loading...
Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA) шүүгч нарынхаа зэрэглэлийг өөрчилж, гурван одын зэрэглэлд хуваасан. Саяхан манай шүүгч, ОУХМ Ц.Нандигжав зэрэглэл ахиулах шалгалтыг амжилттай өгч, AIBA-гийн хамгийн өндөр зэрэглэлийн буюу гурван одтой шүүгч болжээ. Энэ талаар асууж тодруулахаар түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Шүүгч нарын зэрэглэлийнхээ талаар манай ун шигч дад тайлбарлаж өгнө үү?
-Өмнө нь боксын шүүгчид зургаан зэрэглэлтэй байсан. Харин 2009 оны ДАШТ-ий дараа шинэ дүрэм гарч, шүүгчдийн зэрэглэлийг гурав болгож цөөлсөн юм. Ингэхдээ өмнө нь олимп, ДАШТ-ийг шүүж байсан шүүгч нарт хоёр од автоматаар өгсөн юм. Хоёр одтой болсноор тивийн АШТ-ийг шүүх эрхтэй болж байгаа юм. Харин олимп, ДАШТ-ийг зөвхөн гурван одтой шүүгч л шүүх эрхтэй болсон.
AIBA-гаас бас тэмцээнүүдийг ийм одтой болгосон. 20-иос дээш орон орвол гурван одтой гэх мэтээр зэрэглэл тогтоосон байгаа. Миний хувьд Хятадын Гүйян хотод болсон “China Open” олон улсын тэмцээний үеэр гурван одын шалгалт өгч тэнцлээ. Энэ тэмцээнд AIBA-гийн шүүгчдийн зөвлөлийн дарга нь өөрөө ирж, шүүгчдээс тест болон ринг, хажууд хэрхэн шүүж байгааг нь харсан. Энэ шалгалтын хариу сая МОБХ-гоор дамжиж ирлээ. Энэ тэмцээнийг шүүхэд холбооноос зардал гаргаж тусалсан. Тиймээс энэ дашрамд МОБХ-ны хамт олонд талархсанаа илэрхийлье.
-Гурван одтой болсноор олимп, ДАШТ-ийг шүүхэд хаалтгүй боллоо гэж ойлгож болох уу?
-Яг ч тэгж ойлгож болохгүй л дээ. Ямар ч байсан эдгээр тэмцээнүүдийг шүүх эрхтэй болж байгаа юм. Харин тэмцээнээ хэнээр шүүлгэхээ AIBA-гийн шүүгчдийн комисс шийднэ. Тэгээд дуудсан тохиолдолд очиж шүүх юм. Би ямар ч байсан наймдугаар сард Солонгосын Инчёнд болох Азийн АШТийг шүүх санаатай байгаа. Мөн гурван одтой шүүгч нар Дэлхийн боксын лигийг ч шүүх эрхтэй. Ингэхийн тулд хүсэлтээ илэрхийлэх ёстой юм билээ. Гэхдээ одоохондоо энэ тэмцээнийг шүүх бодол алга. Дэлхийн боксын лигийг шүүхээр мэргэжил тал руугаа ороод, дараа нь бусад тэмцээнийг шүүхэд мэдрэмж алдагдах гээд байдаг талтай.
-Монголд өөр одтой шүүгч бий юу?
-Манай С.Баясгалан хоёр одтой. Өөр одтой шүүгч хараахан алга. Яваандаа залуу шүүгч нараа нэг одын шалгалтад хамруулах зорилготой. Манайд О.Мандахбаяр, Хас-Эрдэнэ гээд авьяаслаг залуу шүүгчид бий. Ялангуяа ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Р.Отгонбаяр агсны хүү Мандахбаярыг гайгүй шүүгч болох болов уу гэж хараад байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Г.БАЯРСАЙХАН
loading...



