loading...
Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2011 оныг Сургалт-Бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ. Энэхүү жилийн хүрээнд FIFA буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо, UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбоотой хамтран олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Энэхүү төлөвлөгөөний дагуу өнгөрсөн сард “Хүүхдийн хөлбөмбөгийн багш дасгалжуулагчдын сургалт”-ыг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр мөн хүүхдэд чиглэсэн нэгэн сургалтын нээлтийн ажиллагааг хийлээ. УЕФА-той хамтран Нийслэлийн Хүүхдийн төлөө үндэсний газрын дэмжлэгтэйгээр Нарлаг, Жавхлант зуслантай хамтран “Хүүхдийн хөлбөмбөгийн зуны сургалт”-ыг 2 сарын хугацаатай хийхээр болж 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор нээсэн юм. Энэхүү сургалтыг МХБХ-ны мэргэжилтэн, багш дасгалжуулагчид удирдан явуулах бөгөөд УЕФА-ний зааварлагч Гүрж улсын туршлагатай мэргэжилтэн Гаёс Дарсадзе хүрэлцэн ирж манай улсын хүүхэд багачуудтай хамтран ажиллахаар болсон нь онцлогтой байгаа. Өмнө нь Зенит, Спартак клубүүдэд ажиллаж, Гүрж улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2 ч удаа томилогдож байсан тэрээр уг сургалтын үеэр өдөр бүр нэг цагийн сургалтыг хүүхэд залууст хийх ажээ. Нээлтийн ажиллагаанд Монголын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллахаар болж Франц улсаас хүрэлцэн ирсэн нэрт дасгалжуулагч Жак Дэвимэ мөн хүрэлцэн ирсэн байсан бөгөөд МХБХ-ний ЕНБД Д.Тэрбаатар, Хөгжлийн программын захирал Д.Ганбат, Техникийн захирал И.Отгонбаяр тэргүүтэй албаны хүмүүс мөн оролцсон юм. Бид энэ үеэр зарим зүйлсийг Г.Дарсадзе -ээс тодруулан ярилцснаа хүргэж байна.
Асуулт: Өдрийн мэнд, өнөөдөр энэхүү зуны сургалт нээлтээ хийж байнаа, та энэ сургалтаас юуг хүсэн хүлээж байна вэ?
Г.Дарсазе: Би маш их баяртай байна, би ийм сайхан нөхөрсөг хүмүүстэй, ийм сайхан газарт ирсэндээ баяртай байна. Мөн би энэ завшааныг ашиглан Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн дарга нарт талархснаа илэрхийлмээр байна. Хүүхдүүдийг хөгжүүлнэ, тэднийг сургана гэдэг бол хөлбөмбөгт маш чухал зүйл юм. Зөвхөн хөлбөмбөгт ч биш ерөнхийдөө нийт улс оронд хэрэгтэй зүйл гэж би боддог. Хүүхдүүд ийм сайхан байгальтай газар амарч, тоглож, хөгжилдөж байна гэдэг маш чухал.
Та сая хүүхдүүдийг сургах нь маш чухал талаар хэллээ шүү дээ. Тэгвэл бид грассрүүтс хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч.
Г.Дарсазе: Тиймээ, УЕФА энэ тал дээр маш их анхаарал тавьж ажилладаг. Хүүхдүүдийг сургах грассрүүтс хөтөлбөр бол хөлбөмбөгийн гурвалжны хамгийн чухал хэсэг юм. Мэдээж гурвалжны оройд мэргэжлийн хөлбөмбөг бий. Гэхдээ гол үндэс нь хүүхдүүд, тэдний хөгжил байдаг юм. Хэрвээ анхнаас нь хүүхдүүдэд зөв хөлбөмбөгийг зааж сургаж чадаагүй бол сайн мэргэжлийн хөлбөмбөг тэр газарт байхгүй. Энэ магадгүй урт хугацааны хүнд хөтөлбөр байж болох ч маш чухал үр дүнг авчрах ач холбогдолтой ажил юм. Би дахиад ийм ажлыг зохион байгуулж байгаа Монголын Хөлбөмбөгийн Холбооныхонд УЕФА-ны ерөнхийлөгч ноён Мишел Платини болон УЕФА-ны техник хариуцсан захирлын нэрийн өмнөөс талархал илэрхийлж баяр хүргэж байна.
Танд баярлалаа, амжилт хүсье.
Уг нээлтийн ажиллагааны үеэр Нарлаг Жавхлант зусланд амарч байгаа хүүхдүүдийн төлөөлөл авьяасаа үзүүлэн, зуслангийн удирдлага мөн үг хэлж, хүүхдүүддээ амжилт хүссэн. Тэрчлэн 13 хүртэлх насны Монголын үндэсний шигшээ багийнхан болон Дэрэн клубын авьяаслаг хөлбөмбөгчид хүрэлцэн ирж үзүүлэх тоглолтыг хийсэн билээ. Зуслан 8 дугаар сарын 17 хүртэл үргэлжилнэ. Хэрвээ МХБХ-ны шугамаар амрахыг хүсвэл 10%-ийн хөнгөлөлтийг үзүүлж байна.
loading...



