Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Лондонгийн төлөөх өрсөлдөөний шийдвэрлэх үе эхэллээ

GD Star Rating
loading...

Ж ү д о ч д ы н “ Л о н д о н – 2 0 1 2 ” олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөний шийдвэрлэх үе Азербайжаны Баку хотноо зохиогдсон Гранпри тэмцээнээр эхэллээ. Өнгөрсөн жилийн өдийд эхэлсэн жүдочдын их сунгаа замынхаа дунд орж буй нь энэ бөгөөд амжилтын оноог нь Бакугийн Гранпригээс эхлэн 100 хувиар бодох юм (P.S: Өнгөрсөн жилийн Тунисийн Гранпригээс энэ оны тивийн АШТ-үүд хүртэлх хугацаанд үзүүлсэн амжилтын онооны 50 хувь нь хасагдах журамтай).

Тунист зохион явуулахаар төлөвлөсөн ч тус улсын дотоодын нөхцөл байдлын улмаас Баку руу шилжүүлсэн энэхүү тэмцээнд 49 орны 204 эрэгтэй, 135 эмэгтэй, нийт 339 жүдоч хүч үзлээ. Энэ оны нэгдүгээр сард жин бүрийн шилдэг 16 жүдочийн “Мастерс” тэмцээнийг зохион байгуулсан азербайжанчууд ийнхүү хагас жил хүрэхгүй хугацааны дотор өндөр зэрэглэлийн хоёр дахь тэмцээнээ хүлээн авсан юм. Бакугийн Гранприд манай улсаас зургаан эрэгтэй, дөрвөн эмэгтэй бөх хүч сорьж, хоёр мөнгөн медаль авлаа.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд зодоглосон Ч.Болдбаатар Латвийн Дмитрийс Козловсыг 1.26 минутад, Азербайжаны Нижат Шихализадаг цаг сунгаж тус тус цэвэр ялаад медалийн төлөөх барилдаанд Пан-Америкийн гурван удаагийн аварга, Канадын Серхио Пессоаг вазари үнэлгээгээр хожсон. Улмаар хагас шигшээд ДАШТий алт, мөнгөн медальт, Украины Георгий Зантараяг давуулж тохох гээд дайрахад нь сөрж хонгодож цацаад 3.07 минутад цэвэр буулган финалдсан. Харин аваргын төлөө урьд нь 2009 онд Парисын Их дуулга, Варшавын Дэлхийн цомд таараад хожигдож байсан Гүржийн Амиран Папинашвилид юүкогоор дийлдлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг саяхан тивийн АШТ-ий эхний тойрогт таараад хожигдсон Хятадын Сиэ Шишиг хоёр торгуулж, юүкотой тэнцэх үнэлгээ алдсаныхаа дараа вазаригаар буулган ялаад энэ жил Обервартын Дэлхийн цомоос мөнгөн медаль авахдаа хагас шигшээд сөхрүүлж байсан Туркийн Аккуш Сумейег 2.40 минутад иппоноор хожин медалийн болзол хангасан. Хэсгийн аваргын төлөө барилдаанд 2009 оны ДАШТий VII байрын шагналт, Европын 23 хүртэлх насныхны АШТ-ий хошой мөнгөн медальт, Голландын Биргит Энтег хантэйгаар ялсан бол финалд ОХУ-ын Людмила Богдановатай мөн үндсэн болон нэмэлт цагийн найман минутад үнэлгээ авалцалгүй, шүүгчийн саналаар ялагчаа тодруулахад энэ удаа туг нөгөө талд өргөгдөв.

Манай бөх “Бээжин-2008” олимпийн наадмын V байрын шагналт, Европын залуучуудын хошой аварга энэ орос жүдочтой өмнө нь дөрвөн удаа барилдаж, харилцан хоёр ялаад байсан юм. Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Т.Баттөгс өнгөрсөн жилийн ДАШТ-ий гуравдугаар тойрогт таарч торгуулиар дийлдэж байсан Австрийн Сабрина Фильцмозерт мөн тийм байдлаар ялагдан медалиа алдлаа. Манай бөх эхний даваанд хийлж, ОХУ-ын Екатерина Мельниковаг нэмэлт цагт даралтаар хожин наймд үлдсэн юм.

Бусад бөх маань медалийн төлөө барилдаанд шалгарсангүй. 66 кг-д Б.Хишигбаяр Гүржийн Шалва Кардаваг 1.14 минутад цэвэр ялаад залуучуудын ДАШТ болон Европын АШТ-ий хүрэл медальт, Словенийн Рок Дракшичид 1.49 минутад иппоноор хожигджээ. Түүнчлэн жин өгсөн 73 кг-д зодоглосон Х.Цагаанбаатар 2009 оны ДАШТ-ий V байрын шагналт, 2008 оны Азийн дэд аварга Казахстаны Ринат Ибрагимовт 2.36 минутад, 81 кг-д хүч үзсэн О.Ууганбаатар Португалын Диого Лимад хоёр торгуулиар дийлдэв.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа Европын 23 хүртэлх насныхны АШТ-ий мөнгөн медальт, Украины Оксана Диденкод 1.53 минутад цэвэр хожигджээ. Манай бөх энэхүү украин жүдочид энэ жилийн Обервартын Дэлхийн цомд мөн ялагдаж байсан юм. Залуу тамирчин Ц.Наранжаргал Хятадын Доу Шумейгээс техникийн хоёр, торгуулийн нэг юүко үнэлгээ салган ялаад ДАШТ-ий хүрэл медальт, хар тивийн зургаан удаагийн аварга, Тунисийн Хоуда Миледэд нэмэлт цагт даралтаар хожигдсон байна.

Тэмцээний сүүлчийн өдөр манай хоёр шилдэг бөх барилдсан ч медалийн тоог нэмж чадсангүй. -100 кг-д Б.Тэмүүлэн Азербайжаны Заур Багировыг 2.14 минутад цэвэр ялаад ДАШТ-ий мөнгө, олимпийн хүрэл медальт, Израилийн 34 настай жүдоч Ариэл Зеевид 51 секундэд цэвэр дийлдсэн бол +100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, Германы Андреас Тольцерт 3.49 минутад цэвэр хожигдлоо. Олимпийн эрхийн оноо олгох дараагийн тэмцээн Москвагийн Их дуулга энэ сарын 28-29-нд зохиогдох бөгөөд манай улсаас жин бүрт хоёр тамирчин оролцуулахаар мэдүүлгээ илгээсэн байна.

ЭРЭГТЭЙ

60 кг (27 жүдоч): 1.Амиран Папинашвили (Гүрж) 2.Чимэд-Ёндонгийн Болдбаатар (Монгол) 3.Валттери Йокинен (Финланд), Георгий Зантарая (Украин) 5.Серхио Пессоа (Бразил), Тобиас Энглмайер (Герман), Хө Юньлун (БНХАУ), Илгар Мушкиев (Азербайжан)

66 кг (31): 1.Рок Дракшич (Словен) 2.Сугои Уриарте (Испани) 3.Франческо Фаралдо (Итали), Михаил Пуляев (ОХУ) 5.Сергей Дребот (Украин), Мирзахид Фармонов, Улугбек Норкобилов (хоёул Узбекистан), Азамат Муканов (Казахстан)

73 кг (37): 1.Навруз Журакобилов 2.Мирали Шарипов (хоёул Узбекистан) 3.Декс Элмонт (Голланд), Яромир Йезек (Чех) 5.Маочир Мендес (Бразил), Костел Данкулеу (Румын), Питер Шарингер (Австри), Давид Папау (Швейцарь)

81 кг (37): 1.Оле Бишоф (Герман) 2.Элхан Ражабли (Азербайжан) 3.Леандро Гильеро (Бразил), Артем Васыленко (Украин) 5.Антонио Чиано (Итали), Йоахим Боттьеу (Бельги), Сергиу Тома (Молдав), Александр Счьященка (Беларусь)

ЭМЭГТЭЙ

48 кг (22): 1.Людмила Богданова (ОХУ) 2.Мөнхбатын Уранцэцэг (Монгол) 3.Биргит Энте (Голланд), Елена Моретти (Итали) 5.Изабель Латулиппе (Канад), Лиза Кирни (Ирланд), Аккуш Сумейе (Турк), Александра Подрядова (Казахстан)

52 кг (24): 1.Пришчила Гнето (Франц) 2.Хө Цаньцань (БНХАУ) 3.Айнур Самат (Турк), Лаура Гомес 5.Ана Карраскоса (хоёул Испани), Яна Сундберг (Финланд), Мареен Крайе, Роми Тарангул (хоёул Герман)

57 кг (20): 1.Кифаят Гасымова (Азербайжан) 2.Хуй Ван (БНХАУ) 3.Сабрина Фильцмозер (Австри), Хедвиг Каракас (Унгар) 5.Изабель Фернандес, Консепсион Беллорин (хоёул Испани), Ирина Заблудина (ОХУ), Түмэн-Одын Баттөгс (Монгол)

63 кг (19): 1.Алисе Шлезингер (Израиль) 2.Урска Золнир (Словен) 3.Аника ван Эмден, Эстер Стам (хоёул Голланд) 5.Клаудиа Мальзан (Герман), Ярден Герби (Израиль), Вера Коваль (ОХУ), Оксана Диденко (Украин)

70 кг (20): 1.Эдит Бош (Голланд) 2.Анетт Мешарос (Унгар) 3.Сесилья Бланко (Испани), Линда Болдер (Голланд) 5.Эрика Барбьери (Итали), Катарзына Пилочик-Клыш (Польш), Хоуда Милед (Тунис), Илиана Марцок (Герман)

Ж.БАТМӨНХ

GD Star Rating
loading...
Лондонгийн төлөөх өрсөлдөөний шийдвэрлэх үе эхэллээ, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: