loading...
Даваанямын Бямбадорж 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотноо төрсөн. Исэгахама дэвжээний бөх. 185 см өндөр, 132 кг жинтэй. Макүүчид хоёр, жюүрёо, санданмэ, жонокүчи зиндаанд тус бүр нэг удаа түрүүлж байв. 10 удаа тусгай шагнал авч байсан. Хэрэв Харүмафүжи сүүлийн өдөр Кисэ носатог ялсан бол ганц ч унаагүй түрүүлэх байлаа.
Асашёорюү зодог тайлснаас хойш Хакүхог өрсөлдөгчгүй боллоо гэж ярьж байлаа. Харин Харүмафүжи Хакүхог зогсоох нь би хэмээн бодож байсан нь мэдээж. Гэвч өнгөрсөн жил бэртсэн хөл нь эдгэж өгөхгүй удсанаас бэлтгэл ч хийж чадахгүй өдрүүд үргэлжилсээр. Найрааны асуудал гарч сүмод орохоос нь эхлэн тусалж дэмжиж байсан ахмад бөх Асофүжи, хамт Монголоос ирсэн андууд нь зодог тайлахаас өөр аргагүй боллоо. Тиймээс тэрбээр өөртөө тусалж, дэмжиж байсан бүх хүний төлөө ялна хэмээн зүтгэж, хуурай ах Асофүжидээ түрүүлнэ хэмээн амласан байсан гэнэ.
Ялахаас өөр арга байхгүй бас нэгэн зүйл бол ахаас өөрцгүй байсан Асашёорюүгийн зөвлөгөө байжээ. Хагас сайн өдрийн орой Асашёорюү Монголоос залган, сандралгүй тайван барилд хэмээн зөвлөгөө өгсөн байна. Барилдаан эхлээд л Хакүхогоос зүүн мавашины барьц авсан Харүмафүжи аваргад юу ч хийх бололцоо өгөлгүй ялсан нь Асашёорюүгийн зөвлөгөө байсан байж болох. Ирэх есдүгээр сарын тэмцээнд түрүүлбэл ёкозүна болох боломж гарч ирнэ. Харүмафүжи энэ талаар “Хэрэв боломж гарвал ашиглах нь ойлгомжтой” гэж ярьж байна. Аравдугаар сард болох хуримын ёслолдоо ёкозүна болчихоод оролцож ч магадгүй юм.
loading...



