Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Б.ГЕЛЬФАНД: АНАНДЫГ ЯЛАХ БОЛОМЖТОЙ

GD Star Rating
loading...

Шатрын дэлхийн аваргын титмийг эзэмшигч В.Анандтай халз тоглох өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээнд Израилийн их мастер Борис Гельфанд түрүүлсэн билээ. Тэрбээр уг тэмцээний дунд шөвөгт Азербайжаны Шахрияр Мамедьяров, их шөвөгт АНУ-ын Гата Камский, шигшээ тоглолтод ОХУ-ын Александр Грищук нарын хүчтэй гросс мейстеруудыг буулган авсан юм.

Дашрамд сонирхуулахад Минскийн уугуул Гельфанд зургаан настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 1984 онд ЗХУ-ын мастер, 1987 онд олон улсын мастер, 1989 онд их мастер цолуудыг тус тус хүртэж, 2000 оноос хойш Израилийн нэрийн өмнөөс тоглож байна. Түүний “Спорт-Экспресс”-т өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.

-Борис, таван тоглолт дараалан тэнцсэний эцэст шийдвэрлэх зургаа дахь тавил дээрээ хожиж чадлаа. Сүүлчийн өргийн өмнөх шөнө хэр догдолсон бэ?

-2009 оноос хойш сэтгэлзүйгээ хянах бэлтгэлийг хийж ирсэн болохоор харьцангуй гайгүй байсан, бөх гэгчийн нойрссон шүү. Зургаа дахь тавилд гараан дээр олж авсан давуу байдлаа төгсгөл хүртэл хадгалахыг хичээсний хүчинд хүссэн үр дүндээ хүрч чадлаа. Магадгүй Грищук хагас шигшээд Крамникийн эсрэг тоглохдоо хамаг хүч энергиэ шавхчихсан байх.

-Одоо шууд л Виши Анандтай тоглох бэлтгэлдээ орох уу?

-Яг одоо сайхан амрахыг хүсэж байна. Тэгээд ч халз тоглолт болтол бүтэн жилийн зай байгаа учраас бэлтгэх цаг хангалттай олдоно.

-Ананд сонгомол, рапид, блиц… гэх мэтчилэн шатрын бүхий л төрлөөр дэлхийн аварга болсон агуу мастер. Түүнийг ялах боломж бий юү?

-Тийм ээ, түүнийг сод шатарчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ алдар нэр бус хөлөг дээрх өрсөлдөөн л бүхнийг шийднэ шүү дээ. Миний хувьд Анандтай тоглолгүй удаж.

-Ингэхэд шатартай анх яаж холбогдсон бэ?

-Анх гэрийнхээ номын санд байх “Путешествие в шахматное королевство” гэдэг гайхамшигтай номыг үзээд шатарт дурлах болсон. Аав маань тэр номноос өдөр болгон нэг өргийг надтай хамт үзэж судалдаг байлаа. Сүүлдээ аавыг эзгүйд ганцаараа номоо үздэг боллоо. Шатарт үнэхээр дурласныг минь тэр анзаараад надад өөр олон шинэ ном авч өгсөн. Харамсалтай нь эцэг маань намайг дэлхийн аваргын төлөө халз өрсөлдөхийг харж чадсангүй, жил хагасын өмнө өөд болсон доо.

-Хэзээнээс мэргэжлийн шатарчин болов?

-Ихэнх найз маань дунд сургуулиа төгсөн төгстөлөө ямар мэргэжилтэй болохоо шийдэж чадаагүй байсан бол би аль хэдийнэ товлочихсон байлаа. ЗХУ-ын АШТ-ий хагас шигшээд шалгараад үзчихсэн, хэнтэй ч тоглож болмоор санагдаж байсан цаг. Тэгээд эргэлзэх юмгүйгээр Минскийн их сургуулийн биеийн тамирын факультетийг сонгосон. Энэ мэргэжлийг сонгосон бас нэг шалтгаан гэвэл цэрэгт явахаас бултсан явдал.

-Таны эхнэр бас шатарчин. Түүнтэй хэрхэн танилцсанаа яриач?

-Одоогоос 25 жилийн өмнө Минскт болсон нэгэн олон улсын тэмцээний үеэр экс дэлхийн аварга Александр Халифманд хожигдчихоод үзэгчдийн суудал дээр уруу царайлаад сууж байтал хажууд нэг сайхан бүсгүй ирж суусан юм. Майя ч бас тэмцээнд оролцож байгаа аж. Түүнтэй танилцаад хожигдлоо шууд мартсан. Одоо бид хүү, охины хамт Барселонад амьдарч байгаа.

-Эхнэр тань яагаад Казаньд ирсэнгүй вэ?

-Тэр маань хоёр сарын өмнө надад хүү төрүүлж өгсөн.

GD Star Rating
loading...
Б.ГЕЛЬФАНД: АНАНДЫГ ЯЛАХ БОЛОМЖТОЙ, 9.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: