваргаа тодруулсан байна. Энэ тэмцээнд манайхан амжилттай оролцож, хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
49 кг: 1.Георгий Андонов (Болгар) 2.Гансэлэмийн Ариунболд (Монгол) Залуу тамирчин Ариунболд Болгарын Андоновын эсрэг муугүй тэмцэж, 10:8-аар ялагдан мөнгөн медаль хүртсэн байна. Түүний бусад тоглолтын дүн олдсонгүй.
52 кг: 1.Пүрэвдоржийн Сэрдамба (Монгол) 2.Ваня Бакич (Серб) 3.Ненад Дмитревич (Себр), Стефан Иванов (Болгар) Өмнөх хоёр тэмцээнээс мөнгө, хүрэл медаль аваад байсан дэлхийн аварга П.Сэрдамба Сербийн рингнээс алтан медальтай ирж байна. Тэр эзэн орны тамирчин Дмитревичийг 11:3-аар хөнгөхөн ялж финалд шалгараад аваргын төлөө мөн л Сербийн Бакичийг 17:6-гаар хожжээ.
56 кг: 1.Шива Тапа (Энэтхэг) 2.Детелин Далаклиев (Болгар) 3.Кристиан Нагу (Унгар), Нурбол Калжанов (Казахстан) Д.Идэрхүү эхний даваанд дэлхийн аварга Далаклиевт 3:1-ээр хожигдон медальгүй хоцорчээ. Сингапурын залуучуудын олимпийн дэд аварга Энэтхэгийн Тапа финалд болгар эрийг 9:8-аар хожиж, багахан дуулиан дэгдээсэн юм.
60 кг: 1.Жош Тэйлор (Шотланд) 2.Бариадын Жавхлан (Монгол) 3.Миклос Варга (Унгар), Самат Башенов (Казахстан) Жавхлан тэгшитгэх тоглолтод Э.Димитровоор бие халаалт хийн 12:2-оор хожоод хагас шигшээд Казахстаны Башеновтой хүндхэн тулаан хийж, 16:12- оор ялжээ. Гэвч шигшээ тоглолтод Шотландын Тэйлорт 11:9-өөр хожигдон мөнгөн медаль хүртсэн байна. Жавхлан өмнөх хоёр тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртээд байв.
64 кг: 1.Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (Монгол) 2.Гуила Кэйт (Унгар) 3.Санжарбек Рахмонов (Узбе кистан), Алмазбек Алибеков (Казахстан) Сэрдамбын ялалтын буухиаг Мөнх-Эрдэнэ үргэлжлүүлж, Монголын багийн хоёр дахь алтыг авчирчээ. Тэр эхлээд Азийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн М.Кумарыг 3:1-ээр ялж, медальгүй үлдээгээд их шөвөгт Узбекистаны Рахмоновыг туслах оноогоор хожсон байна. Гурван үеийн тоглолтын дараа хажуугийн шүүгчдийн өгсөн оноо 8:8 болон тэнцсэн ба туслах оноо тоолоход гавьяат илүүрхжээ. Улмаар энэ эрчээрээ ДАШТ-ий хошой хүрэл медальт, жингийнхээ эвгүй өрсөлдөгчдийн нэг Кэйтийг 15:9-өөр сөхрүүлэн тун чанартай алтан медаль авлаа.
69 кг: 1.Манат Омиржаков (Казахстан) 2.Арпад Клаш (Унгар) 3.Предраг Ковачевич (Серб), Эштон Браун (Шотланд) Залуу тамирчин Ж.Отгонжаргал эзэн орны боксчин Ковачевичид 9:5-аар дийлдэн хоосон хоцорлоо.
75 кг: 1.Ахмад Мамаджанов (Узбекистан) 2.Александр Дреновак (Серб) 3.Никола Йованович (Серб), Золтан Харжа (Унгар) Т.Чулуунтөмөр Унгарын Харжад гуравдугаар үед хүнд цохилтоор ялагдан тэмцээнээ дуусгасан байна.
81 кг: 1.Амазат Белгибаев (Казахстан) 2.Имре Зелло (Унгар) 3.Элшод Расулов (Узбекистан), Скотт Хартли (Шотланд) С.Эрдэнэбаяр тун хүнд сугалаа татаж, эхний даваанд дэлхийн аваргын мөнгө, Азийн наадмын хошой алтан медальт Узбекистаны Расуловтой таарчээ. Энэ тоглолтод узбек эр 4:1-ээр илүүрхсэн юм. Харин Расулов хагас шигшээд Казахстаны Белгибаевт нэгдүгээр үед хүнд цохилтоор ялагджээ.
91 кг: 1.Тервел Пулев (Болгар) 2.Сергей Ходич (Герман) 3.Манприт Сингх (Энэтхэг), Мирзохид Абдуллаев (Узбекистан)
+91 кг: 1.Парамжит Самота (Энэтхэг) 2.Мане Марчета (Босни) 3.Рустам Ригабаев (Казахстан), Примислав Димовский (Македон) Д.Идэрбат тус тэмцээнд түрүүлсэн Энэтхэгийн Самотатай эхний даваанд таарч, 25:9-өөр ялагджээ.
Ийнхүү Европын гурван цуврал тэмцээнд хүч сорьсон манай нэгдүгээр шигшээгийн тамирчид нийт хоёр алт, долоон мөнгө, зургаан хүрэл медаль хүртлээ. У.Мөнх-Эрдэнэ (нэг алт, хоёр мөнгө), П.Сэрдамба (нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл), Б.Жавхлан (хоёр мөнгө, нэг хүрэл) нар гурван тэмцээнээс медаль хүртсэн бол Г.Ариунболд нэг мөнгө, нэг хүрэл медаль авсан юм.
loading...



