loading...
2008 онд “NBA”-гийн тоглогчдын холбооноос гаргасан судалгаагаар зодог тайлсан сагсан бөмбөгчдийн 60 хувь нь таван жилийн дотор дампуурдаг ажээ. Яагаад гэдэг нь тодорхой. Ихэнхи олон сая долларын гэрээ байгуулсан мэргэжлийн тамирчид мөнгөндөө тун үрэлгэн ханддаг.
Шинэ загварын спорт машин, тансаг харш, үнэт эдлэл, шоу цэнгээнд тэд сая саяар цацдаг ч өөр лүү нь ирэх “ногоон”-ы урсгал зогссоны дараа бага зэргийн шоконд ордог аж. Мэдээж хэрэг бизнест хөл тавьж, зөв зүйлд хөрөнгө оруулалт хийж сайхан амьдарч байгаа одууд байгаа л дээ. Гэхдээ олонхи нь тийм биш. Эхний жишээ.
Ерээд оны дундуур Лэтрелл Спрюэлл “Голден Стэйт Уорриорз”-д гялалзаж байсан. Бүх оддын тоглолтод 1994, 1995, 1997 онуудад дуудагдаж, хурдтай, хүчтэй тоглолтоороо “Наргианч” гэсэн хочтой болоод байлаа. Алдар нэрэндээ хэтэрхий бардсан Лэтрелл 1997 онд дасгалжуулагч П.Ж,Карлесимотой маргалдаж багалзуурдан үймээн дэгдээсэн.
Үүнийхээ төлөө дүрсгүй Спрюэлл 68 тоглолтын торгууль хүлээсэн ч карьер нь уруудалгүй “Нью Иорк Никс”, “Миннесота Тимбервулвз”-д үргэлжлүүлэн зүтгэсэн юм. Эдгээр жилүүддээ Лэтрелл хангалттай цалин авч бараг 100 сая ам.доллар халаасалсан байлаа. Харин аз жаргалтай өдрүүд нэг л мэдэхэд хийсэн одлоо. 2004 оны намар “Тимбервулвз” түүнд гурван жилийн 30 сая ам.долларын гэрээ санал болгосон ч “Би чинь эхнэр хүүхэдтэй хүн. Тэднийгээ тэжээх хэрэгтэй юм байгаа биздээ. Багийн эзэд ахиухан мөнгө санал болгохгүй бол энэ гэрээг чинь хүлээж авч чадахгүй” хэмээн татгалзсан.
Гэр бүлийнхнээрээ түрий барьж ахиухан цалин авах гэсэн Спрюэллийн саналыг “Тимбервулвз” хүлээж аваагүй бөгөөд 30 саяын санал дээрээ нэг ч цент нэмсэнгүй. Ингээд 2005 оны зун гэхэд бардам Спрюэлл ажилгүй болж лааз өшиглөгчдийн эгнээнд нэгдлээ. Сагсан бөмбөг тоглохоос өөр ид шидгүй Спрюэллийн хөрөнгө энэ үеэс огцом буурч 2007 он гэхэд түрээсийн мөнгөө төлж чадаагүйн улмаас “Milwaukee’s Best,” дарвуулт завиа хураалгалаа.
Яваандаа данс нь улайж эхлэхийн хамт Спрюэлл өр ширэнд орооцолдож эхэлсэн. “Уэстчестер” дэх олон саяын өртөгтэй харшаа 2009 онд тэрээр өрөнд алдаж орон гэргүй болжээ. Өдгөө ноён Спрюэлл хүүхдүүдтэйгээ ч уулзах эрхгүй даржин амьдарч явна.
“Төмөр” Майк Тайсон бас л ийм замаар алхсан. Тайсон мэргэжлийн ертөнцөд аянга цахих мэт дуулиан шуугиантай гарч ирж байлаа. Тэрээр мэргэжлийн рингэнд хийсэн эхний 19 тулаанаа хүнд цохилтоор дуусгаж байсан бөгөөд зарим өрсөлдөгчөө эхний үед нам цохиж байв. Харамсалтай нь хүнд жингийн шинэ аварга маань 1992 онд хүчингийн хэргээр гурван жилийн хорих ял шүүхээс сонссон. “Нарс”-наас гарч ирээд Тайсон алдагдсан нэр хүндээ эргүүлж олохоор зогсоо зайгүй тулаанд оролцож байлаа.
Гэвч 1997 онд Эвандер Холифилдийн чихийг тас хазсанаасаа хойш мэргэжлийн боксын ертөнцөөс мартагдсан. Тэр рингэнд дахиж хэзээ ч аварга болоогүй. Боксын карьерийнх нь үеэр мөнгө Тайсоны хувьд асуудал байсангүй. Тэрээр энэ спортын ачаар бараг 400 сая ам.доллар халааасалсан байлаа. Гэхдээ карьераа дуусгахдаа үүнийхээ ихэнхийг Тайсон үрчихсэн байсан юм.
Байнгын орлогогүй болсон “Төмөр” залуу маань удалгүй өр зээлэнд баригдаж тансаг харш, үнэтэй машин, барнуудаасаа хагацахад хүрсэн юм. Нөхөр “бар” тэжээдэг байж л дээ. Мөн эхнэрээсээ салахдаа 9 сая долларын өрөнд унасан бол татварын албанд 13 саяыг төлөх хэрэгтэй болсон.
2003 онд ямар ч төлбөрийн чадваргүй болсноо зарлахдаа Тайсон 27 сая долларын өрөнд уначихаад байсан. Өрөө төлөхийн тулд Тайсон өдгөө аялан тоглолт хийж, үзэгчдийг зугаацуулдаг болжээ.
Иймэрхүү жишээг олон мэргэжлийн тамирчдын амьдралаас харж болно. Ингээд бүхэнд зарим нэг дампуурсан оддыг танилцуулья.
Ленни Дикстра (АНУ) – Бэйсбол
MLB-гийн гурван удаагийн бүх оддын тоглолтонд оролцсон “Nails” хочит дэгжин эр. “New York Mets”, “Philadelphia Phillies” багуудад карьерээ өнгөрүүлсэн бөгөөд 1986 онд “Метс”-тэй хамт дэлхийн цувралд түрүүлж байсан. Бэйсбол тоглож олсон мөнгөөрөө зодог тайлсан эхний хэдэн жилдээ Дикстра сайхан амьдарч байсан ч үр дүнгүй их мөнгө зарсны гороо амсаж эхэллээ. Тааруухан санхүүч байсан учраас удалгүй төлбөрийн чадваргүй болж аваргын бөгжөө хүртэл зарахад хүрсэн. Америкийн банк болон бусад газруудад олон саяын өртэй амьдарч байна.
Кенни Андерсон (АНУ) – Сагсан бөмбөг
Кенни NBA-гийн карьераа 9 өөр багт өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаандаа 60 сая доллар халаасалжээ. 1990 онд Аргентинд зохион байгуулагдсан сагсанбөмбөгийн дэлхийн аваргад “Мөрөөдлийн баг”-тай хамт оролцон хүрэл медаль зүүсэн бөгөөд 1994 оны бүх оддын тоглолтод дуудагдаж байлаа. Карьер нь муу гэхээргүй ч хувийн амьдарлдаа тавьтаргүй эр байсан учраас санхүүгийн хямралд өртжээ.
Андерсон гурван удаа гэрлэсэн. Анхны эхнэр Тами Акбар нь салахдаа түүнээс үл хөдлөх хөрөнгийн хагасыг нь авч, мөн сар бүр 8,500 долларын тэтгэлэг хүүхдүүддээ авч байхаар шүүхээр шийдүүлсэн. Энэ мэтчилэн Андерсоноос салсан эхнэр болгон нь хүүхдүүддээ ямар нэгэн байдлаар тэтгэмж авахаар шүүхээр шийдүүлсэн бөгөөд сар бүрийн энэ их тэтгэмжийн мөнгө зодог тайлсных нь дараа мань эрийг сүйрүүлж орхисон. Өдгөө тэрээр ямар ч төлбөрийн чадваргүй болсон бөгөөд сар бүр өгдөг 41 мянган долларын тэтгэмжээ яаж төлөхөө мэдэхгүй л сууна.
Майкл Вик (АНУ) – Америк хөлбөмбөг
NFL-ний “Филадельфия Иглз” багийн куэртэр-бэк, 2001 оны драфтын номер нэг Майкл Вик талбай дээр ч, талбайн гадна ч олны анхаарлын төвд байдаг. “Иглз”-д ирэхээсээ өмнө тэрээр “Атланта Фалконс” багт харьяалагдаж байсан. 2004 онд “Фалконс” Виктэй 10 жилийн 130 сая долларын гэрээ үзэглэснээр NFL-ийн хамгийн өндөр цалинтай тоглогч болж байлаа. Ийнхүү залуу эрийн карьер үлгэрийн юм шиг сайхан өрнөж байсан ч 2007 онд хууль бус нохой зодолдуулах тэмцээнд оролцсон хэргээр буруутгагдаж шоронгийн хаалга татах нь тэр. Хоёр жил спортоос ангид байх хугацаандаа Вик нэр хүнд, өндөр цалин, олон саяын гэрээгээ бүгдийг нь алдаж амаараа шороо үмхсэн. Санхүүгийн талаар тааруухан мэдлэгтэйн дээр, хэтэрхий их тансагладаг байсан учраас Вик хоёрхон жилийн дотор ядуусын эгнээнд нэгдэж төлбөрийн чадваргүй болсноо зарласан. Шоронгоос суллагдсаны дараа “”Филадельфия Иглз”-тэй нэг жилийн 1.9 сая долларын гэрээ байгуулсан.
Дороти Хэмилл (АНУ) – Уран гулгалт
1976 оны Өвлийн олимп, уран гулгалтын дэлхийн аваргад 20 настай “Хонгорхон” Дороти дараалан түрүүлж Америкийн үндэсний баатар боллоо. Залуу бүсгүйн нэр хүнд гэрлийн хурдаар өсөж үүнийгээ дагаад дансанд нь нэмэгдэх мөнгөний хэмжээ өсөж эхлэв. 1993 онд зар сурталчилгааны бизнест хүч сорихоор хувийн компанитай болсон ч бизнесийн ширүүн өрсөлдөөнд уран гулгагч бүсгүй дийлдэж 1995 онд компаниа зарсан юм. Улмаар 1996 онд төлбөрийн чадваргүй болсноо олон нийтэд зарласан. 2008 онд хөхний хорт хавдраас болж амь нас нь аюулын ирмэг дээр тулсан ч мөсөн талбайгаа орхисонгүй. Өвчинтэйгээ тэмцэж, олон нийтийг энэ хорт хавдарын эсрэг хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байлаа. Өдгөө Дороти АНУ-н олимпийн найдваруудын нэг, уран гулгагч Рэйчел Флаттын зөвлөхөөр ажиллаж байна. Мөн мөсөн бүжгээ ч орхиогүй.
Марион Жонс (АНУ) – хөнгөн атлетик
2000 оны Сиднэйн олимпийн гол сенсаацыг Марион Жонс тарьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Олимпийн наадамд эмэгтэй тамирчдын хүрч байгаагүй оргилд тэрээр хүрч гурван алт, хоёр хүрэл зүүж байсан билээ. Тухайн үед олон нийт Марион бүсгүйн гайхалтай амжилтын цаана сэргээшийн булхай нуугдаж байсныг хараахан мэдэж чадаагүй юм.
Хожим Жонсын хуучин нөхөр түүнийг тэмцээний үеэр стеройд хэрэглэж байсныг илчилснээр бүх зүйл ил болсон юм. Эхэндээ Жонс энэ бүхнийг үгүйсгэж байсан ч 2007 онд бүх буруугаа хүлээж сэргээш хэрэглэснээ зарласан билээ. Мэдээж хэрэг Сиднэйн олимпод үзүүлсэн түүний бүх амжилт хураагдаж, алдар нэр ч нь нуран унасан. Хэдхэн жилийн өмнө Жонс оролцсон уралдаан болгоноосоо 80 мянган доллар олдог байсан бол харин одоо төлбөрийн чадваргүй нэгэн болчихоод байна. Санхүүгийн асуудлаас болж Жонс Хойд Каролинад байрлах 2.5 сая долларын өртөгтэй харшаа өрөнд тавьж, ээжийнхээ гэрийг ч зарсан билээ.
Скотти Пиппен (АНУ) Сагсан бөмбөг
Зургаан удаагийн NBA-гийн аварга, “Чикаго Буллз”-ийн домогт тоглогч. 1995-1996 онд 72 хожилтой түрүүлж байсан гайхалтай багийн гол цөм бол Скотти Пиппен гэдэгтэй хүмүүс маргахгүй байх. Пиппен NBA-гийн аварга авсан жилдээ Олимпийн наадамд түрүүлсэн түүхэн дэх цорын ганц сагсан бөмбөгч гэж явдаг. Мөн “Буллз”-аас жерсигээ дархлуулсан дөрөвхөн тоглогчдын нэг.
Харамсалтай нь талбайд үзүүлсэн эдгээр гайхалтай амжилтууд нь түүний карьерийнхаа туршид олсон 120 сая доллароо алдахад тус болж чадсангүй. Мөн тэрээр тийрэлтэт онгоц худалдаж аваад хэдэн сар ч бололгүй 4 саяын өрөнд орсон. Энэ наймааг хийхэд хуульчид нь хайхрамжгүй ажилласан тул тэрээр шүүхээр заргалдаж 8 саяыг нэхэмжилсэн. Гэхдээ шүүхээс түүнийг ч бас хариуцлага хүлээх хэрэгтэй хэмээн үзэж ердөө хоёр саяыг л эргүүлж олгосон юм.
loading...





Dandaa erguu dagznuud yumdaa
loading...
Sonirholtoi medeelel ogsond bayarlalaa. Haruud ugaasaa ih tsatsdag yum shig bgaamaa
loading...
iimrhu yum haraal sonsol unshaal ywhar.. dandaa ehneruud n salsan geh yum.. unher hogiin garuud bh yumaa
loading...