loading...
ӨАБНУ-ын далайн эргийн үзэсгэлэнт Дурбан хотноо болж буй ОУОХ-ны 123 дахь удаагийн хурлаар 2018 оны олимпийн нийслэлийн нэр тодорлоо.
Өвлийн олимпийн 23 дугаар наадмыг зохион байгуулах эрхийн төлөө гурван хот өрсөлдсөн бөгөөд өмнө нь явагдсан сугалааны дагуу Мюнхен (ХБНГУ), Анси (Франц), Пёнчан (БНСУ) гэсэн дарааллаар өөрсдийн илтгэлүүдээ тавьсан юм. Үүний дараа санал хураалт явагдаж орон нутгийн цагаар 15 цагаас ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге ялагчийг зарласан.
Санал асуулгаар БНСУ-ын Пёнчан хот үнэмлэхүй олонхийн санал буюу 63 санал авч тэргүүлсэн бол Германы Мюнхен 25, Францын Анси 7 санал авч 2018 оны ОЛИМПИЙН НИЙСЛЭЛЭЭР ПЁНЧАН ХОТ ТОДОРЛОО.
ПЁНЧАН хот ийнхүү олимпийн наадмын эрхийг авснаар өвлийн олимп Ази тивд гурав дахиа айлчлахаар болж байна. Өмнө нь 1972 онд Японы Саппоро, 1998 онд мөн Японы Наганод өвлийн олимп зохиогдож байв.
Пёнчан хот нь нийслэл Сөүл хотоос дорно зүгт 180 км-т оршдог, 50,000 гаруй хүнтэй бяцхан хот юм. Энэ хотыг олонд таниулсан зүйл нь буддын шашны сүм хийдүүд бөгөөд сүүлийн хэдэн жил өвлийн спортод ихээр анхаарлаа хандуулах болж жуулчдыг соронзон мэт татах болсон юм. 2008 оноос цас, мөсний спорт хөгжих боломжгүй халуун орны залуусын дунд “Мөрөөдлийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд жил бүр 30 гаруй орны хүүхэд залуус энэ төсөлд тогтмол хамрагдах болжээ.
loading...




