loading...
Бундеслигийн 49 дэх улирлын нээлт Баасан гарагийн (8 сарын 5) үдэш Дортмунд -Хамбургийн тоглолтоор эхлэх гэж байна. Тоглолтыг 199 оронд Сигнал Идуна Паркаас шууд дамжуулах ба үүний дотор манай үзэгчид Бундеслигийн албан ёсны түнш НТВ(2 цаг 30) телевизээр шууд үзэх боломжтой. НТВ телевиз өнгөрсөн улирлын тоглолтуудыг албан ёсоор дамжуулсан бөгөөд энэ улиралд долоо хоногт 3 тоглолтыг дамжуулах юм.
Шинэ аваргын мөнхийн өрсөлдөгчдийн нэг бол яах аргагүй Хамбургер Эс Фау билээ. Дортмундчууд сүүлийн гурван улирлын гараанд ялалт аваагүй байгаа юм. Гэхдээ өнгөрсөн улиралд өөрийн талбайд Байер Леверкузенд хожигдсоноос хойш талбайдаа хожигдоогүй.
Энэ хоёр баг нийт 101 удаа таарч тоглохдоо 309 гоол орсон үзүүлэлтээр Бундеслигийн амжилтыг тэргүүлдэг.
Дортмунд өөрийн талбайд хийсэн сүүлийн 3 тоглолтонд Хамбургийн эсрэг гоол алдаагүй.
Хамгийн сүүлд 16 хоногын өмнө LIGA total! Цомын тэмцээний финалд таарч Дортмундчууд 2: 0 ээр хожиж аваргалсан.
Дортмунд
Юрген Клоп дөрөвдэх улиралдаа Дортмундыг дасгалжуулж байна. Энэ удаад Клоп аваргуудын лигийн оролцогч бөгөөд Германы аварга гуншинтайгаар гараагаа эхлэнэ. Түүний арга барил төдийлэн өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой. Урьдын адил залуу тоглогчдыг бэлтгэж, прессинг хийж, хурдтай тоглолтыг илүүд эрхэмлэнэ. Бас нэг гол баримталдаг зарчим нь багийн сүр сүлдийг өндөрт өргөх юм.
Довтолгоо
Хасах оноо
Өнгөрсөн улирлын Дортмундын мэргэн бууч Лукас Барриос “Копа Америка” –д оролцож байхдаа гэмтэл авч завсарлах болсон. Мөн найруулагчийн үүргийг гүйцэтгэгч багийн зүрх Нури Сахин Реал Мадридад очсоноор түүний ухаалаг тоглолт үгүйлэгдэх нь гарцаагүй.
Нэмэх оноо
Тоглолтонд ихэвчлэн жокерийн үүрэг гүйцэтгэж, сэлгээгээр тоглодог довтлогч Роберт Левандовский улирлын төгсгөлд гарааны бүрэлдхүүнд тогтмол багтаж байв. Олдсон боломжуудаа бүрэн ашиглах туршлага дутагдаж байсан авч тоглолтоос тоглолтонд сайжирсаар дасгалжуулагчийн итгэлийг даах хэмжээнд хүрсэн юм. Энэ жил түүнийг олон гоол оруулахад эргэлзэхгүй. Харин Бельгийн Бругге багаас ирсэн Иван Перисич хараахан гараанд гарах түвшинд хүрээгүй бололтой.
Нури Сахин багаасаа явах сураг сонсогдсон даруйд Клоп түүнийг орлох хүнийг хайсаар Нюрнбергээс Турк гаралтай Илкай Гюндоганыг (20) багтаа элсүүлсэн юм. Гюндоган Сахины байрлалд багийн гол найруулагчаар тоглох юм. Ур чадвар нь өсөж яваа шилдэг залуусын нэг Дортмундын зүрх болж чадна гэж олон хүн найдаж байна.
Япон тоглогч Шинжи Кагава 18 тоглолтонд оролцож 8 гоол оруулсан ба Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох явцад хүнд бэртэл авсанаар улирлын сүүлийн хэсэгт тоглолгүй өнжсөн. Түүний гэмтэл бүрэн эдгэж талбайдаа эргэн ирж байгаа нь сайшаалтай. Гялалзсан тоглолтоороо хар шаруудын фенүүдийн хайрыг аль хэдийн татсан Кагавагаас ихээхэн зүйл шалтгаалана.
Левандовскийгийн араас Марио Гөтце, Кевин Гросскройц Шинжи Кагава нар довтолгоонд хүч нэмнэ. Булангын болон бусад стандарт цохилтуудад нуруулаг хамгаалагчид идвэхтэй тоглодог тул эсрэг багтаа үргэлж аюул тарьдаг.
Хамгаалалт
Хасах оноо
Өнгөрсөн улирлын шилдэг дөрвөлийн нэг зүүн жигүүрийн хамгаалагч Марсель Шмельцер гэмтэлтэй тул түүнийг Дортмундын бүрэлдхүүнд шинээр нэмэгдсэн Крис Лөвье орлох юм. Шмельцер залуу бас туршлагтай төдийгүй жигүүрээр маш хурдтай довтолгоог эхлүүлдэг чухал тоглогчдын нэг. Лөвье түүнийг 100 хувь орлож чадах нь эргэлзээтэй.
Нэмэх оноо
Шмельцерээс бусад нь хамгаалагчид Суботич, Хуммельс нар төвд, Лукас Пишчек баруун жигүүрт тоглоно. Өнгөрсөн улиралд хамгийн цөөн гоол алдаж, мөн цөөн цохилт хаалга руу нь чиглэсэн гавьяа энэ дөрвөлтэй шууд холбоотой. Ялангуяа Суботич болон Хуммельсийн эсрэг толгойгоороо гоол хийх нь хамгийн хэцүү гэдэг.
Хуучин багийн ахлагч байсан Себастьян Кель талбайдаа эргэн ирлээ. Дасгалжуулагч түүнд итгэл хүлээлгэж дахин багийн ахлагч болгов. Сэтгэл зүйгээр хэзээ ч унадагүй чанар, дайчин тоглолт нь Дортмундад хэрэгтэй.
Хамбург
Михаэль Оэнинг 2011 оны гуравдугаар сард Армин Феегийн халагдсаны дараа дасгалжуулагчийн ажлыг хүлээн авсан билээ. Хамгийн сүүлд хийсэн тоглолтуудад фенүүдийн сэтгэлд хүрээгүй. Гэхдээ дасгалжуулагч Михаэль Оэнинг шинэ залуу бүрэлдхүүнтэй багаа хөл дээр нь босгохыг зорьж байна.
Хамбург 5 удаа аваргуудтай нээлтийн тоглолтыг хийж байсан бөгөөд 3 хожиж, 1 тэнцэж байжээ. Өнгөрсөн улиралд 8-р байранд улирлыг дуусгасан Хамбургчууд Челсигээс 4 шинэ тоглогч авч хүчээ зузаатгасан юм.
Довтолгоо
Нэмэх оноо
Хамбургийн туршлагатай довтлогч Младен Петрич оройлж авьяаслаг Хон Мин Сон түүний араас дэмжинэ. Мөн жигүүрээр хурд техник сайтай Элиа болон Челсигээс ирсэн шинэ тоглогч Төре Гөкан нар хосолно. Төре Гөкан бол Хамбургт Челсигээс ирсэн дөрвөн тоглогчийн нэг. Хон Мин Сон LIGA total! Тэмцээнд Байерны хаалганд хоёр бөмбөг оруулж нас залуу ч чадвартай тоглогч гэдгээ харуулсан.
Хасах оноо
Хамбургийн довтолгоог чимж байсан гоолын машин Рууд фан Нистелрой Испаний Малагад тоглохоор багаа орхисон.
Хамгаалалт
Хасах оноо
Хамбургт олон жил тоглосон төвийн хамгаалагч Ёорис Матайсен Руудтэй хамт Малагаг зорьсон. Мөн Хамбургт урт хугацаанд зүтгэсэн Гай Демель үндсэн багийн бүрэлдхүүнд багтахгүй болсон. Туршлагтай хаалгач Франк Рост багаа орхисон нь хасах оноо болох талтай.
Нэмэх оноо
Челсигээс ирсэн өсөх ирүүдэйтэй Англи тоглогч Бундеслигийг чимэх болов. Авьяаслаг Майкел Мансине Хамбургийн хамгаалалтын хананд багийн ахлагч Хайко Вестермантай зэрэгцэн тоглоно.
2010/11 улирлын харьцуулалт
Дортмунд
- Дортмунд хамгийн бага буюу нийт 5 удаа хожигдсон баг
- Хамгийн олон хожсон( 23 удаа) багаар тодорч багийн түүхэн дэх амжилтаа эвдсэн. Байерн Мюнхен зургаан жилийн өмнө энэ амжилтыг хийж байлаа.
- 75 оноо мөн багийн шинэ рекорд болов
- Улирлын турш хамгийн цөөн буюу 22 гоол алдсан. Байерны 08/09 оны улирлд үзүүлсэн 21 гоол алдсан амжилтыг эвдэх тун дөхөв.
- 14 удаа хаалгандаа бөмбөг алдаагүй нь лигийн дээд амжилт байлаа
- 22 удаагын тоглолтонд дунджаар 2 бөмбөг оруулсан амжилтаар тэргүүлсэн
- Дортмунд 1:0 –ээр хожиж эхэлсэн тоглолтын 19 удаад хожиж, 3 удаа тэнцсэн
- Цорын ганц удаа өөрийн талбайдаа хожигдсон баг. (улирлын эхний тойрогт Леверкузенд 0:2 )
- Өөрийн талбайд хамгийн цөөн гоол алдсан (8)
- 10 удаа талбайдаа гоол алдаагүй
- Лигийн хамгийн олон үзэгчтэй байсан (79100)
Хамбург
- Хамбург 2 удаа дарааллан олон улсын тэмцээнээс хасагдсан
- Улирлын сүүлийн 7 тоглолтонд хожил аваагүй (5 тэнцээ, 2 хожигдол)
- Сүүлийн 11 тоглолтоос ганцхан хожил авсан. (27-р тойрогт Көльн 6:2)
- Лигийн хүснэгтийн дээд хэсэгт байгаа багуудаас хамгийн олон гоол алдсан (52)
- Мюнхенд 0:6 –ээр хожигдсон нь сүүлийн 7 жилд байгаагүй олон тоогоор хожигдсон ялагдал байв
- Хамбург 0:1 ээр хожигдож эхэлсэн 3 тоглолтыг хожиж дуусгасан
- Айлын талбайд хийсэн тоглолтуудад нийт 17 гоол оруулсан нь нэг тоглолтонд дунджаар нэг бөмбөг оруулсан үзүүлэлт
- 09/10 оны улиралд 31 бөмбөг айлын талбайд хийж байв
- Айлын талбайд 5 удаа 1:0 –ээр хошуучилж эхэлсэн ба 4 хожиж, 1 тэнцжээ
loading...



