loading...
Галт зэвсэгтэй нөхөрлөгчдийн хүрээ тэлж байгааг буудлага спортын насанд хүрэгчдийн УАШТ харууллаа. Урьд жилүүдийн тэмцээнд 200 шахам тамирчид галын шугамд зогсож байсан нь ховор. Харин Лондоны олимпийн угтал жил мэргэн буудагчдын эгнээ өргөжин тэлжээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Бээжин-2008″-ын мөнгөн медальт О.Гүндэгмаа, тив, дэлхийн дэвжээнд тогтвортой амжилт үзүүлж буй ОУХМ Ц.Мөнхзул болон урт бууны төрөлд дэлхийн хэмжээнд хүрэхийг тэмүүлэх зорилготой залуус тус тэмцээнд онч сорилоо.
Дэлхийн цомын дөрвөн цуврал тэмцээнд оролцсон манайхны хувьд онооны нягтрал хоорондоо ойрхон байв. Тиймээс эхний гурван байрт орох тамирчдыг нарийн товлох бэрх байна гэж дасгалжуулагчид өгүүлснийг тэмдэглэхэд илүүдэхгүй. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд О.Гүндэгмаа манлайлсан бол Ц.Мөнхзул, Т.Гантуул, төрсөн эгч дүүс болох Т.Баярцэцэг, Т.Баярмаа нар удаах байруудыг эзэлсэн.
Бага калибрийн винтовын тавдугаар дасгалд Ч.Нарантуяа, З.Батхуяг, Г.Нандинзаяа нар алт, мөнгө хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн тэмцээн ч мөн ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн. Манай мэргэн буучдыг энэ онд оюутны Универсиад, хийн бууны Азийн АШТ, 2012 оны эхээр олимпийн эрх олгох Азийн АШТ хүлээж байгаа.
О.ГҮНДЭГМАА: ХИЙН БУУНЫ АЗИЙН АШТ-Д АМЖИЛТ ГАРГАХ ЗОРИЛГОТОЙ
Тав дахь олимпдоо оролцох эрх авснаар Х.Баянаа аваргын амжилтыг давтаад байгаа хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа УАШТ-д амжилттай оролцож алт, хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
-Буудлагын УАШТ 1963 оноос зохиогдож эхэлжээ. Харин та тус тэмцээнд хэд дэх удаагаа онч сориод байна вэ?
-Би буудлагаар хичээллэсэн 1993 оноос УАШТ-д оролцсон. Эхний үед залуучууд, улмаар насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөхдөө 1998 оноос одоог хүртэл тасралтгүй алтан медаль хүртээд байна.
-Энэ удаагийн УАШТ-ий онцлог гэвэл…
-Буудлага спортоор хичээллэгчдийн хүрээ жилээс жилд тэлж буй нь мэдрэгдлээ. Тэр хэрээр өрсөлдөөн ширүүсч байна. Бэлтгэлээ шаргуу хийдэг хэн боловч УАШТээс медаль авах бүрэн боломжтой. Тиймээс эхний гурван байрт шалгарах тамирчдыг оноож хэлэх хэцүү байгаа биз.
-Мэргэн буудагчид Дэлхийн цомд алгасалгүй оролцсон учраас бэлтгэл сайн хангасан нь мэдээж. Тав дахь олимпдоо оролцох эрх авсны дараа ямар бодол танд төрсөн бэ?
-Хүн бүр зорилгоо биелүүлэхийг хүсдэг. Миний хувьд “Лондон- 2012” олимпийн эрх авсандаа баяртай байгаа. Спортын амьдралыг залуу настай холбож үздэг ч буудлага нас хязгаарлагддаггүйгээр онцлог. Ийм сайхан спортыг сонгон хичээллэж, өндөр амжилт гаргаж яваа минь буудлагыг эх орондоо хөгжүүлсэн, цаашид хөгжүүлэх хүмүүсийн гавьяа зүтгэлтэй холбоотой.
-Та цаашид хилийн чанадад ямар тэмцээнүүдэд өрсөлдөх вэ?
-Есдүгээр сарын 18-24-нд Польшид болох Дэлхийн цомын шигшээ тэмцээн, хийн бууны дөрөв дэх удаагийн Азийн АШТ хүлээж байна. Буудлагын дэлхийн болон Азийн АШТ дөрвөн жилд нэг, харин Европын АШТ хоёр жил тутам зохиогддог учраас завсрын хоёр дахь жил хийн бууны Азийн АШТ зохиох шийдвэр гарсан гэдэг. Хийн бууны Азийн АШТ-ээс олимпийн эрх олгохгүй боловч бид амжилттай оролцохын төлөө бэлтгэлээ хийж байна.
Ч.НАРАНТУЯА: ОЮУТНЫ УНИВЕРСИАДАД ОРОЛЦОНО
УАШТ-ий үеэр ОУХМ, урт бууч Ч.Нарантуяагаас дараах асуултад хариулт авлаа.
-УАШТ-д хэзээнээс онч сорьж эхэлсэн бэ?
- 11 дэх жилдээ оролцлоо. БКВ-5 дасгалд алт, хийн бууны төрөлд хоёроор финалдсан ч шигшээд гуравдугаар байр эзэлсэн.
-Дэлхийн цомын цувралуудад оролцохдоо хэдхэн онооны зөрүүгээр олимпийн эрхээс мултарсан. Ойрын үед хүлээж байгаа тэмцээнүүд юу байна?
-Олимпийн эрх хүртэж чадсангүй. Оролцсон тэмцээн бүхэндээ дүгнэлт хийж байгаа. Дэлхийн цомын тэмцээнүүдийг алгасалгүй онч сорьсон болохоор бэлтгэл сайн байна. Наймдугаар сард оюутны Универсиад-д өрсөлдөнө.
Ц.МӨНХЗУЛ: ОЛИМПИЙН ЭРХ АВНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
17 жилийн өмнөөс буудлагаар хичээллэсэн ОУХМ Ц.Мөнхзул 1995 оноос УАШТ-д оролцож, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д хэд хэдэн удаа улсын дээд амжилт тогтоосон билээ. 2011 онд Лондоны олимпийн эрхийг авч амжаагүй ч ирэх жил тивийн АШТ-д үүргээ биелүүлнэ гэдэгтээ тэр итгэлтэй байна.
-Дэлхийн цомоос Лондоны олимпийн эрх авах боломжтой байсан. Шигшээ наймд шалгарахын тулд оноо тэнцсэн өрсөлдөгчидтэйгөө хайнаа хагалахад сайн буудаж чадаагүй. Онооны нягтрал өндөр байлаа. Гэхдээ ирэх жил болох Азийн АШТ-д амжилт гаргах итгэл дүүрэн байна.
-Энэ жилийн Дэлхийн цомуудаас хамгийн өндөр амжилт гаргасан тань Мюнхений тэмцээн. АНУ-д болсон Дэлхийн цомд таны буу гацсан гэж үнэн үү?
-Тийм ээ. Хоёр ч удаа буу гацсанаас болж хэд хэдэн оноо алдсан тал бий.
-Бээжингийн олимпийн дараа амжилт тань буурсан нь юутай холбоотой вэ?
-2008 оны олимпоос өмнөх үетэй харьцуулбал амжилт буурсан нь үнэн боловч одоо оноо маань тогтворжиж байгаа. Буугаа шинэчилсэн, сумны хангалт хангалтгүй гээд олон шалтгаан нөлөөлсөн. Өөрийгөө өмөөрөх гэж энэ бүхнийг тооцоогүй юм шүү. Техник хэрэгсэлдээ дасахад тамирчин хүнд хугацаа хэрэгтэй. Ямар ч гэсэн тивийн АШТ-д амжилттай оролцохын төлөө чармайна.
БЭЛТГЭЛИЙН ҮЕИЙН ОНООГОО ТЭМЦЭЭНД БАТАТГАХЫГ ХүСДЭГ
Мэргэн буудагч залуучуудын нэг Н.Баяраа ийн өгүүлэв.
-Хийн бууны төрөлд өндөр амжилт гаргадаг шүү дээ. Гэтэл яагаад гуравдугаар байр эзлэв?
-Хэвтээгээс 60 сум буудах дасгалд түрүүлсэн ч хийн бууны төрөлд шигшээд дөрвөөр шалгарсан. Амжилт яагаад буурсныг хэлж мэдэхгүй байна. Хийн буунд 598 оноо авдаг ч энэ удаа 587 оносон нь хангалтгүй үзүүлэлт.
-Энэ спортоор хэзээнээс хичээллэсэн билээ?
-Зургаа дахь жилдээ хичээллэж байна. Энэ жил Дэлхийн цомын гурван цуврал тэмцээнд оролцож, оноо маань ахилаа. Тиймээс Азийн АШТ-ээс Лондоны олимпийн эрх авахын төлөө бэлтгэлээ чармайн хийнэ. Мөн наймдугаар сард Универсиадад оролцоно.
-Яагаад мэргэн буудагч болохоор шийдсэн юм бэ?
-Сургуульд очих замдаа Техник спортын төвд очдог байсан юм. Улмаар буудлагаар хичээллэхээр шийдэн, С.Адилбиш багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. МБАТС-д ОУХМ-ийн болзол биелүүлсэн. 2009 онд ҮШБ-ийн тамирчин болж билээ. Залуучуудын улсын дээд амжилтыг гурвантаа шинэчилсэн юм байна. Хийн бууны дасгалд Сүхбаатарын Мэргэн бууч тэмцээнээр 598 оноо авсан минь өндөр үзүүлэлт. Бэлтгэлийн үед дэлхийн хэмжээний оноо авдаг. Цаашид улам туршлагажиж, тив, дэлхийн тэмцээнд оноогоо бататгах хүсэлтэй.
-Тэмцээнд оролцох зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-ҮШБ-аас гаргадаг. Мөн “Алдар”-ын 032 дугаар анги бүх талаар дэмждэг.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
ЭРЭГТЭЙ
ХГ-6 1.В.Ганцоож (Алдар) 671,5 2.Э.Даваахүү (Алдар) 670,3 3.Э.Бадамгарав (Грейт) 658,7
БКВ-9 1.Н.Баяраа (Алдар) 692,9 2.Б.Бишрэл (Хүч) 689,8 3.С.Баяр (Эрч) 689,3
БКВ-6 1.Д.Ганзориг (Алдар) 1242,8 2.Н.Энхбаатар (Грейт) 1235 3.О.Энхсайхан (Хүч) 1234
БКГ-6 1.Э.Даваахүү (Алдар) 693 2.Э.Бадамгарав (Грейт) 692 3.В.Ганцоож (Алдар) 622
ЭМЭГТЭЙ
ХГ-4 1.О.Гүндэгмаа (Алдар) 476,2 2.Ц.Мөнхзул (Хүч) 473,3 3.Т.Гантуул (Снайпер) 469,3
БКГ-5 1.Ц.Мөнхзул (Хүч) 776 2.Т.Баярмаа (Аварга) 772 3.О.Гүндэгмаа (Алдар) 771
БКВ-5 1.Ч.Нарантуяа (Грейт) 677,3 2.З.Батхуяг (Алдар) 673,6 3.Г.Нандинзаяа (Грейт) 673
БКВ-9 1.Я.Заяа (Хүч) 591 2.Г.Хоролсүрэн (Грейт) 587 3.Б.Гэрэлтуяа (Сүхбаатар) 586
ХВ-4 1.О.Янжинлхам (Алдар) 398 2.О.Онон (Хэнтий) 397 3.Ч.Нарантуяа (Грейт) 396
Б.ӨЛЗИЙТОГТОХ
loading...



