loading...
МХБХ-ны Үндэсний “Нийслэл лиг” үргэлжилж байна. Энэ долоо хоногт гурав, дөрөвдүгээр тойргийн тоглолт боллоо. Сонирхолтой нь нийслэл хотынхоо нэрээр нэрлэгдсэн багууд нэг ч гоол хийж чадсангүй. Хоёр тойргийн дараа зургаан оноотой болж, хүснэгтийг тэргүүлж байсан УБДС лхагва гаригт “ФС Улаанбаатар”, баасан гаригт “Улаанбаатарын мазаалайнууд”-тай хуурай тэнцсэнээр найман оноотой болж, тэргүүллээ “Хоромхон”-д алдав.
Гэхдээ “Хоромхон” бямба гаригт “Эрчим”-тэй 1:1-ээр тэнцсэнээр тийм ч хол тасраад явчихсангүй. Хэрвээ лигийн сүүл мушгиж байсан ТЭЦ IV-ийн баг өрсөлдөгчөө ялсан бол багуудын онооны байдал тун жигд болох байлаа. “Эрчим”-ийн япон легионер Ёсүке Минами 35 дахь минутад солгой хөлийн хүчтэй цохилтоор тоог нээж, үүнээс тавхан минутын дараа “Хоромхон”-ы ахмад довтлогч Б.Ганболд тэнцүүлсэн юм.
“Сэлэнгэпресс” сэрж эхэллээ. Лигийн хамгийн хурц довтолгоонтой багт тооцогддог тэд пүрэв гаригт “Хүлэгүүд”-ийг 4:1-ээр бут ниргэж, анхны гурван оноогоо авсан. Монгол Улсын шигшээ багийн хамгаалагч С.Одхүү тоглолтын эхний минутад гоол хийж, багаа ялалтад хөтөлсөн билээ. Тэрбээр улмаар 27 дахь минутад дубль хийж, Д.Энхтайван, Г.Төгсбаяр нарын довтлогчид 42, 72 дахь минутад гоолын дансанд нэрээ бичүүлснээр “Сэлэнгэпресс” ялах нь тодорхой болсон юм. Харин “Хүлэгүүд”-ийн С.Мөнхбаатар 92 дахь минутад багаа хуурай ялагдахаас аварч, нэр төрийн бөмбөг хийлээ.
Тоглолтын дүн:
ФС Улаанбаатар – УБДС 0:0
Хүлгүүд – Сэлэнгэпресс 1:4
УБДС – Улаанбаатарын мазаалайнууд 0:0
Эрчим – Хоромхон 1:1
Лигийн тэмцээний явц:
| № | Багууд | Тт | Хо | Тэ | Хд | Х/Б | А/Б | Б/З | О |
| 1 | Хоромхон | 4 | 3 | 1 | - | 9 | 6 | 3 | 10 |
| 2 | УБДС | 4 | 2 | 2 | - | 8 | 5 | 3 | 8 |
| 3 | ФС Улаанбаатар | 3 | 1 | 1 | 1 | 9 | 7 | 2 | 4 |
| 4 | Сэлэнгэпресс | 3 | 1 | 1 | 1 | 7 | 6 | 1 | 4 |
| 5 | Улаанбаатарын мазаалайнууд | 4 | - | 3 | 1 | 3 | 4 | -1 | 3 |
| 6 | Хүлэгүүд | 3 | 1 | - | 2 | 5 | 8 | -3 | 3 |
| 7 | Хангарьд | 3 | - | 2 | 1 | 2 | 3 | -1 | 2 |
| 8 | Эрчим | 4 | - | 2 | 2 | 4 | 8 | -4 | 2 |
Хүснэгтийн тайлбар: Тт-тоглолт, Хо-хожил, Тэ-тэнцээ, Хд-хожигдол, Х/Б-хийсэн бөмбөг, А/Б-алдсан бөмбөг, Б/З-бөмбөгний зөрүү, О-оноо
loading...



