loading...
Их спортыг дэмжигч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч MCS Coca-Cola компанийн ивээн тэтгэсэн Идэрчүүдийн лигийн тэмцээн 2 дахь өдрөө явагдлаа. УАШТ-нд оролцон шилдэг 8 багт багтаж чадсан ирээдүйн хөлбөмбөгийн “одод” хөлбөмбөгийн ногоон талбай дээр өрсөлдөж байна. 15 хүртэл, 17 хүртэл гэсэн хоёр насны ангилалд өрсөлдөж байгаа багийнхан МХБХ-ны ногоон талбай дээр нээлтийн ажиллагаагаа хийлээ.
Нээлтийн ажиллагаанд оролцсон МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар хүүхдүүддээ хөлбөмбөгийн гайхамшигийг мэдрүүлэн, шударга тоглолтыг үзүүлж тоглохыг хүсэхийн зэрэгцээ энэ тэмцээний шилдэг тоглогчдоос бүрдсэн U-15, U-17 насны Монголын шигшээ баг байгуулахаа албан ёсоор зарласан байна.
Идэрчүүдийн лигийн тэмцээний 15 хүртэл насны ангилалд одоогийн байдлаар “Хүлэгүүд”, “Хаан хүнс Титэм”, “Эрчим” багууд учраагаа хожоод байна. Харин “Хоромхон” Дархан Хаан хүнс клубтэй тэнцсэнээр 4-5 дугаар байранд бичигдэх боллоо. U-15 Идэрчүүдийн лигийн тэмцээний мэргэн буучаар С.Гал-Эрдэнэ /Эрчим/, Н.Булган /Хаан хүнс Титэм/ нар 2 гоолоор тэргүүлж байна.
“Идэрчүүдийн Лиг” тэмцээний U-17 насны эхний тоглолт талбайн эзэн “UB United”, зочин баг “Хаан Хүнс Сод Титэм” багийг хүлээн авч тоглолоо. Тоглолт эхлээд 1 дэх минутанд “Хаан Хүнс Сод Титэм” багийн 7 дугаартай Б.Баярсүрэн гоол хийснээр тоглолтыг тэргүүлж эхэллээ.
Улмаар тоглолтын 0’, 19’, 36’ минутанд “Хаан Хүнс Титэм” багийн 18 дугаартай Э.Пүрэвдорж тамирчин дараалан 3 гоол хийснээр анхны хет трекийн эзнээр тодорлоо. Хоёрдугаар хагасын 45 минутанд Б.Баярсүрэн, 50 минутанд Г.Ёндонжамц, 63 минутанд Б.Анхбаяр, 68 минутанд Г.Баасандорж нар гоол хийснээр 8:0 харьцаатай “Хаан Хүнс Титэм” баг “UB United” багийг бут нүргэлээ.
Талбайн эзэн баг баг Зүүнхараа Бамбар баг энэ жилийн улсын аварга Хоромхон багтай тоглолоо. Зүүнхараа Бамбар баг энэ тоглолтонд маш сайн тоглолтыг үзүүлж, Улсын аваргын алтан медальт Хоромхон багтай 0:0 харьцаатай эвийн гэрээ байгууллаа. Энэ тоглолтонд Зүүнхараа Бамбар багаас А.Цолмон, Хоромхон багаас А.Улсболд нар тус тус шар хуудсаар торгууллаа.
Талбайн эзэн багаар Хүлэгүүд, Хараацай зочин багаар тоглолоо. Эхний хагасын 14 дэх минутанд Хараацай багийн хагас хамгаалагч Б.Баярбат 16 метрийн торгуулийн талбай дотор маш гайхалтай цохиж гоол хийснээр энэ хоёр багийн хувь заяа шийдэгдлээ. Ийнхүү Хараацай баг маш чухал хожлоо авлаа.
Энэ жилийн улсын аваргын хүрэл медальт Дархан Хаан Хүнс баг талбайн эзнээр, УАШТ-ий мөнгөн медальт баг зочин багаар тоглолоо. Эхний хагас 0:0 харьцаатай өндөрлөсөн боловч тоглолтын 2 дугаар хагасын эхний 2 дахь минутанд Дархан Хаан Хүнс багийн довтлогч 11 дугаартай Б.Төгсбилэг гоол хийснээр Дарханчууд тэргүүлж эхэллээ. Улмаар тоглолтын 50 дахь минутанд Б.Төгсбилэгийн дамжуулалтаар Ж.Сүндорж 2 дахь гоолийг хийснээр Дархан Хаан Хүнс баг анхны 3 оноогоо авлаа.
Тэмцээн ажлын өдрийн 10-16 цагийн хооронд МХБХ-ны ногоон талбай дээр явагдаж байна.
loading...






