loading...
Европын аварга шалгаруулах боксын 39 дэх удаагийн тэмцээн Туркийн Анкара хотноо энэ сарын 17-24-нд болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд буурал тивийн 39 улс тамирчнаа сойсноос хоёр алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн оросууд багаараа тэргүүлэв. Тэд өнгөрсөн жил нутагтаа тэмцээнийг хүлээн авч, багаараа түрүүлсэн амжилтаа ийн давтсан. Гэхдээ энэ удаагийн түрүү нь тэдэнд амар хялбар ирээгүй. Хэдийгээр зургаан тамирчин нь финалдсан ч хөнгөн жингийн хэд нь эхнээсээ ялагдаж, хойд хөршийнхнийг сандаргасан.
Харин өсвөрийн дэлхийн аварга болж байсан М.Коптяков нь ДАШТ-ий медальт Киличиг ялан эхний алтыг авчирснаар тэдний байдал арай дээрдсэн. Эгзэгтэй энэ мөчид 22 настай М.Омаров гэгч залуу хамгийн хүнд жинд түрүүлж, багийнхнаа аварсан юм. Ингэхдээ тэр олимпийн нэг, дэлхийн хошой аварга Р.Каммалериг 20:14-өөр сөхрүүлжээ. Хэрвээ Омаров аваргыг ялаагүй бол оросууд багаараа эхний гуравт ч орж чадахгүй байв. Сонирхуулахад сүүлийн хоёр ДАШТ-д ялагдал гээчийг амсаагүй Каммалери тивийнхээ аваргад түрүүлж үзэлгүй өдийг хүрчээ. Энэ жил тэрбээр гурав дахь мөнгөн медалиа зүүсэн юм.
Энэ тэмцээнээс харагдсан нэг зүйл нь залуухан боксчид өндөр амжилт гаргасан явдал. Тухайлбал 17-хон настай С.Ализаде ( Азербайжан, 49 кг), Ж.Уорд (Ирланд, 81 кг) нар өөрсдийн жиндээ, Европын аваргын алт зүүсэн хамгийн залуу боксчид болон түүхэнд үлджээ. Залуу Уорд улсынхаа аваргад олимпийн мөнгөн медальт К.Эганд ялагдан түрүүлж чадаагүй. Гэсэн хэдий ч багш нар нь түүнийг багийнхаа бүрэлдэхүүнд багтаажээ. Энэ ч зөв байсан нь батлагдаж, тэр өсвөр, залуучуудын дэлхийн аварга цол дээрээ тивийн аваргын алтан медалийг нэмлээ.
Туркчууд талбай дээрээ алтан медаль авах гэж нэлээн хүч чармайлт гаргасны эцэст хоёр ч аваргатай болж чадсан. Тэдний “найруулсан хор”-нд дэлхийн аварга Д.Валентино өртөж, алтан медалиа Ф.Келес хэмээх сураггүй нөхөрт тавиад туучихсан. Доменико тоглолтын турш ерөнхийдөө илүүрхсэн ч гурван үеийн дараа шүүгчид тэднийг 17:17-гоор тэнцүүлж, туслах оноогоор турк залуу ялалт байгуулсан юм. Түүнчлэн Э.Селби хэмээх 23 настай залуу Европын гурван удаагийн аварга, ахмад дайчин Г.Балакшиныг 13:10- аар буулгаж, Европын аварга болсон анхны уэльс боксчин болжээ
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
49 кг: 1.Салман Ализаде (Азербайжан) 2.Белик Галанов (ОХУ) 3.Чарли Эдвардс (Англи), Георгий Андонов (Болгар)
52 кг: 1.Эндрью Селби (Уэльс) 2.Георгий Балакшин (ОХУ) 3.Александр Рискан (Молдав), Винченцо Пикарди (Итали)
56 кг: 1.Вечяслав Гоян (Молдав) 2.Дмитрий Польянский (ОХУ) 3.Разван Андреина (Румын),Фуркан Мениз Улас (Турк)
60 кг: 1.Фатих Келес (Турк) 2.Доменико Валентино (Итали) 3.Владимир Саруханян (Армен), Владимир Матвичук (Украин)
64 кг: 1.Рэймонд Мойлетт (Ирланд) 2.Томас Сталкер (Англи) 3.Гайбатулла Хажиалиев (Азербайжан), Винченцо Мангиакапре (Итали)
69 кг: 1.Фред Эванс (Уэльс) 2.Магомед Нурутдинов (Беларусь) 3.Заал Квачатазе (Гүрж), Адриани Вастин (Франц)
75 кг: 1.Максим Коптяков (ОХУ) 2.Адем Киличи (Турк) 3.Дмитро Митрофанов (Украин), Жаба Хочиташвили (Гүрж)
81 кг: 1.Жо Уорд (Ирланд) 2.Никита Иванов (ОХУ) 3.Имре Зелло (Унгар), Хрвое Сеп (Хорват)
91 кг: 1.Теймур Маммадов (Азербайжан) 2.Тервел Пулев (Болгар) 3.Йохан Витт (Герман), Бахрам Музаффер (Турк)
+91 кг: 1.Магомед Омаров (ОХУ) 2.Роберто Каммарелле (Итали) 3.Михеил Бахтизе (Гүрж), Михай Нистор (Румын)
Г.БАЯРСАЙХАН
loading...





orosuud ugaasa iluu
loading...