loading...
“Уимблдон”-ы 125 жилийн энэ жил тохиож байгаа. Дэлхийн хамгийн олон жилийн настай энэ тэмцээний түүхэн ой давхцсан жил өрсөлдөөн ч урьдын адил ширүүн байна. Өнгөрсөн “Ролан Гаррос”-т түрүүлж теннисний ертөнцийг доргиосон Хятадын тамирчин дөнгөж 2-р шатнаас хасагдаж сенсаац дэгдээсэн. Тэрээр цагаан картаар оролцож буй Германы залуу тамирчин Сабина Лисицкид 6-3 4-6 6-7 гэсэн харьцаагаар ялагдал хүлээсэн юм.
Улмаар 3-р шатанд чансааны тэргүүн хэсэгт явж байсан бас нэгэн бүсгүй хасагдсан. Өнгөрсөн жил ”Уимблдон”-ы финал гарч ирж байсан Вера Звонарёва Болгарын Цветана Пиронковад 6-2 6-3-аар дийлдэж бэлтгэл тааруу байгаагаа харуулсан юм.
Чансааны эхний 10-т бичигдсэн тамирчдаас хамгийн түрүүнд ийнхүү На Ли, Звонарёва нар тэмцээнийг орхилоо. Бусад шилдгүүд тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа. Жил гаран бэртэлтэй байгаад эргэж ирсэн Серена Уйльямс одоогоор Оросын Мария Кириленкотой 3-р шатанд оноолт таарсан. Хари чансааг тэргүүлж Каролин Возняцки нэг их зоволгүй шөвгийн наймд хүрэх бололтой. Түүний хэсэгт чансаа доогуур тамирчид ихэнхидээ байгаа бөгөөд 3-р шатанд 27-д жагссан Австралийн Ярмила Гайдошоватой тоглоно.
Эрэгтэйчүүдийн тухайд 3-р шатанд хасагдсан Энди Роддикийг эс тооцвол томоохон сенсаац дэгдээгүй байна. “Уимблдон”-д гурван ч удаа аман хүзүүдэж байсан Роддикийг Испаний Фелисиано Лопес ширүүн тулааны эцэст мулталсан.
Гурван сетэд тоглолт дууссан бөгөөд эхний хоёр сет тай-брикээр шийдэгдсэн. 7-6 (7-2) 7-6 (7-2) 6-4 гэсэн харьцаагаар Испани залуу ялалт байгуулсан.
Чансааны тэргүүнд бичигдэж байгаа Рафаель Надаль 3-р шатанд Люксембургийн Гиллес Мюллертэй таарсан. Тоглолт эхлээд хоёр дахь сет үргэлжилж байх үед бороо орсон учраас тоглолт хойшлоод байна. Ер нь энэ жилийн тэмцээн борооноос чамгүй их хугацаа алдаж байгаа.
Хуан Мартин дель Потро – Жиль Симон нарын тоглолт ч бас хойшилсон.
Чансаа ухарч 3-р байрнаас оролцож байгаа Рожер Федерер Аргентиний Давид Налбандьянтай, Новак Жокович Киприйн Маркос Багдатистой тоглоно.
loading...



