loading...
Монгол Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнийг анх удаа нээлттэй зохион байгуулж, гадаадын тамирчдыг урилгаар оролцуулахаар болсон. Баасан гаригт нээлтээ хийж, бямба, ням гаригт үргэлжлэх энэ тэмцээнд ОХУ, БНХАУ, Казахстан, Франц, АНУ, Тайванийн 70, Монголын 240 тамирчин оролцохоор болжээ. Өчигдөр Тайвань, БНХАУ-ын тамирчид манай улсад ирсэн ба өнөөдөр бусад орны бөхчүүд хүрэлцэн ирэх юм. Тэмцээний талаар Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэрээс тодрууллаа.
-Чөлөөт бөхийн холбоо байгуулагдсан цагаасаа хойш улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр тасралтгүй зохион байгуулж байсан. Харин анх удаа УАШТ-ийг нээлттэй болгож “Mongolian open 2011”-т гадаадын тамирчдыг оролцуулах гэж байна. Тэмцээнийг нээлттэй болгосон нь ямар ач холбогдолтой вэ?
-Манай холбоо 1961 онд байгуулагдаж, 50 жилийнхээ ойг үдэж байна. Энэ хугацаанд олон амжилт гаргаж, 1968 оны олимпоос анх медаль хүртэж байлаа. Өдий хүртэл тив, дэлхийн тэмцээн, олимпоос дав хардсан тоогоор 28 хүн алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Сүүлийн жилүүдэд улс орнууд өөрсдийн нэр хүндээ өсгөх, спортоо сурталчлах зорилгоор УАШТ-ээ нээлттэй зохион байгуулдаг болсон. Тиймээс бид ирэх жил болох олимпод тамирчдаа бэлтгэх болон олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулах боломжтой гэдгээ харуулахын тулд УАШТийг нээлттэй болголоо. Өөрсдөө гадагшаа явалгүй, гаднын тамирчдыг эх орондоо авчраад өрсөлдөж байгаа нь өндөр ач холбогдолтой. Дэлхийн чөлөөт бөхийн холбооны хуанлид энэ тэмцээнээ оруулж чадвал УАШТ-ээ дотооддоо явуулж, “Mongolian open”-ийг олон улсын тэмцээн болгоно. Мэдээж олимпийн дараагийн жилээс энэ асуудлыг ярина.
-Ямар ямар орны тамирчдад урилга илгээсэн бэ?
-20 гаруй улс руу урилга явуулсан. Энэ удаагийн тэмцээнд Азийн тамирчид нэг их оролцохгүй байгаа нь ирэх сарын 28-нд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистанд болох гэж буйтай холбоотой. Бэлтгэлээ базааж байгаа учраас нааш цаашаа явах боломжгүй байгаа байх. ОХУ, Болгар зэрэг улс УАШТээ нээлттэй явуулахад манай тамирчид ч бас оролцож байсан. Эхлээд нээлттэй болгож зарласныхаа дараа тамирчид ирэх болов уу, хоёр хөршийн тамирчид л ирэх байхдаа гэсэн айдастай байлаа. Харин санасныг бодвол олон улс урилгыг талархан хүлээн авсан. БНСУ, БНАСАУ-ын тамирчид ирнэ гэж байсан боловч улсынх нь аварга шалгаруулах тэмцээн давхцаад ирэх боломжгүйгээ хэллээ.
-Монголын нээлттэй тэмцээнд зургаан орны тамирчин ирж оролцож байгаа нь манай чөлөөт бөхийн тамирчдын нэр хүндтэй холбоотой юу, эсвэл тэмцээний шагналын сан өндөр байна уу?
-Олон талын учир шалтгаантай. ОХУ, Иран, Туркийн тэмцээний шагнал их өндөр байдаг. Нэгдүгээр байр нь 1000 долларын шагналтай байх жишээтэй. Азербайжаны “Алтан гран при”-гийн шагнал 10000 доллар байдаг. Сүүлийн үед эдийн засгийн байдлаас шалт гаалан тамирчид шагнал өндөртэй тэмцээнд оролцох нь их болсон. Тиймээс манай тэмцээнийг хамтран зохион байгуулж буй “Женко” группийнхэн энэ асуудалд анхаарлаа хандуулсан. Урьдчилсан байдлаар алтан медалийг 500-1000 доллар дагалдах төлөвтэй байна. Түүнээс гадна манай эмэгтэй тамирчид дэлхийн тэмцээнд амжилт гаргаж байгаа учраас нэр хүнд нь өсөж, тэдэнтэй барилдаж үзэх сонирхол гаднын тамирчдад бий болсон нь ч нөлөөлсөн.
“Mongolian open 2011” тэмцээн “Тэмц, тэгээд ял” гэдэг уриатай. УАШТ-ийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, гадаадын тамирчдыг урьсан учраас тэмцээнд зориулсан лого, дуутай болжээ. Сүлд дууг “Take off” хамтлагийн дуучин Баясук дуулсан аж. “Mongolian open 2011” Спортын шинэ цогцолборт болох ба үзэгчдийг үнэгүй үзүүлэх юм билээ. Түүнчлэн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдэд 1000 ширхэг хүзүүний ороолт, энгэрийн тэмдэг бэлэглэхээр төлөвлөжээ. Ороолтны нэг талд Төрийн дууллын үг, нөгөө талд нь Монгол Улсын төрийн далбааны зураг байх юм. Тэмцээнийг “Женко” групп зохион байгуулж, ивээн тэтгэж байгаа бөгөөд бүх тамирчныг “Баянгол” зочид буудалд байрлуулж, хувцас, цүнх, аяга, усны сав зэргийг бэлэглэжээ.
loading...




ene yostoi tasarhai yum bolj bga yum bnaa. temts tegeed yal!!!
loading...