Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, 8.Булангууд, Онцлох, Уран гулгалт, Өвлийн спорт » “Мөрөөдөлдөө хүрсэн охин” Ким Юна

GD Star Rating
loading...

Уран гулгалтыг хүмүүс спортын нэгэн төрөл гэхээсээ илүүтэй хүний сэтгэлийг хөдөлгөж, уяраах чадалтай урлагийн хэмжээнд авч үзэх нь бий. Нүд гялбам толигор цэвэрхэн мөсөн дээр уран тансаг аялгуутай хослон бүжиглэх үзэсгэлэнт бүжигчдийг хараад хэний ч гэсэн сэтгэл хөдлөхөөс аргагүй. Хөнгөн атлетикийг спортын хатан хаан хэмээн өргөмжилдөг бол харин уран гулгалтыг спортын үзэсгэлэнт эрх танхил гүнж гэж хэмээн нэрлэж болохоор.

Харин энэхүү үзэсгэлэнт гүнжийн хамгийн хайртай, үнэт эрдэнийн чимэг бол Өмнөд Солонгосын тамирчин олимпийн аварга Ким Юна гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх. Өхөөрдөм хөөрхөн төрхөөрөө олон эрчүүдийн зүрхийг шархлуулж байгаа энэ залуу бүсгүй 2010 оны Ванкуверийн өвлийн олимпод түрүүлснээр уран гулгагчдын хүрч болох хамгийн өндөр оргилд хүрсэн юм. Өмнөд Солонгосын спортын түүхэнд өмнө нь хэн ч уран гулгалтаар олимпийн медаль авч байгаагүй бөгөөд Юна эх орныхоо үндэсний баатар болохдоо ямар ч алдаа гаргалгүй бүх үзүүлбэрээ төгс гэсэн тодотголд нийцэхээр гайхалтай гүйцэтгэсэн билээ.

Мөсөн талбай дээр өөртөө бүрэн итгэлтэй эрч хүчтэй байж чаддаг Юнагийн алдар хүнд үүнээс хойш гэрлийн хурдаар нэмэгдэж улсынхаа хамгийн супер оддын нэг болж чадсан. Нэг хэсэг Солонгосын өсвөр үеийнхний шүтээн нь бидний сайн мэдэх олон ангит киноны жүжигчид байсан бол Ким Юна энэ бүхнийг өөрчилж шинэ үеийн үлгэр дуурайл авах гол шүтээн нь болж чадсан байна. Яг одоо Өмнөд Солонгосын хаанаас ч гэсэн та бүхэн түүний тоглосон зур сурталчилгаа, авахуулсан зурагт самбар, сэтгүүлийг олж харж болно.

Өнгөрсөн жил KBS телевизийн явуулсан санал асуулгаар Юна улсынхаа хамгийн алдартай хүнээр шалгарсан бөгөөд түүний араас Big Bang, Girls Generation, Wonder girls зэрэг хамтлагууд орсон байсан. Мөн дэлхийд алдартай TIME сэтгүүл 2010 оны Дэлхийн хамгийн нэр нөлөөтэй 100 хүнийн жагсаалтыг гаргахдаа Юүнаг нилээд дээгүүр байранд багтаасан нь түүний алдар хүндийн хэмжээг ерөнхийдөө тодорхойлж байгаа байх. Ингээд та бүхэнд Өмнөд Солонгосын олимпийн аварга Ким Юнагийн хэрхэн энэ бүх замыг туулж өнөөгийн амжилтын оргилдоо хүрсэн намтрыг танилцуулья.

Уран гулгалттай танилцсан нь

Ким Юна анх 7 настайдаа хөлөндөө тэшүүр өмсөн гулгаж үзжээ. Тухайн үед түүний гэр бүл нь Сөүлийн ойролцоо байдаг Кунпо хэмээх дагуул хотод нүүж ирээд удаагүй байлаа. Юна 6 нас хүртлээ Пучон хотод гэр бүлийнхэнтэйгээ амьдарсан бөгөөд спортын авьяастайг нь эцэг эх нь мэддэг байсан ч хэр хол явахыг нь хараахан гадарлахгүй байлаа.

Анх удаа мөсөн дээр гулгаж байгаа ч гэсэн тэнцвэрээ тун сайн барьж, эвлэгхэн хөдлөх бяцхан охиныг анзаарсан уран гулгалтын багш Жон Хён Риу цаашид энэ спортоор охиноо хичээллүүхийг Юнагийн аав ээжид зөвлөсөн гэдэг. Солонгосын дундаж орлоготой айлын хувьд охиноо спортоор хичээллүүлнэ гэдэг гэр бүлийн төсвөөс илүү зардал гарах байсан ч эцэг эх нь охинхыхоо хүсэл сонирхлыг дэмжихээр шийдсэн юм. Энэ шийдвэрийг гаргуулахад Жон Хён Риугийн оролцоо чамгүй их байсан. Тэрээр Юнагийн гэр бүлд хоёр зүйлийг амлаж байж дээрхи шийдвэрийг гаргуулсан гэдэг. Ким Юнаг дэлхийн хэмжээний уран гулгагч болгож хөгжүүлэхээс гадна ямар ч бэрхшээлийн өмнө бууж өгөхөөргүй сэтгэлийн хаттай сайн тамирчин болгож хүмүүжүүлнэ хэмээн тэрээр амласан аж.

Гэхдээ энэ амлалтаа биелүүлэхийн тулд тэгж их хичээх шаардлага түүнд гараагүй. Учир нь Юнагийн төрөлхийн хөдөлмөрч, хичээнгүй зан чанар нь бүх зүйлийг хөнгөвчилж байлаа.

“Хэрвээ би уран гулгагч болоогүй байсан бол хэн байх байсан бол. Энэ талаар ер нь бодож байгаагүй юм байна. Миний хувь тавилан анхнаасаа энэ спорттой холбогдсон болохоор ийм л байх учиртай байх”

Юүнаг бага байхад Солонгост уран гулгалтын спортыг өнөө үеийнхтэй адил хүмүүс идэвхитэй сонирхдоггүй байлаа. Тиймээс уран гулгагчдад зориулсан тусгай талбай гэж байгаагүй бөгөөд тамирчид бэлтгэлээ базаахын тулд нийтийн талбайг сулрахыг хүлээдэг байжээ.

Ихэнхи талбай нийтийн эзэмшлийнх байдаг болохоор бид бэлтгэл хийхийн тулд өглөө эрт юм уу эсвэл орой бүрэнхий болох хүртэл хүлээх хэрэгтэй болдог байлаа. Бид өдөр бүр өөр өөр талбайд гулгадаг байсан болохоор бэртэж гэмтэх аюул маш өндөр байсан. Гэхдээ ямар ч байсан ингэж хичээсэн минь талаар өнгөрөөгүй”

Уран гулгалтаар хичээллэж эхэлснээсээ хойш 5 жилийн дараа буюу 2002 онд Ким Юна анхны олон улсын тэмцээнд оролцож үзлээ. Словени улсын Есенице хотод явагдсан уран гулгалтын тэмцээнд Юна анхлан суралцагчдын ангилалд орж алтан медаль зүүсэн бөгөөд энэ нь цаашдын амжилтанд нь хөтлөх томоохон түлхэц болсон юм. Ким Юнаг үнэхээр гайхалтай спортын карьер хүлээж байгааг дасгалжуулагч нь ч гадарлаж байсан. Есеницед болсон тэмцээнээс анхны медалиа авснаасаа хойш Юна хэзээ ч медалийн тавцангаас буугаагүй бөгөөд оролцсон тэмцээн болгоноосоо заавал ямар нэгэн медаль зүүдэг уламжлалтай болсон.

Уран гулгалтаар олон жил хичээллэсэн хүүхдүүд ч амархан хийж чаддаггүй маш хүнд үсрэлтийн элементийг Юна анх 10 настайдаа хийж үзсэн. Гурвалсан үсрэлтийн тэхник нь хийхэд маш хүнд учраас мэргэжлийн тамирчид нь болгоомжтой ханддаг байхад Юна 12 настайгаасаа үүнийг бүрэн гартаа оруулж чадсан байв. Есеницегээс авсан алтан медалиас хойш түүний ур чадварт эргэлзэх хүнгүй бол зөвхөн хэр хурдан сайжирч байгааг нь гайхшран магтаж эхлэв.

Дараа жил нь тэрээр Өмнөд Солонгосын өсвөрийн уран гулгалтын улсын аваргад түрүүлж энэ тэмцээний түүхэн дэх хамгийн бяцхан ялагч болсон бол хоёр дахь олон улсын тэмцээний ялалтаа Хорватын Загрер хотод явагдсан ‘Алтан баавгай” тэмцээнд байгуулжээ.

“Хэрвээ энэ эрчээрээ сайжирч чадах юм бол 2006 оны Турины өвлийн олимпод оролцох боломжтой юм байна” гэж Юна найдаж байсан гэдэг. Харамсалтай нь Туриний олимпийн үеэр Юнагийн нас 16 хүрээгүй байсан болохоор Ванкуверт зохиогдох дараагийн цагаан олимпийг тэр хүлээх хэрэгтэй болсон юм. 2005 онд олон улсын өсвөрийн Гран При тэмцээнд Юна анх удаа оролцож Будепештэд зохиогдсон цурвал тэмцээнээс алтан медаль хүртэж харин Шведийн Хелсинкэд явагдсан шигшээ уралдаанаас мөнгөн медаль зүүсэн юм. Энэ тэмцээнд түүний ирээдүйн хүчтэй өрсөлдөгч Японы Мао Асада түрүүлсэн бөгөөд алтан медалиас мултарсныхаа дараа нүдэндээ нулимстай бяцхан Юнагийн нэгэн ярилцлага Солонгосын телевизүүдээр их гардаг.

“2006 оны олимпод миний нас хүрээгүй болохоор орж чадаагүй. Энэ удаа ч гэсэн бас түрүүлж чадсангүй. Гэхдээ би 2010 оны олимпод заавал анхны медалийг эх орондоо авчрах болно” хэмээн тэрээр ярьж байлаа. Энэ үед түүнээс өөртөө хэр итгэлтэй байгааг нь асуухад “Мэдэхгүй” гэж хэлээд доошоо харан уйлахад нь олон хүн түүнийг өхөөрдөж байсан нь дамжиггүй. Юна ч энд амласан зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр өөрийгөө дайчлан хөдөлмөрлөж, дасгал сургуулилтаа чамбай хийсээр байсан юм.

2007 оноос Юна насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх боломжтой болсон. Амжилтын замналынхаа шинэ алхмыг хийх гэж байгаа болохоор илүү өндөр түвшинд бэлтгэл хийх шаардлага түүнд тулгарсан бөгөөд иймээс 2006 оноос эхлэн Канадын Торонто хотод бэлтгэл хийж эхэлжээ. Цас мөсний спортын өлгий болсон Канад орон түүнээс хойш Юнагийн хоёр дахь гэр нь болсон юм. Канадад байх хугацаандаа тэрээр цөөнгүй олон тэмцээнд оролцож медалиас мултардаггүй заншлаараа амжилт үзүүлсээр л байлаа.

Тамирчин хүн бүр хувийнхаа амьдралыг ямар нэгэн хэмжээгээр золиосолдог ёсоор далайн чанадад очсон Юүна ч бас гэр бүл найз нөхөдтэйгээ байнга уулзах цаг зав тун хомс болжээ. Өсвөр насны охинд мэдээж хэрэг энэ бүхэн хэцүү байсан нь тодорхой.

“Миний амьдарч байгаа хотод (Торонто) Солонгос хоолны газар, дэлгүүр их байдаг. Тийм болохоор заримдаа эх орондоо байгаа юм шиг л санагддаг. Гэхдээ гэр бүл, найзуудтайгаа хамтдаа хоолонд ороод ч юм уу сайхан ярилцах юмсан гэж заримдаа бодогддог юм. Би тэдэнгтэйгээ үргэлж интернтерээр холбоотой байдаг ч гэсэн уулзаад ярилцах тэр мэдрэмжийг юу ч нөхөж чадахгүй шүү дээ”

Амжилтын оргил өөд…

2007 оны Солонгосын улсын аварга шалгаруулах тэмцээнд Юна бэртэлтэй байсан учраас оролцоогүй. Магадгүй үүнээс ч илүү чухал тэмцээн хүлээж байсан болохоор улсын аваргаа өнжсөн байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

2007 оны 3 сард Японы нийслэл Токио хотод уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан байсан бөгөөд Юнагийн өсвөрийн түвшинд гаргасан амжилтыг үндэслэн энэ тэмцээнд урилгаар оролцуулжээ.

Энэ тэмцээний богино үзүүлбэрийн төрөлд Юна 71.95 оноо авч дээд амжилт тогтоосон боловч бусад үзүүлбэртээ оноо алдсанаар хүрэл медаль хүртсэн юм. Уран гулгалтын дэлхийн аваргад эзэлсэн байрыг нь харгалзан үзэж ирэх жилийн тэмцээнд тухайн орноос хэдэн тамирчин оролцохыг шийддэг бөгөөд Юанийн ачаар Солонгосчууд 2008 оны Дэлхийн аваргад эмэгтэй 2 тамирчнаа сорих боломжтой болжээ. Мөн Юна энэ дэлхийн аваргад гурвалсан үсрэлтийн хослолыг төгс гүйцэтгэсэн цорын ганц тамирчин гэж мэргэжилтнүүдээс үнэлгээ авч байлаа.

Удалгүй Ким Юна Канадын уран гулгагч байсан Олимпийн хоёр мөнгөн медальтай Брайн Орсертэй гэрээ байгуулж дасгалжуулагчаа болгожээ. Юнагаас өмнө Орсер олон тамирчыг дасгалжуулж байсан ч гэсэн төдийлөн өндөр амжилтанд хүргэж чадаагүй байлаа. Харин Ким Юнаг дасгалжуулж эхэлснээр Орсерийн нэр хүнд ч өсөж дэлхийн хэмжээнд үнэлэгдэх болсон юм. Ер нь Ким Юнатай ажиллаж байсан бүх л мэргэжилтнүүд түүний нөлөөгөөр алдар нэр нь өсөж байдаг гэхэд буруудахгүй. Брайн Орсертэй Юна 2010 оны 8 сар хүртэл хамтран ажилласан юм.

2008 оны Дэлхийн аваргад оролцохын өмнө Юнагийн нуруу болон хавиргандаа авсан бэртэл тийм ч эдгэрээгүй байлаа. Гэсэн хэдий ч тэрээ шүд зуун тэвчсээр тэмцээндээ оролцож хүрэл медаль хүртэж чадсан. Өмнөх жилийн адил Японы Мао Асада энэ тэмцээнээс алтан медаль хүртсэн юм. Дэлхийн уран гулгалтын мэргэжилтнүүд Ази тивээс өсөн дэвжиж буй хоёр залуухан уран гулгагчдыг магтан шагшиж байлаа. Гэхдээ хэн нь Ванкуверийн олимпод амжилттай оролцож алтан медаль хүртэх бол гэдэгт хариулт өгч чадахгүй байлаа. Аль аль нь авьяастайн дээр хэр зэрэг сайжирч чадах нь тухайн үед тодорхойгүй байсан болохоор аргагүй.

Энэ үеэс эхлэн Дэлхийн хэмжээний уран гулгалтын тэмцээн болгоны эхний байрыг Ким Юна болон Мао Асада нар хуваан эзлэх болсон юм. Хэдийгээр мөсөн талбай дээр тэд өрсөлдөгчөд боловч талбайн гадна сайн найзууд болж үргэлж нэг нэгэндээ тус болохыг хичээдэг байлаа. Харин хэвлэлийнхэн мэдээж хэрэг тэдний хоорон дахь өрсөлдөөнийг хурцатгахаар янз бүрийн мэдээлэл цацдаг байсан юм.

2009 оны дэлхийн аварга бол Юнагийн хувьд хамгийн мартагдашгүй гайхалтай тэмцээн байсан. Хоёр жил дараалан Мао Асадагийн ард орж хүрэл медаль авсан болохоор энэ удаа алдаагаа давтахгүйг тэр хичээж байв. Ванкуверийн олимпийн наадам ч ойртож байсан болохоор Асадагийн өмнө орж чадна гэдгээ харуулах цаг түүнд ирээд байлаа.

Лос Анжелес хотод зохион байгуулагдсан Дэлхийн аваргад Юна чухам л төгс гүйцэтгэлийг хийж маш олон хүнд үсрэлтүүдийн цогцыг нэг дор гүйцэтгэж аварга болж чадсан. Богино үзүүлбэрийн төрөлд Юна өөрийн тогтоож байсан амжилтаа шинэчилснээс гадна өмнө нь ямар ч эмэгтэй тамирчны хүрч байгаагүй 207.71 оноог авч түрүүлжээ.

Ванкуверийн олимпийн өмнөх жил авсан энэ алтан медаль бол Ким Юнагийн гайхалтай амжилтын оргил ирж буйг хүмүүст сануулсан үйл явдал байлаа. Дараагийн түүний зорилго удаан хүлээсэн Олимпийн наадам байлаа.

Олимпийн аварга Юна

Өвлийн 21-р олимпийн өмнө Ким Юнагийн тухай мэдээллээр Солонгосын телевизүүд бөмбөгдөж байлаа. Бүх сувгаар түүний тухай мэдээлж олимпийн аварга болох мөчийг нь хүлээж байв.

Хэдийгээр энэ бүх өндө хүлээлт нь Юнад тодорхой хэмжээгээр дарамт болж байсан ч гэсэн амжилтанд нь нөлөө үзүүлээгүй юм. Эхний богино үзүүлбэрийн төрөлд Юна 44.70 оноо авч бас нэгэн дээд амжилт тогтоолоо. Харин үүний дараах чөлөөт үзүүлбэрт Юна бүр ч өөртөө итгэлтэй болж 2-р байр эзэлсэн Асадагаас бүтэн 18 оноогоор илүү гаран тэргүүн байр эзэллээ. Ванкуверийн мөсөн талбайд Ким Юна үнэхээр төгс үзүүлбэр үзүүлж Геннисиийн номонд хүртэл багтсан хамгийн өндөр оноог нийт дүнгээрээ цуглуулсан юм.

Гайхалтай үзүүлбэрийнхээ дараа тэр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс дуслуулж байв. Энэ үед Солонгос орон даяар үзэсгэлэнт шинэ үндэсний баатрыгаа магтан дуулж байлаа.

“Бурхан минь. Энэ өдөр хүрээд ирсэн гэдэгт итгэж чадахгүй байна. Би одоо хүртэл авсан оноондоо итгэхгүй байна шүү. Оноо маань эрэгтэй уран гулгагчдын оноонд тун ойрхон дөхөж очлоо шүү дээ. Олимпид амжилт үзүүлэх бас медаль авах гэдэг бүх тамирчидад байдаг дээд мөрөөдөл. Энэ мөрөөдөлдөө хүрч чадахгүй болов уу гэж би их түгшиж байсан … өмнө нь би тамирчдыг үзүүлбэрээ үзүүлсэнийхээ дараа яагаад уйлдаг юм болоо гэж гайхдаг байсан . Гэтэл би сүүлчийнхээ үзүүлбэрийг хийж дууссаныхаа дараа өөрийн эрхгүй уйлчихсан. Яагаад уйлсанаа ч бас мэдэхгүй байна …”

Мөсөн талбай дээр гарахаараа өөрөөсөө огт өөр хүн болж зүйрлэшгүй сүр жавхлантай, эрхэмсэг болдог учраас Юнаг спортын ертөнцөд “Хатан хаан Юна” хэмээн нэрлэдэг. Үүнд мэдээж зогсолтгүй мэт үргэлжлэх амжилтынх нь нөлөө бас бий. Ийнхүү 4 жилийн өмнө өөртөө бүрэн итгэлгүй ч зорьсондоо хүрнэ хэмээн амлаж байсан бяцхан охин мөрөөдлийнхөө оргилд хүрч чадсан билээ.

Бидний мэдэх Ким Юна

Ким Юнагийн амьдрал үргэлж төлөвлөгдсөн завгүй өдүүдээр дүүрэн байдаг гэнэ. Өглөөсөө үдэш хүртэл бэлтгэл сургуулилтаа хийх, фенүүдтэйгээ уулзах, зар сургалчилгааны зураг авахуурлах, гээд түүний нэг өдөр тун завгүй өнгөрнө. Уран гулгалтын хажуугаар Юнаг дажгүй сайн дуучин гэдгийг нь зарим хүмүүс мэдэхгүй байх. Хэрвээ youtube-ээс хайх юм бол түүний дуулсан дуу чамгүй ихийг мэднэ. Гэхдээ цомог гаргах санаагүй гэдгээ ярьж байсан. Магадгүй хэдэн жилийн дараа бид дуучин Юнагийн тоглолт, жүжигчин Юнагийн киног үзэж болох юм. Рекламанд Юнаг их тоглуулдаг нь бас жүжиглах авьяастай холбоотой.

Мөн Юна өнгөрсөн 5 сараас эхлэн өөрийн “Kim Yu-na’s Kiss and Cry” гэсэн нэртэй телевизийн шоу нэвтрүүлэг зохион байгуулах болсон. Энэ нэвтрүүлэгт нь Солонгосын алдартай одууд оролцож уран гулгалтаар хичээллэн өрсөлддөг ажээ.

Мөн тэрээр UNICEF-ийн энх тайвын элчин сайдаар томилогдсон учраас хандивын үйл ажиллагаанд байнга оролцож зохион байгуулсан арга хэмжээнийхээ орлогын тодорхой хэвийг байнга буяны үйлсэд хандивлдаг. Цаашдын зорилгоо Юна 2014 оны олимпод түрүүлэх хэмжээний сайн тамирчин бэлдэж эх орныхоо нэрийг өндөрт өргөх гэж тодорхойлж байгаа. Ким Юна хувийн амьдралаа олонд дэлгэх дургүй ч гэсэн найз залуугүй гэдгийг нь хэвлэлийнхэн олоод мэдчихсэн байн билээ.

Түүнийг Солонгосын олон одуудтай холбож бичдэг ч Юна энэ бүхнийг үгүйсгэсээр ирсэн. Үргэлж бэлтгэл сургуулилт гээд цаг зав тааруу байдаг болохоор сэтгэлийг нь татсан сайхан залууг олж харах сөхөөгүй л байна хэмээн тэрээр нэгэнтээ ярьжээ.

GD Star Rating
loading...
"Мөрөөдөлдөө хүрсэн охин" Ким Юна, 9.0 out of 10 based on 23 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Золбоо says:

    Гайхалтай бүсгүй, гайхалтай тамирчин. Амжилт.

    GD Star Rating
    loading...
  2. GGG says:

    Adraliinhaa ihenh tsagiig moson deer ongoruulsen ohindoo.

    GD Star Rating
    loading...
  3. Dr.J says:

    heleed yu gehev, Solongostoo undesnii baatar, od shuu dee.

    GD Star Rating
    loading...
  4. .,. says:

    Kim Yuna ==> Queen You Now

    GD Star Rating
    loading...
  5. lene says:

    Tasarhai… uur yu gehev

    GD Star Rating
    loading...
  6. Tengis says:

    mundag tamirchin bn. Aytaihan s ohin yumaa

    GD Star Rating
    loading...
  7. bold says:

    brian orser ch eniig ih shaadag baisan baih da.erunhiiduu tiim asuudlaas bolj salsan baih

    GD Star Rating
    loading...
  8. naran says:

    Харин Ким Юнаг дасгалжуулж эхэлснээр Орсерийн нэр хүнд ч өсөж дэлхийн хэмжээнд үнэлэгдэх болсон юм. ……..brian orser uuruu tamirchin baihiin delhiin number one baisiim shuu. 80 aad onii dund suul ueer id baisiin .uzuuleh toglolt deer aragshaa anh salt ergej baisniig sanaj bna.

    GD Star Rating
    loading...
  9. Alia says:

    neeree moson deer oortoo ih itgeltei,surdmeerharagdaj baina.bas ulam hoorhon haragdaj bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: