Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Үнэмлэхүй жингийн аваргууд хэргэмээ хамгааллаа

GD Star Rating
loading...

Энэ жил Монгол Улсад жүдо бөх үүсч хөгжсөний түүхт 40 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд хөдөө орон нутагт тэмцээнүүдийг түлхүү зохион байгуулж байгаа. Тухайлбал, өсвөр үеийн УАШТ-ий сонгон шалгаруулалтыг таван бүст зохиож, “Max Cup-2011” гэх мэт нэрэмжит олон тэмцээнийг Говь-Алтай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад хийн, залуучуудын УАШТ-ийг Ховд аймагт зохион явуулсан билээ. Тэгвэл зургадугаар сарын 4-5- нд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотноо Монгол Улсын заан, гавьяат тамирчин, МЖБХ-ны дэд ерөнхийлөгч, Хөвсгөл аймгийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч С.Хүрэлбаатарын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн, насанд хүрэгчдийн үнэмлэхүй жингийн УАШТ зохиогдлоо. Энэ тэмцээн нийслэлээс 800 км алс газарт болсон ч 100 орчим тамирчин зорьж очин зодоглосон юм.

Өсвөрийн тэмцээнд 14 байгууллагын 78 жүдоч оролцсон бол үнэмлэхүй жингийн УАШТ-д 13 эмэгтэй, 10 эрэгтэй бөх хүч үзэв. Энэхүү тэмцээнийг МЖБХ Хөвсгөл аймгийн ЗДТГ, тус аймгийн БТСГ-тай хамтран зохион байгуулсан ба “Алтан дуулга” ХХК ивээн тэтгэсэн юм. “Алтан дуулга” ХХК-ийн захирал Б.Далайтуяа тэмцээний нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн ЖБХ-нд 100 ширхэг жүдогиг гардуулж, тус холбоо бүх сумдын багш, дасгалжуулагчдад бэлэглэсэн. Мөн МЖБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Батзаяа 20 ширхэг хөх өнгийн жүдогиг тус аймгийн ЖБХ-нд гардуулсан байна.

Аваргууд цолоо хамгаалав

Өнгөрөгч оны эхээр үнэмлэхүй жингийн УАШТ “Sensei Cup” нэртэйгээр зохиогдож, тухайн үед 70 кг-д барилддаг байсан П.Лхамдэгд болон манай хүнд жингийн шилдэг бөх Б.Сугаржаргал нар түрүүлсэн билээ. Тэд Хөвсгөлийн татамид мөн босоо байж, аваргын алдарт дахин хүрлээ. Б.Сугаржаргалын хувьд хэсэгтээ залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт Б.Лхагва- Очир, энэ жил 81 кг-д улсын аварга болсон Г.Түвшинжаргал нарыг цэвэр ялж, УАШТ-ий мөн гө, хошой хүрэл медальтай П.Батмөнх, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга Б.Гончигжав нарыг хансокү торгуулиар буулган авч финалдсан ба О.Ууганбаатарыг юүко үнэлгээгээр хожин алтан медалийн болзол хангасан. 2004 оноос хойш УАШТ-ий алтыг алдаагүй П.Лхамдэгд С.Энхчимэг, Б.Мөнхцэцэг, Г.Гантогос, Б.Мөнхтуяа гээд жин жингийн төлөөл лийг сөхрүүлэн, ээлжит алтан медалиа хүртлээ.

О.Ууганбаатар дахин дэд байрт

Жүдо бөхийн техникийг төгс эзэмшвэл жин, бяраар илүү өрсөлдөгчөө буулган авах боломж бүрэн бий хэмээдэг. Тиймээс ч энэ спортын анхны тэмцээнүүд жингийн ангилалгүй болдог байсан билээ. Харин цаг үеийн шаардлагаар жингийн ялгаатай барилддаг болж, өдгөө эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жинтэй болсон. Хэдий тийм ч жүдо бөхийн онцлогийг тодотгох зорилгоор үнэмлэхүй жингийн тэмцээнийг зохион явуулдаг. Өнгөрсөн жил үнэмлэхүй жингийн УАШТ-д 81 кг-ын тамирчин О.Ууганбаатар -100 кгын бөх Б.Бат-Орших, Б.Өнөржаргал, 90 кгын жүдоч П.Батмөнх, Б.Ариун-Эрдэнэ нарыг ялж, аваргын төлөө барилдаанд шалгаран, энэхүү зарчмыг тодорхой хэмжээгээр батлан харуулсан билээ. Тэгвэл О.Ууганбаатар энэ жил дахин аваргын төлөө өрсөлдөж, амжилт нь тохиолдлынх байгаагүйг баталлаа. Тэрбээр +100 кг-ын А.Давааням, Ө.Дүүрэнбаяр болон жин ойролцоо Д.Пүрэвдорж, доод жингийнхээ Г.Одбаяр нарыг цэвэр ялж Б.Сугаржаргалтай түрүү булаацалдсан. Ялангуяа +100 кг-ын тамирчдыг сууж үүрэх мэхээр цэвэр буулгасан нь Хөвсгөлийн бөхийн хорхойтнуудыг нүдийг хужирласан барилдаан болсон юм.

Өсөх ирээдүйтэй өсвөр, залуучуудын аварга

Хүнд жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга болсон, өнгөрсөн жилийн өсвөр үеийн Азийн аварга Ө.Дүүрэнбаяр ах нартайгаа өрсөлдөх цаг ойрхон ирснээ Хөвсгөлийн дэвжээнд харууллаа. Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн хамгийн хүнд жинд гурван өрсөлдөгчөө шүүгчийн “хажимэ” дохиотой зэрэгцэн иппон буулгаж байсан тэрбээр үнэмлэхүй жингийн УАШТ-д дайчин, эрэмгий барилдаж, нэг хожил авсан. “Алдар”- ын 90 кг-ын тамирчин Д.Пүрэвдоржид вазари үнэлгээ алдсаныхаа дараа хөл тавьж өмсөх мэхээр оноогоо тэнцүүлж, төдөлгүй хашиж мордоод иппон үнэлгээ авсан юм. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн аваргыг 1,5 саяар байлсан ба дэд аварга хагас сая, хүрэл медальтнууд 350 мянган төгрөгийн шагнал гардав. Харин эмэгтэйчүүдийн алт, мөнгө, хүрэл медальтнуудад 700, 400, 200 мянган төгрөгийн шагнал олгожээ. Түүнчлэн өсвөр үеийн олон хотын тэмцээний медальтнуудыг 60, 40, 20 мянган төгрөгөөр урамшуулсан байна.

МЕДАЛЬТНУУД

ӨСВӨРИЙН ТЭМЦЭЭН

Хөвгүүд. 34кг: 1.Энхманлай (Хөвсгөл БТСГ) 2.Батбаатар (Алаг-Эрдэнэ сум) 3.Ган-Эрдэнэ, Мөнх-Оргил (хоёул “Боржин Төв” дэвжээ)

42кг: 1.Бямба-Эрдэнэ (Алаг-Эрдэнэ сум) 2.Далайжаргал (СХД) 3.Нямдаш (“Боржин Төв” дэвжээ), Ням-Осор (Эрдэнэбулган сум)

50кг: 1.Эрдэнэсүх 2.Алтанбагана (хоёул СХД) 3.Мөнхчулуун (Хангарьд), Батбаяр (Женко)

60кг: 1.Бямбасүрэн 2.Алтансүх (хоёул “Женко”) 3.Баасанжаргал (Хөвсгөл БТСГ), Балсанлхүндэв (Хангарьд)

-73кг: 1.Бямбадалай (Хөвсгөл БТСГ) 2.Баянбаатар (Цагаан-Үүр) 3.Цэрэндаш (Галт), Бат-Амьдрал (“Дэлгэрмөрөн” цогцолбор)

+73кг: 1.Дүүрэнбаяр (СХД) 2.Өлзийсайхан (Хөвсгөл БТСГ) 3.Батсайхан, Гончиг (хоёул “Дэлгэрмөрөн” цогцолбор)

Охид. 32кг: 1.Номингэрэл (Хөвсгөл БТСГ) 2.Мягмаржав (“Гурван аварга” спортын дунд сургууль)

44кг: 1.Алтанцэцэг (Женко) 2.Отгонсүрэн 3.Дүүриймаа (хоёул “Боржин Төв” дэвжээ), Лхагвасүрэн (Рашаант)

52кг: 1.Дэлгэрдарь 2.Мөнхжаргал (хоёул СХД) 3.Баяртуул (“Боржин Төв” дэвжээ), Оюунбилэг (Хөвсгөл БТСГ)

-57кг: 1.Батзул (Женко) 2.Уртнасан 3.Алтанзул (хоёул СХД), Түвшинжаргал (“Дэлгэрмөрөн” цогцолбор)

+57кг: 1.Хандармаа (Женко) 2.Рэгзэдмаа (СХД) 3.Баднаагарав (“Боржин Төв” дэвжээ), Даваажаргал (“Гурван аварга” спортын дунд сургууль)

Багийн дүн: 1.Б.Хаштогтох дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг 2.Г.Барсүрэн дасгалжуулагчтай “Женко” клуб 3.Ж.Дэлгэрдалай дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн БТСГ

ҮНЭМЛЭХҮЙ ЖИНГИЙН УАШТ

ЭРЭГТЭЙ: 1.Б.Сугаржаргал (Женко) 2.О.Ууганбаатар (Алдар) 3.Г.Түвшинжаргал (Хилчин), А.Давааням (Хөвсгөлийн хүчтэн)

ЭМЭГТЭЙ: 1.П.Лхамдэгд (Женко) 2.Б.Мөнхтуяа (Хилчин) 3.Ц.Цэрэнханд (Алдар), О.Мөнхцэцэг (ОБЕГ)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: