Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сумо, Ярилцлага » Харүмафүжи Д.Бямбадорж: Ёкозүна болох боломж хүн бүрт олдохгүй

GD Star Rating
loading...

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоё башё өндөрлөөд удаагүй байна. Өдгөө үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж буй БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өчигдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Харүмафүжи нарыг хүлээн авч, 90 жилийн ойн медалиар шагнасан юм. Энэ үеэр макүүчи зиндаанд хоёр дахиа түрүүлсэн Харүмафүжи Д.Бямбадоржтой ярилцлаа.Түүний ээж Ц.Мягмарсүрэн, төрсөн ах, улсын начин Д.Лхагвадорж нар ч энэ медалийг хүртсэн билээ.

 

-Нагоё башёд урамтай сайхан барилдаж түрүүлсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Үнэхээр баяртай байна. Озэки цол хүртсэнээсээ хойш бэртэж, сэтгэлдээ хүртэл барилдаж чадаагүй. Харин ард олон, ах дүүсийнхээ буян хишиг,

дэмжлэгээр бэртлээ эдгээж, хоёр дахиа түрүүллээ. Миний хүч гэхээсээ илүү ямар ч үед намайг түшиж, тулж ирсэн ард олны минь буян юм болов уу.

-Дөрвөн сарын дараа албан ёсны башё боллоо /Гуравдугаар сард болоогүй, тавдугаар сарынх Чансаа тогтоох нэртэй байсан/. Тиймээс бөхчүүд нэлээн хичээх шиг санагдлаа?

-Тийм ээ. Найрааны хэрэг, цүнами зэрэг харамсалтай үйл явдлын дараа болсон башё. Тиймээс бөхчүүд уран сайхан барилдахыг хичээсэн. Биднийг хараад амьдрах итгэл олж, урам авах хүн олон байсан. Бид үзэгчдийг баярлуулж, баясгах үүрэгтэй. Нагоё башёд өрсөлдөгч бүр хүчтэй байлаа. Үүнээс хамгийн их бодож, хичээсэн нь Хакүхо М.Даваажаргал аваргатай хийсэн барилдаан байсан.

-Хакүхо аваргатай барилдахын өмнө Асашёорюү Д.Дагвадорж аварга тан руу утасдаж, амжилт хүссэн гэсэн. Их аварга юу гэж зөвлөв?

-/Инээв/. Хүүхэд байхдаа Дагваа аваргатай хамт жүдогийн секцэнд хичээллэдэг байсан. Намайг төрсөн дүүгээсээ ялгаагүй хайрлаж, дэмжиж, сургадаг. Тэр барилдааны өмнө залгаж “Битгий их нервтээрэй. Ялсан ч, ялагдсан ч дараа нь харамсахааргүй барилдаарай” гэж захисан. Хэлсэн ёсоор нь өөрт байгаа бүх л хүч, тэнхээ, авьяасаа гаргаж барилдсан даа.

-Нагоё башё өндөрлөсний дараа Японы сүмо бөхийн холбооны ёкозүнагийн зөвлөл хуралдаж, таныг Аки башёд түрүүлэх юм уу, түрүү бөхтэй өрсөлдөж, нэгээс илүү унахгүй бол аварга цол олгох болсон. Иймэрхүү болзол сонссон бөхчүүд сэтгэл зүйгээ тохируулж чадахгүй байх нь олонтаа. Харин та үүнийг хэрхэн хүлээн авав?

-Хүн болгонд ийм сайхан боломж ирээд байхгүй. Өөрийн бүх хүч, тэнхээгээ гаргаж, энэ боломжийг атгаж авахыг хичээнэ, чадна.

-Энэ башёгийн үеэр хүчтэй озэки Кайо зодог тайллаа. Ингэснээр озэки, ёкозүна цолтой япон бөх үлдсэнгүй?

-Кисэносато, Котошёогикү гэсэн сайн бөхчүүд удахгүй энэ цолыг хүртэх байх.

-Котошёогикү гэснээс та түүнд цөөнгүй унасан. Барилдаан таарахгүй байна уу?

-Ялж, ялагдах нь спорт. Харамсахааргүй сайхан барилдаан үзүүлэхийг зорьдог. Энэ сард ч ингэж бодоод барилдсан.

-Энэ оны ихээр сүмотой холбоотой найрааны хэрэг гарч, дуулиан тарьсан. Энэ тухай таны бодлыг сонирхъё?

-Сүмод дуртай хүн бүхэн хүнд цохилтод орсон. Сүмог орхисон бөхчүүдийг

гүтгэгдсэн гэх юм уу даа. Их харамсмаар хэрэг болсон. Тэд зодог тайлахдаа “Японы сүмогийн холбоо тарахгүй бол бид өмнөөс нь золиосонд гаръя даа” гээд үсээ тайрсан. Би үүнд чин сэтгэлээсээ харамсч байна. Нэр хугарахаар яс хугар

гэдэг. Бөхчүүд бид улам хичээж, сүмогийн нэр хүндийг эргүүлж авчрах ёстой. Энэ нь бидний үүрэг.

-Таныг сүмод ороход тусалж дэмжиж байсан, хуурай ах ч гэж хэлж болох Асофүжи зодог тайлахдаа юу гэж захисан бэ?

-“Миний барилдах байсан он жилүүдэд миний барилдааныг нуруундаа үүрээд сайн хичээгээрэй” гэсэн.

-Таны биеийн жин одоо хэд байна вэ?

-Нэмэгдэж байгаа ч хамгийн бага нь хэвээрээ байна даа. Одоо 128 кг жинтэй байгаа.

-Таныг сүүлчийн хоёр жил зовоосон баруун хөлийн бэртэл бүрэн эдгэрсэн үү?

-Бэртэл гэж зүйл тамирчин хүнтэй найз нөхөд шиг нь цуг явах юм даа. Гэхдээ одоо гайгүй ээ.

-Япон руу хэзээ буцах вэ. Монголдоо ямар ажил амжуулахаар төлөвлөв?

-Сайхан энерги авах гэж эх орондоо ирсэн. Хөдөө явж, сайхан амарчихаад Японд очно. Тэгээд бэлтгэлээ хийнэ дээ.

-Ярилцсанд баярлалаа. Ёкозүна болоорой гэж ерөөе.

GD Star Rating
loading...
Харүмафүжи Д.Бямбадорж: Ёкозүна болох боломж хүн бүрт олдохгүй, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: