Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Наадам » Түүхт их ойн наадмуудын тухай шигтгээ тэмдэглэл

GD Star Rating
loading...

Монгол түмэн хөгжил дэвшлийн замаар замнасан ардын хувьсгалын жилүүдэд эрийн гурван наадам хэмээх аугаа их баяр цэнгэлийг Цэргийн наадам, Улсын баяр наадам, Монголын үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр наадам… хэмээн нэрлэн 90 дэх жилдээ тэмдэглэж байна. Дэлхийд хосгүй энэхүү их баяр цэнгэлийн дотор түүхт ойн жилийн хэмээх Ардын хувьсгалын 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80 жилийн ойн баяр наадмууд хүндтэй байр эзэлдэг бөгөөд эдгээр наадмын тухай эргэн өгүүлье.

86 БӨХ УЛСЫН АЛДАР ЦОЛ ХҮРТЖЭЭ

Ардын хувьсгалын жилүүдэд болсон баяр наадмын түүхийн хуудсыг сөхөж үзэхэд зөвхөн түүхт их ойн жилийн найман удаагийн баяр наадмаар 86 бөх шинээр улсын цол хүртэж, чимэг гуншингаа ахиулснаас Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох хоёр дархан аварга цол, С.Цэрэн даян аварга цол, Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан, С.Цэрэн, А.Сүхбат дөрөв улсын аварга цол, М.Бэх-Очир, Х.Өлзийсайхан, Ч.Бээжин, Б.Жамъяндорж, П.Дагва сүрэн, Ж.Хайдав, М.Мөнг өн, О.Балжинням нарын найман бөх улсын арслан цол, 16 бөх улсын заан, 55 бөх улсын начин цол хүртэж байжээ. Эдгээр түүхт ойн жилийн баяр наадмаар начин, заан, арслан, аварга гэсэн монгол үндэсний бөхийн эрхэм дөрвөн цолтон бүгд ээлжлэн түрүүлж ирсэн төдийгүй улсын цолгүй залуу бөх хүртэл түрүүлж, наадамчин түмнээ баясгаж явсан байдаг. Ардын хувьсгалын 10 жилийн ойн баяр наадмаар Булган хангай нутгийн залуу бөх “Хурандаа” хэмээх М.Бэх-Очир түрүүлж арслан, Ардын хувьсгалын 20, 30, 80 жилийн ойн баяр наадмуудаар Бул ганы Сэлэнгэбүрэнгийн Б.Түвдэндорж, Хөвсгөлийн Цагаан- Үүрийн Ж.Цэвээнравдан, Төв аймгийн Сэргэлэнгийн А.Сүхбат гурав улсын арслан цолтойдоо түрүүлж аварга, 40 жилийн ойн баяр наадмаар Булганы Сайханы С.Цэрэн улсын начин цолтойдоо түрүүлж аварга, 50 жилийн ойн баяр наадмаар Увсын Хяргасын Х.Баянмөнх улсын аварга цолтойдоо түрүүлж дархан аварга, 60 жилийн ойн баяр наадмаар Х.Баянмөнх аварга дахин түрүүлж дархан аварга цолон дээрээ ”Баяр наадмын манлай” чимэг, 70 жилийн ойн баяр наадмаар Увсын Наранбулагийн О.Балжинням улсын заан цолтойдоо түрүүлж арслан цол хүртэж байжээ.

П.СҮХБАТААС БУСАД НЬ…

Түүхт их ойн жилийн баяр наадмаар үзүүрлэсэн бөхчүүд ч бас алдар цолоо ахиулсан байдаг. Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор үзүүрлэсэн Завханы Идэрийн залуу бөх М.Лхагваа заан, 20 жилийн ойн баяр наадмаар Дорнодын Халхголын Х.Өлзийсайхан заан цолтой үзүүрлэж арслан, 50 жилийн ойн баяр наадмаар Булганы Сайханы С.Цэрэн аварга цолтой үзүүрлэж даян аварга, 60 жилийн ойн баяр наадмаар Өвөрхангайн Нарийнтээлийн Д.Цэрэнтогтох даян аварга цолтой үзүүрлэж дархан аварга цол хүртсэн байдаг. Б.Түвдэндорж, Д.Дамдин, Б.БатЭрдэнэ гурван дархан аваргын үзүүрлэж чимэг нэмснийг эс тооцвол Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойн баяр наадмаар үзүүрлэсэн Налайхын Пунцагийн Сүхбатаас бусад нь цолоо ахиулжээ. Харин П.Сүхбатын заан цолон дээр нь “үлэмж бадрах” чимэг нэмээд л өнгөрчээ.

ХОЁР МӨНХИЙН ХОВОРХОН АМЖИЛТ

Арван баядын хошууны нэрт бөх Хүхэр хөхийн зээ, Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн баяр наадмуудаар түрүүлж, түүхт хоёр ойн жилийн наадмыг дараалан манлайлах хувь тохиосон, баяр наадмын цадиг түүхэнд дахин тохионо гэхэд бэрх дээд амжилт үзүүлсэн бөх билээ. Х.Баян мөнх аварга 48 настайдаа 70 жилийн ойн баяр наадмаар их шөвөгт шалгарч, 58 настайдаа 80 жилийн ойн баяр наадмаар дөрөв давж байв. Дархан аварга Ж.Мөнхбат Ардын хувьсгалын түүхт 40, 50, 60, 70, 80 жилийн ойн таван удаагийн баяр наадмаар барилдаж, түүхт ойн жилийн баяр наадмуудаар хамгийн олон жил зодоглон цол гуншингаа дуудуулж явжээ.

ТОМ НААДМААР ХИЙМОРЬТОЙ БАРИЛДДАГ БӨХ

Алдарт ах дүү Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа аваргуудын нутаг Булган аймгийн Сайхан сумын харьяат даян аварга С.Цэрэн түүхт ойн жилийн баяр наадмуудаар од хийморьтойхон нааддаг бөх. Улсын начин цолтойдоо Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадмын үзүүр түрүү булаалдах барилдаанд таван жил дараалан тахимаа хэнд ч өгөлгүйгээр дархалж явсан алдарт Д.Дамдин аваргыг хазайлгаж заан, арслан цолыг алгасан шууд улсын аварга хэмээх эрхэм цолыг 22- хон настайдаа хүртэж наадамчин түмнээ баярлуулсан түүхтэй. Тэрбээр улсын залуу аварга хэмээн цоллуулан зодоглосон наадмууддаа төдий л дээгүүр барилдаж чадаагүй хэрнээ түүхт ойн жил үнэнхүү од хийморьтойхон нааддаг бөх болохоо харуулж, Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмын үзүүр түрүүг дархан аварга Х.Баянмөнхтэй булаалдан үзүүрлэн даян аварга цол хүртэв.

ТҮҮХТ ОЙГООР ХОЁР СҮХБАТАД

Хан Хэнтий нутгийн алдарт бөх, дархан аварга Б.Бат-Эрдэнэ ардын төрийнхөө их баяр наадмыг найман жил дараалан манлайлж, нийт түрүүгээ 12 болгож, баяр наадамтай эн зэрэгцэх даншиг наадмуудын бүх түрүүг хэнд ч өгөлгүйгээр “өмчлөн” Шагдарын Намхай, Гэнэнийн Өсөхбаяр хоёр нэрт аваргын даншигийн наадмын дэвжээн дэх амжилтыг ахиулсан монгол бөхийн цадиг түүхэнд мөнхрөн үлдэх дээд амжилтыг тогтоосон алдарт хүчтэн билээ. Гэвч их аварга түүхт ойн жилүүдийн баяр наадмаар амжилт муутайхан барилдаж явсан байдаг. Ардын хувьсгалын 67, 68, 69 жилийн ойн баяр наадмуудыг гурван жил дараалан манлайлж, Хэрлэнгийн хөдөө аралд болсон МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмаар арав даван түрүүлж арслан, аварга, даян аварга, дархан аварга хэмээх эрхэм цолуудыг ээлж дараалан хүртэж үеийнхнээсээ хол тасарсч, ёстой “аа нь амандаа багтахгүй, хүч нь буйлж” явсан ид үедээ түүхт 70 жилийн ойн баяр наадмын их шөвөгт Пунцагийн Сүхбатын санаандгүй хийсэн этэх мэхэнд “бүдэрч” олон жил дараалан түрүүлэх амжилтандаа завсар оруулсан бол ардын төрийн их баяр наадмыг найман жил дараалан манлайлж, нийт түрүүгээ 12-т хүргэж, тахим өгнө гэдгийг мартаж явсан үедээ түүхт 80 жилийн ойн баяр наадмын үзүүр түрүү булаалдах барилдаанд Агваансамдангийн Сүхбатад барьц сонгуулан бас өвдөг шороодсоноос үзэхэд их аваргыг түүхт ойн жилийн баяр наадмуудаар амжилт муутайхан нааддаг бөх гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Ардын хувьсгалын түүхт 70, 80 жилийн ойн баяр наадмуудаар “Пунцагийн Сүхбат, Агваансамдангийн Сүхбат” хэмээх амьдайнуудад өвдөг шороодсон нь баяр наадмын дэвжээнд тэр бүр тохиогоод байхгүй сонин тохиолдол юм. Мөн Дархан аварга Ж.Мөнхбат 40, 50 жилээр түрүүлвэл түрүүлчих ид үедээ доогуур даваанд өвдөг шороодсон байдаг. Ардын хувьсгалын 40 жилийн ойн баяр наадмын өмнөхөн болсон МБАТ-ний анхдугаар спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах шигшээ барилдаанаар түрүүлж, улсын заан цол хүртэхдээ “Наадмаар түрүүлнэ” хэмээн аархаж явсан ч зургаагийн даваанд Дорнодын Ч.Дугарсүрэнд тахимаа өгч, 50 жилийн ойн баяр наадмаар дунд шөвөгт хүрч барилдаанаа дуусгасан. АДИЛХАН АМЖИЛТ Булган хангай нутгийн дархан аварга Б.Түвдэндорж даян аварга С.Цэрэн хоёр түүхт ойн жилийн баяр наадмуудаар түрүүлж, үзүүрлэж адилхан амжилт үзүүлсэн хүчтэнүүд юм. Б.Түвдэндорж аварга Ардын хувьсгалын 20 жилийн ойн баяр наадмаар ес даван түрүүлж улсын аварга цол, 30 жилийн ойн баяр наадмаар ес давж үзүүрлэн дархан аварга цолон дээрээ “даяар дуурсагдах далай даян” гэсэн цолноос дутахааргүй сайхан чимэг нэмж, С.Цэрэн аварга Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадмаар ес давж түрүүлж аварга цол, 50 жилийн баяр наадмаар найм давж үзүүрлэж даян аварга цол хүртэж, түүхт ойн жилийн баяр наадмуудаар адилхан амжилт үзүүлж байжээ.

ТӨГСГӨЛД ДАЙХ ҮГ

Бидний монголчууд баяр наадам дөхөх тутам хэн хэн шөвгөрч, түрүүлж үзүүр лэхийг тааварлан ярилцдаг уламжлалтай. Бөхийн хорхойтнуудын таавар бүхэлдээ хүмүүсийн итгэл хүндэтгэлийн илэрхийлэл байдаг болохоор ихэвчлэн хайрлаж хүндэлж явдаг бөх чүүдээ дээгүүр барилдана, улсын цолонд хүрнэ хэмээн тааварлан бичих нь олонтаа. Өнөөдөр Бөхийн өргөөнд болж буй аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар “Яая” гэмээр сайхан залуус дэвжээн дээр багтаж ядан чихцэлдэж байгааг хараад ирээдүйн аварга, арслан, гарьд, заанууд өсөн бойжиж байна даа гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлдэг билээ. 50-иад оны эцсээр болсон Ардын хувьсгалын 36 жилийн ойн баяр наадмаар тавын даваанд босч барилдсан 32 бөхийн 21 нь ирээдүйн аварга, арслан, заан, начин Ч.Бээжин, Ө.Эрдэнэ-Очир, Л.Дашдаваа, А.Нагнайдорж, Г.Дамдиндорж, Б.Норов тэргүүтэй залуу бөхчүүд байхад, дараа жилийнх нь 37 жилийн ойн баяр наадмаар Ж.Чойжилсүрэн, Б.Жамъяндорж, Ц.Дамдиндорж, Ч.Адъяа, Д.Гүрбадам, Ж.Жигмиддорж нарын ирээдүйн арслан, заан, начин цолтнуудын тэргүүлсэн 19 залуу бөх тавын даваанд боссон нь ахмад бөхчүүдийн халаа залуу бөхчүүдийн нэгэн үе үерийн давалгаа шиг хүч түрэн гарч ирж байгааг харуулж байв. Тэгвэл өнөөдөр тэртээх он жилүүдийн баяр наадам давтагдах “шимт хөрс” бүрэлдчихээд байна. Манай бөх сонирхогчид, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баяр наадмаар шөвгөрөх, түрүүлж, үзүүрлэх, шинээр улсын цол хүртэх, цол гуншингаа ахиулах бөхчүүдийн талаар элдэв янзын таамаглал дэвшүүлж, оюун ухаанаараа “хүч сорьцгоож” байгаа энэ үед “цучил нэмэх”-ээр шийдлээ.

Шинэ мянганы анхны он жилүүдийн баяр наадмыг дөрвөнтээ манлайлчихаад байгаа даян аварга Г.Өсөхбаяр цолны эрэмбэ, бяр ухааны хослол, олон жилийн барилдааны туршлагаа харуулж, аваргын буйр зааж их шөвөгт хүрч, үзүүр түрүүг булаалдахаар, бүр түрүүлчихээд зогсож байхад хэн ч гайхахгүй биз. Аварга энэ жил 38 хүрч байгаа. Энэ насан дээр Х.Баянмөнх аварга найм дахиа түрүүлж, Д.Дамдин Д.Цэрэнтогтох хоёр үзүүрлэж, Ж.Мөнхбат Б.Бат-Эрдэнэ хоёр их шөвөгт шалгарч байснаас үүдэн дээрх дүгнэлтийг хийж байна. Тэрбээр заалны барилдаануудад доогуур даваанд тахимаа өгч яваа ч 2003 онд хоёр дахь удаагаа түрүүлэхдээ тэргүүнээ хүргэн хүндэтгэл үзүүлж явсан Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээ нь ач ивээлээ харамгүй хайрлах байлгүй. Хөвсгөл нутгийнхан залуу арслан Х.Мөнхбаатарыгаа Ж.Цэвээн равдан аваргын 60 жилийн тэртээх түүхт ойн жилийн баяр наадмыг манлайлж явсан амжилтыг давтаж, дөрвөн жилийн өмнөх шигээ нутгийн ард түмнээ баяр хөөрөнд умбуулах болов уу гэж харсаар л… Хотгойдын их баяр наадмыг манлайлсан, бөх хүний олон сайхан шинжийг өвлөж төрсөн залуу начин Ц.Содномдоржийгоо ч дээгүүр барилдчих болов уу гэж харсаар байгаа нь мэдээж. Увсын Баруунтурууны залуу арслан Б.Ганбат өнгөрсөн жилийн наадмаар залуу заан М.Өсөхбаяр, арслан Х.Мөнхбаатар, даян аварга Г.Өсөхбаяр нарын шилдэг хүчтэнгүүдийг орхин түрүүлсэн нь түүнд өнөөдөр “зүүд зэрэглээ шиг” ч санагдаж явж мэдэх юм. Залуу арслан өмнө нь түрүүлэх тухай бодолдоо сүрдэж явсан бол эдүгээ тэр бодол нь уян зөөлхнөөр сэтгэлд нь дүрслэгдэж яваа ч байх. Олон жил дуншиж байж түрүүлсэн залуу арсландаа түүхт их ойн жилийн найман удаагийн баяр наадмын гурвыг авчихаад Увс нутгийнхан нь дөрөв дэхээ түрүүлэх “нэр төрийн даалгавар”- ыг өгчихөөд байгаа биз. Увсынхан шиг түүхт их ойн жилийн найман удаагийн баяр наадмын гурвыг нь “өмчилчихөөд” байгаа Булган хангай нутгийнхан хагас зуун жил арслан, аварга хэмээх том цолтны барааг хараагүй. Тэд сүүлийн хоёр жилийн наадмын түрүү, үзүүр бөхчүүдэд л тахимаа өгч яваа хурц, дайчин барилдаантай М.Өсөхбаяртаа итгэл хүлээлгэж буйгаа нуухгүй байгаа. Бөх сонирхогч олон Архангай аймгийн Хашаат сумын харьяат, байгаль эхээс сайхан бие хаа, бяр тэнхээг өвлөж төрсөн, зоримог шийдэмгий барилдаантай Ч.Санжаадамба хүүд ихээхэн итгэл хүлээлгэдэг. Наадмаар доогуур даваанд бүдэрчихэээд байгаа болохоос баяр наадмын манлай аварга, арслан шилдэг хүчтэнгүүдийг цөөнгүй шороодуулчихдаг, Монгол туургатаны наадам, сар шинийн баяр, Бөхийн өргөөнд болсон тэмдэглэлт ойн олон барилдааныг манлайлж яваа энэ хүүд итгэл хүлээлгэхгүй байхын ч аргагүй юм. Бэртэл гэмтэл авчих байх гэж болгоомжилдог юм уу Бөхийн өргөөнд болдог барилдаануудад алдаг оног зодоглож байгаа харагддаг. Уг нь унахаас огт бэргэх хэрэггүй юм. Ахмад бөхчүүд ч “унаж байж хаяж сурдаг, унах тоо нь гүйцдэг” хэмээн сургасан ч байдаг. Залуу сэтгүүлч Т.Цог-Эрдэнэ “Х.Мөнхбаатарыг түрүүлдэг тээр жил Б.Бат-Эрдэнэ аварга шавьтайгаа арав барилдан арав хаяж байсан нь нэг төрлийн дом байж” хэмээн “Өдрийн сонин” дээр бичсэн байсан.

Эдүгээ бодох нь их аварга шавийнхаа унах тоог гүйцээж явж. Монголчууд бид цагаан, хар хэл ам гэж цэрвэж, ялангуяа цагаан хэл амнаас болгоомжилж явах хэрэгтэй хэмээн ярьдаг. Энэ жилийн сар шинийн баяр барилдааны үеэр Ш.Жаргалсайхантай ба рил даж байхад үзэгчид ус, ундаа ныхаа саваар шидэлж Ч.Санжаадамбад эсэргүүцлээ илэрхийлсэн. Завханы Ш.Жар галсайхан арслан дараа нь өгсөн ярилцлагадаа “Хацраас цус гарсан нь урьдах өдрийн барилдааны үеэр хацар хамраа шалбалсных. Ч.Санжаадамбатай барилдаж байхад тэр шарх дахин шалбарч цус гарсан болохоос Санжаадамба цус нөжтэй минь холчихсон юм байхгүй” хэмээн хариулсан байсан. Үзэгчдийн зүй бус үйлдэл харин ч магтаал дунд умбаж явсан Ч.Санжаадамбын хувьд “цагаан хэл ам”-ыг нь нимгэлж өгсөн болов уу гэж эерэгээр бодож явдаг юм. 1024 бөх барилдах болохоор Ч.Санжаадамбад улсын цолны босго нэг их өндөргүй болов уу гэж бодогдох юм. Начин цолны сэнжигнээс атгачихсан байхад ч … Улсын цолонд зүтгэж байгаа олон бөхчүүдийн дотор Ш.Жаргалсайхан, Д.Батжаргал, Б.Гончигдамба нарын Завхан нутгийн бөхчүүд бий. Ширбазарын Жаргалсайхан л гэхэд бараг арваад жил начин цолны тааварт явна. Гэвч нэг л болж өгөхгүй байгаа. Тэрбээр “Нутгийнхаа Маамын Лхагваа арслангийн дүр бүхий жижиг баримлан хөшөөг гэрийнхээ хойморьт бурхан тахилтайгаа залдаг” хэмээн өгүүлсэн удаатай.

Бөхийн нэгэн ёс жудаг байх. М.Лхагваа арслан амьдралынхаа сүүлчийн жилүүдийг Сэлэнгэ аймгийн Түнхэл хороонд өнгөрүүлсэн хүн. Тэндхийн Ганц модны хөтөл гэдэг газар арслангийн даруухан булш байдаг гэдэг. Хөвсгөлийн Тариалангийн “өмсдөг” хэмээх онцгой сайн эзэмшсэн мэхээрээ алдаршсан Ц.Дамдиндорж заан сэрүүн ахуйдаа “Завханыхан манай М.Лхагваа арслан аваргын энтэй бөх, аварга болох ёстой бөх” гээд их ярьдаг, бичдэг мөртлөө арслангаа эргэн дурссан томоохон арга хэмжээг ганц удаа боловч зохион байгуулаад хийчихгүй юм. Даруухан булш нь манай Түнхэлд байдаг ч түүнийг нэг ч болов эргээд сэргээчихгүй юм даа” хэмээн хуучилж байж билээ. Зааны энэ үг Завханыханд нэгийг бодогдуулах ёстой. Монголчууд бид “Түүхт их ойн жилийн” хэмээх дэлхийд хосгүй аугаа их баяр цэнгэлийг ес дэх удаагаа ёслон тэмдэглэх гэж байна. Жил жилийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам бүр ч сайхан болно. Найман удаа ёслон тэмдэглэсэн их ойн жилийн баяр наадмуудаар Булган хангай нутгаар овоглосон гурван бөх гурван удаа түрүүлж, алс баруун хязгаар Увс нутгийн хоёр бөх гурван удаа түрүүлж, Хөвсгөл, Төв аймгийн бөхчүүд нэг нэг удаа түрүүлж наадамчин олноо, аймаг орныхныгоо баярлуулжээ. Улсын алдар цолтой бөхчүүдээрээ тэрг үүлдэг, хамгийн олон аваргатай ар, өврийн хангай нутгийн бөхчүүд түрүүлж чадаагүй нь нэгийг хэлээд байх шиг. Энэ жилийн ойн баяр наадмаар улсын бүх цолтнууд, аварга, бүр дархан аварга ч төрж болно. “Аварга аваргаараа төрдөг, хэн дуртай хүн аварга болчихдоггүй, амны хишиг хувь зохиол гэж айхтар юм бий” хэмээн дархан аваргууд маань ч өгүүлсэн бий. Дэлхийд хосгүй их баяр цэнгэлийг наадмын тэр өдрийн од гийсэн, аль аймгийн хэн гэдэг азтай аавын хүү манлайлах бол?

GD Star Rating
loading...
Түүхт их ойн наадмуудын тухай шигтгээ тэмдэглэл, 1.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. boldgerel says:

    П.Сүхбатын тэр үед гарьд гэдэг цол байхгүй байсан учраас “үлэмж бадрах” чимэг нэмсэн юм сүүлд гарьд авсан шүүдээ

    GD Star Rating
    loading...
  2. Боль says:

    Наадах чинь Таван цагариг сонин дээр гарсан материал байна шүү дээ. Нэг их өөрсдөө бичсэн юм шиг бичсэн Спортын цонх гэчихжээ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: