Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Түүх, баримт » Английн лигийн гайхалтай “орголт”-ууд

GD Star Rating
loading...

Премьер лигийн 2010/11 оны улирал дуусахад ганц тойрог үлдээд байна. Аваргын нэр альхэдийнэ тодорч, Аваргуудын лигт оролцох багууд тодорхой болсон учраас доошоо унах хэсэгт гол анхаарал төвлөрч байна. Вэст Хэм “найраагүй” байдалд орчихсон байгаа. Харин Блекпуль, Уйган, Бирмингэм багууд адилхан 39 оноотой жагсаж байна. Дээдхэн талд нь Блекберн, Волвес 40 оноотой бас эгзэгтэй байдалд байгаа. Эдгээр багуудаас аль нь ч доошоо унахыг үгүйсгэх аргагүй байдал үүсээд байгаа. Ингээд та бүхэнд Английн лигт хамгийн азтай байдлаар дээд лигтээ үлдсэн тохиолдлуудаас сонирхуулья.

Дерби (1983)

1982-83 оны улирал. Хөгжөөн дэмжигчид өнөөгийнх шиг зохион байгуулалтад ороогүй байсан цаг.  Харуул хамгаалалт муутайгаас юм л бол талбай руу фенүүд гүйж гарчих гээд байдаг байсан үе. Фулхэм сүүлийн тойрогт Дерби Каунтиг заавал хожиж байж дээд лиг рүү дэвших хүнд даалгавартай байлаа. Харин “Хуц”-нууд хүснэгтийн нөгөө талд доошоо уначих гээд дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байв.

Аль аль нь хамаг байдгаа шавхан тулалдсан ч гоол оролгүй байсаар хоёрдугаар үе талдаа оржээ. Харин цаг дуусахаас 15 минутын өмнө Бобби Дэвисоны гайхалтай цохилт Дербид тэргүүлэл авчирах нь тэр. Гоолын баярыг тэмдэглэхээр хэдэн арван фанат талбай руу нэвтэрсэн бөгөөд тэднийг гаргах гэж чамгүй ажил болов.

Бобби Дэвисон

Гэтэл цаг дуусахаас хоёр минут орчмын өмнө шүүгч чөлөөт цохилт зааж шүглээ үлээснийг фенүүд тоглолт дууслаа хэмээн ойлгож хэдэн зуугаараа гүйн гарч ирэв. Тэднийг талбайгаас гаргаж чадахгүйгээ мэдсэн шүүгч тоглолтыг дуусгаж Дербид ялалт өгчээ. Ийнхүү фенүүдийнхээ ачаар Дерби 2-р лигтээ үлдэж байсан түүхтэй. Хожим Фулхэм хөлбөмбөгийн холбоонд өргөдөл бичиж заргалдсан ч ашиг олоогүй билээ.

Торки (1987)

1986-87  улирлын сүүлийн өдөр Торки клуб багахан хэмжээний “жүжиг” тавьж хасагдах аюулаас аврагдаж байлаа. Тэдэнтэй хамт өөр гурван баг доошоо унах аюулд ороод байсан бөгөөд сүүлийн тоглолтоос бүх зүйл шалтгаалах  байв.

Эхний хагасын дараа Торки 2 : 0-ээ Крьюд ялагдаж байсан бол нөгөө талд Линкольн сити Суонсид бас хожигдож байлаа. Жон Макникол тооны харьцааг 2 : 1 болгон ойртуулсны дааа Торкигийн эргэн ирэлт эхэллээ.  Цаг дуусах дөхөж Торки ч гоол оруулж амжилгүй фенүүд нь сандарч эхэллээ. Гэтэл булангийн тугний орчмоос хөндлөн дамжуулалт өгөх гэж байсан Жон Макникол ру цагдаагийн нохой цаанаас нь дайрч хөлийг нь хазаад авав. Эмчилгээ, дамнуурга гэсээр байтал цаг дуусаж шүүгч 4 минут сунгалаа.

Гэтэл гайхалтай зүйл болж сүүлийн шүгэл дуугахаас хэдхэн секундын өмнө Торкигийн Пол Добсон гоол оруулж тооны харьцааг тэнцүүлэх нь тэр. Ингээд Линкольн Сити ганц гоолын зөрүүгээр дээд лигээс мултарч Торкигийн фенүүд дахин нэг улирал дээд лигт болсондоо баяртай үлдсэн билээ.

Хожмоо  Жон Макникол “Би ямар ч баярын үйл ажиллагаанд оролцож чадаагүй нь харамсалтай. Манай багийн эмч Фостер их шооч нөхөр л дөө. Тэр надад энэ нохойноос ДОХ-оос  авахуулаад бүх өвчний шинжилгээ авна гэж хэлж байсан.  Дараа нь би шууд гэртээ хариад л амарсан. Намайг сэрэхэд бүх баяр цэнгээн дуусчихсан байж билээ”

Олдхэм (1993)

Шинээр үүсгэн байгуулагдсан премьер лигийн анхны улиралд энэ явдал болсон. 1992-93 оны улирлын сүүлийн тойргоос Олдхэм, Кристэл Пэлэсийн аль нэг нь доошоо унах болоод байлаа. Гэхдээ хэнээс ч асуусан Олдхэм унах байх гэж тэр үед хариулах байв. Учир нь  Кристэл Пэлэс тэднээс гурван онооны илүү байсан бөгөөд дээр нь гурван гоолын илүүтэй байлаа.

Гэхдээ Олдхэмчүүд санаагаар унасангүй өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж өрсөлдөгчөө 4-1-ээр Саутгемптоныг бутниргэжээ. Харин энэ хооронд эсрэг талд нь  Кристэл Пэлэс Арсеналд 3-0-оор бут ниргүүл доошоо унах “тасалбар”-аа захиалчихсан байлаа. Олдхэмийн босс Жой Ройл тоглолтын дараа “Ирэх жил бид мэдээж түрүүлж чадахгүй л дээ. Гэхдээ премьер лигт мөнгөтэй хүчтэй багуудаас гадна манайх шиг тэмцэгч чанартай баг байх ёстой шүү ” гэжээ. Харамсалтай нь Олдхэм ирэх жил премьер лигээс мултарч доошоо унасан юм.

Эвертон (1994)

Эвертон шиг том баг хомоол “ангал”-ын ирмэг ирэх нь ховор. Гэхдээ 1994 онд ийм зүйл болсон л юм даа. Сүүлийн тойрогт тэд өдгөө татан буугдсан Уимбледон багийг хожиж байж премьер лигт үлдэх байв. Эхний хагасын дараа Эвертон 2 : 0-ээр хожигдож эхлэхэд зарим фенүүд цэнгэлдэхийг орхиж эхэллээ. Гэхдээ тэд итгэмээргүй эргэн ирэлт үзэх боломжоо алдсан. Грахам Стьюартын торгуулийн цохилт, Барри Хорнегийн 30 метрээс оруулсан гоолуудын ачаар тооны харьцаа тэнцлээ. Гэхдээ нөгөө талд нь Ипсвич- Блекбернтэй 0 : 0-ээр тэнцэж байсан болохоор хожихгүй л бол унах аюул Эвертонд байсаар байв.

Энэ эгзэгтэй мөчид  Уимбледоны хаалгач Ханс Сегерс Стьюартын тун сулхан мөргөлтийг хаалгандаа алдаж тооны харьцаа 3 : 2 боллоо. Тоглолтын дараа Ханс Сегерсийг хахууль авсан байж магадгүй гэж мөрдөн шалгасан ч ямар нэгэн асуудал үүсээгүй.  Ингээд Шеффилд Юнайтед Челсид 3-2-оор ялагдаж доошоо бууж байлаа.

Ковентри (1997)

Улирлын сүүлийн тойргийн өмнө 19-р байранд явсан баг дээд лигтээ үлдэх магадлал хэр их бол. Мэдээж хэрэг маш бага байх нь ойлгомжтой. Гэхдээ олон жил Селтикийг дасгалжуулсан Гордон Стракан ийм гайхамшгийг бүтээсэн л юм даа. 1996/1997 онд тэрээр Ковентриг удирдаж байсан бөгөөд баг нь сүүлийн тойрогт Тоттенхэмийг хожоод Сандэрлэнд, Мидлсборо ялагдсан нөхцөлд дээрээ үлдэх байлаа.

Диан Дублин, Пол Уйльямсын гоолуудын ачаар эхний үед Ковентри тэргүүлж эхэллээ. Гэхдээ санаа амрах болоогүйг Пол Маквэйн 2 : 1 болгосон гоол сануулсан.  Хоёрдугаар хагас Тоттенхэм жинхэнэ “нүдэж” Ковентриг шахаанд оруулсан ч хаалгач Стив Огризович хичээж байж хаалгаа хуурай манаж чадсан. Ийнхүү тэд Сандэрлэндийн үнэ цэнээр дээд лигтээ үлдсэн бөгөөд 30 улиралд 9 дэх удаагаа сүүлийн тойрогт амиа аварсан нь энэ.

“Хөлбөмбөгт л нэгийг алдаж харамссан ч гэсэн сэтгэл хангалуун үлдэх тохиолдол бий. Ямар ч цом авч чадаагүй гэсэн ч өөрсдөөрөө бахарах сэтгэлтэй үлдэж чаддаг. Дахин хүмүүс рүү эгцэлж харах итгэлтэй болдог гэхэд болно”

үргэлжлэл бий…

 

 

 

 

GD Star Rating
loading...
Английн лигийн гайхалтай "орголт"-ууд , 9.6 out of 10 based on 14 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. storm says:

    sonirholtoi medeelel bna shuu

    GD Star Rating
    loading...
  2. damba says:

    Dooshoo unahguin tolooh orsoldoon avarga boloh orsoldoonoos dutahgui goyo shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: