loading...
Мэргэжлийн сүмогийн Нагоя тэмцээний 14 дэх өдөр аварга тодорлоо. Эхний өдрөөс хойш ганц ч уналгүй 14 дараалан ялсан озэки Харүмафүжи ёкозүна Хакү- хог ёрикири мэхээр ялснаар 2009 оны тавдугаар сарын тэмцээнд түрүүлснээсээ хойших хоёр дахь түрүүгээ авлаа. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард баруун хөлийн шагайгаа гэмтээснээс хойш Хакүход саад болж чадахгүй байсан Харүмафүжи энэ тэмцээнд үнэхээр одтой сайхан барилдлаа. Озэки цол авч байхдаа 123 килограмм жинтэй байсан бол 132 кг болтол нэмж, хөлийнх нь гэмтэл ч илааршжээ.
Харин Хакүхо 12 дахь өдөр Котошёогикүд ялагдан, маргааш нь озэки Котоошюүд ялагдах дөхсөнөөр сэтгэл зүйн бэлтгэл алдагдсан бололтой. Хэрэв тэр түрүүлбэл найм дараалан ялсан амжилтаар сүмогийн түүхэнд нэгд бичигдэх рекорд тогтоох байлаа.
Эхнэрийнх нь төрсөн нутаг Токүшима мужаас хэрэв найм дараалан түрүүлбэл дурсгалын гоёлын маваши бэлэглэнэ хэмээн зарлаж, алдарт Фүтабаяма аваргын гэр музейн захирал өнгөрсөн жилийн Хакүхогийн 63 дараалан ялсан амжилтыг мялаан хөшөөг нь музейдээ босгож, арванхоёрдугаар сарын 3-нд нээлт хийнэ гэдгээ мэдэгдэж, хэрэв энэ тэмцээнд түрүүлбэл тусгай шагнал олгоно гэж байлаа. Энэ бүхэн ч стресс, дарамт нэмсэн биз ээ.
Харүмафүжи “Үнэхээр баяртай байна. Хоёр жил гэмтэл бэртэл гээд дэмжигч фэнүүддээ сайхан барилдаан үзүүлж чадаагүй. Ялсан ч унасан ч хамаагүй дараа нь харамсахааргүй барилдъя гэж шийдсэн” гэж сэтгүүлчдэд ярьсан бол Хакүхо “Сул болохоор л уналаа. Би ч гэсэн хүн шүү дээ” гэж хэлсэн байна. Тэмцээний сүүлийн өдөр Барүтод ялагдсанаар Хакүхо гурван унаатай тэмцээнийг дуусгалаа.
Эзэн хааны цомыг таван удаа хүртсэн арслан Кайо зодог тайлснаар хүмүүс Котошёогикүг шинэ арслан болно хэмээн итгэл тавин хүлээж байлаа. 12 ялахад тэрбээр озэки болж, Кайогийн орыг залгамжлах байсан ч дөрөв унаснаар ямар ч найдлагагүй болсон гэхэд болно. Хэдийгээр аваргыг өвдөг шороодуулсан ч маэгашира цолтонд хоёр өдөр дараалан ялагдсан тул ямар ч арга байсангүй.
Японы ардын бөх Такамисакари 11 ялагдан, жюүрёод унах аюул тулгараад байна. Нагоя тэмцээний шюкюншёо шагналыг Котошёогикү, кантоошёо шагналыг Хоомашёо хүртсэн байна. Харин уран барилдааны шагналыг авах хүн гарсангүй.
loading...



