loading...
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээн өчигдөр эхэллээ. 26 орны 140 тамирчин 22 жинд өрсөлдөж байгаа уг тэмцээн хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр аваргаа тодруулна.
Тэмцээнийг үзэж сонирхохоор Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч Рафел Сантонжа, дэд ерөнхийлөгч, Араб, Африкийн бодибилдинг, фитнессийн хол бооны ерөнхийлөгч, доктор Aдел Фахим, Азийн бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч Шейх Абдулла Бин Рэчид, дэд ерөнхийлөгч Хон Ен Рун нарын хүндэт зочид хүрэлцэн иржээ.
Тэмцээний талаар Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн М.Анхбаатараас тодрууллаа.
-Азийн аварга шалгаруулах тэм цээнийг эх орондоо зохион байгуулах эрх авна гэдэг энэ спорт манайд хөгжиж буйн илрэл байх?
-Тийм шүү. Энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө өнгөрсөн жил Япон, Казахстан, Кувейт зэрэг олон оронтой өрсөлдсөн.
-Тэмцээнд 28 орон оролцоно гэж байсан. Яагаад зарим нь ирээгүй юм бол?
-28 орон оролцохоор мэдүүлгээ өгсөн ч цаг агаарын байдлаас болж нислэг нь саатах гэх мэт шалтгаанаар хоёр орны тамирчин ирж амжаагүй. 26 орны тамирчид оролцож байгаа. Монголд өмнө нь спортын ямар ч төрлөөр ийм олон орны тамирчин оролцсон тэмцээн болж байгаагүй.
-Монголоос хэдэн тамирчин оролцож байгаа вэ?
-Монголын мистер Д.Золбаяр, Ази тивийн хоёр удаагийн аварга М.Сарангуа нарын 17 тамирчин оролцож байна. Азийн болон олон улсын зэрэглэлтэй шүүгчид шүүж байгаа.
loading...



