Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Chess news #2

GD Star Rating
loading...

Ази тивийн АШТ эхэллээ.

Энэ сарын 2-10ны өдрүүдэд Иран улсын Мешхад хотод болж буй Ази тивийн эмэгтэй шатарчдын 2011 оны хувийн аварга шалгаруулах тэмцээнд 8 орны 29 тамирчин оролцож байна.

Тэмцээний чансааг ОУМ Х.Дронавалли (Энэтхэг,2520), ОУМ Б.Мөнгөнтуул (Монгол,2463) ЭИМ Тан Жонгий (БНХАУ,2401), ЭИМ Хуан Киан (БНХАУ,2400) нар магнайлж буй бөгөөд манай ЭИМ Т.Батчимэг (2313) 16-д жагссан байна.Хоёр тавилын дараа ОУМ Б.Мөнгөнтуул, ЭИМ И.Сукандар (Индонез,2362) нар 2 оноотой хошуучилж эхлэв.

ЭИМ Т.Батчимэг эхний тавилд хасах оноо авч дараахад нь гоц мөргөжээ.

Сурагчдын ДАШТ-ий явцаас

Польшийн Краков хотноо явагдаж буй Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 тавилын дараа О.Чингүүн (B-9 хөвгүүдийн насны ангилал), Т.Мөнхзул (G-9 охидын) хоёр 3, Д.Номин-Эрдэнэ (G-11) 2,5  Н.Отгонбаяр (B-11), Ц.Бат-Эрдэнэ (B-11), С.Жаргалмаа (G-13), Г.Сайханзаяа (G-15) нар 2, Б.Ирмүүнтулга (B-7) 1,5 оноотой байна.

Тэмцээн өнөөдөр завсарлаж байгаа бөгөөд 9ний өдөр өндөрлөнө.

Өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээн

Энэ сарын 4-27ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо явагдах Дэлхийн аваргатай өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээнд Дэлхийн аваргын төлөө 2010 онд В.Анандтай тулалдсан В.Топалов (Болгар,36 настай,2775 чансаатай), чансаагаар шалгарсан В.Крамник (ОХУ,35,2785), ФИДЕ-гийн “Том цом”-ын эзэн Л.Аронян (Армен,28,2808), Азербайжан улс энэ тэмцээнийг зохион явуулах шийдвэр гаргаж байх үед эрх авсан Ш.Мамедьяров (Азербайжан,26,2772), 2009 оны Дэлхийн цомын эзэн Б.Гельфанд (Израиль,43,), энэ тэмцээнд оролцохоос татгалзсан М.Карлсены (2815) оронд “Том цом”-д 3-р байр эзэлсэн үзүүлэлтээр шалгарсан А.Грищук (ОХУ,27,2747), “Том цом”-ын тэмцээнд 2-р байр эзэлсэн Т.Ражабов (Азербайжан,24,2744), Дэлхийн аваргын өрсөлдөгчийг шалгаруулах 2009 оны төгсгөлийн тулаанд оролцогч Г.Камский (АНУ,35,2732) нар оролцон олимпийн системээр өрсөлдөж байна.

Сугалааны дагуу В.Топалов – Г.Камский, Ш.Мамедьяров – Б.Гельфанд нарын хос өрсөлдөгчдөөс шалгарсан нь В.Крамник – Т.Ражабов, Л.Аронян – А.Грищук нарын ялагчтай төгсгөлийн шатанд Дэлхийн аваргын титмийн төлөө тулалдах юм.Эхний хоёр шатанд 4 өрөг нүүх бөгөөд тэнцсэн тохиодолд 4 рапид өрөг, 10 блиц улмаар армогеддон өрөг тоглож ялагчийг тодруулах журамтай.

Аваргын төлөө тулаанд 6 өрөг тоглох бөгөөд тэнцвэл өмнөх журмын дагуу аваргыг тодруулах ажээ.

Тэмцээний шагналын сан 420 мянган евро бөгөөд эхний шатанд хасагдсан шатарчин 30000, дараачийн шатных 60000-ыг авах гэх мэтчилэн хүртэцгээж  үлдсэн 180000-ыг нь аваргын төлөө тулалдсан хоёр тэнцүү хуваах юм байна.Эхний шатны үндсэн өргүүдийг 5-8ны өдрүүдэд нүүх бөгөөд 9ний өдөр тай-брейк тоглож 2 өдөр завсарлана.

 

 

GD Star Rating
loading...
Chess news #2, 8.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: