loading...
NHL-ийн плей-оффын гурван тоглолт өчигдөр явагдлаа. Дорнод конференцийн тэргүүн байраар шалгарч, эхний даваанд “Рейнжерс”-ийг зовлон багатайхан хожсон “Вашингтон” бүсийн хагас шигшээд “Тампа Бэй”-гээс ганц ч хожил салгаж чадалгүй плей-оффоос мултрав. Тэд эхний хоёр тоглолтод талбайдаа ялагдсан нь цувралын хувь заяаг шийдсэн гэж болно. Нэгэнт давуу байдлыг бий болгосон “Тампа” удаах хоёр тулаанд 4:3, 5:3-аар дараалан ялсан юм.
Ингэснээр нийслэлийн баг сүүлийн 12 улирлын турш плей-оффын эхний хоёр шатыг давж чадаагүй гэсэн тааруухан намтартай болж байна. Гэхдээ Овечкиний багийг ийм эрт мултарсанд гайхах хүн цөөн байгаа. Учир нь тэд улиралд гялалзтал сайн тоглодог ч плей-оффт гарч ирээд сул дорой болчихдог муу зуршилтай. Өнгөрсөн жил л гэхэд авсан оноогоор лигийн бүх багийг тэргүүлсэн хэрнээ эхний шатанд сулхан “Монреаль”-д хожигдсон билээ. “Вашингтон” ийн мултарснаар тус багийн лидер А.Овечкин Словакт болж буй ДАШТ-д Оросын шигшээд туслах боломжтой боллоо.
“Кэпиталс”-ын араас плей-оффыг орхиход ойртсон бас нэг баг байгаа нь “Детройт Ред Уингз”. “Улаан жигүүрүүд” эхний шатанд “Финикс”-ийг дөрөв дараалан хожиж, өнгөлөг харагдаж байсан ч дараагийн даваанд гарч ирээд “Сан-Хосе”-д гурав дараалан ялагдчихлаа. Уг нь NHLийн плей-оффын түүхэнд цувралд 0:3-аар хожигдож яваад дараалан дөрөв ялсан тохиолдол хэд хэд бий.
Өнгөрсөн жил л гэхэд “Филадельфи” иймэрхүү байдлаар “Бостон”-ыг мулталсан билээ. Гэхдээ “Детройт” дээрх түүхийг давтана гэдэгт итгэхэд хэцүү байна. Учир нь өрсөлдөгч баг “Сан Хосе” улирлын төгсгөлд гайхалтай сайн формтой байж, плей-оффт энэ эрчээ алдалгүй тоглож байгаа болохоор давуу талаа тийм ч амар алдахгүй биз ээ.
loading...



