loading...
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор өсвөрийн үндэсний бөхийн шигшээ барилдаан 2011 оны долдугаар сарын нэгнээс дөрөвний хооронд “Буянт-Ухаа” спорт цогцолборт явагдах гэж байна. “Аваргын гараа 2011” нэртэй аварга Хадбаатар агсны 60 жилийн ойд зориулсан энэхүү арга хэмжээ нь Монгол улсын нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хүрээнд явагдах ажээ.
Барилдаан гурван насны ангилалтай бөгөөд түрүү, үзүүр, шөвгөрсөн хоёр гэж шалгаруулна. Гол зорилго нь Үндэсний бөхийн спортыг дэмжих, хүүхэд залуучуудад бөхийг сурталчлах, дур сонирхолтой болгох, монгол бөхийн өв уламжлал, авъяас билиг, ёс жудгаас суралцан ирээдүйн Аварга цолтон төрүүлэх болон ивээн тэтгэсэн байгууллагуудаа сурталчлахад оршиж байгаа юм байна.
Зохион байгуулагчдын зүгээс шагналын санг өндөр тогтоожээ. Шигшээ барилдаанд шалгарсан бөхөд медаль, зодог шуудаг, шилжин явах туг, цом, их дээд сургуульд элсэх эрхийн бичиг зэрэг үнэ бүхий зүйлсийг өгөхөөр бэлтгэсэн байна. Мөн энэ үеэр улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан, Урлагийн бүх оддын тоглолт явагдах аж.
loading...



