loading...
Шинжинь хотноо болж буй Оюутны Универсиад их наадмын байт харвааны тэмцээний багийн төрөлд манай эмэгтэй баг шилдэг 16-д шалгаран тоглосон ч БНСУ-ын багт хожигдлоо. Өнөөдөр хувийн шигшээ харвалтын тэмцээн явагдаж Н.Амармэнд, Б.Золбоо, Б.Нямцэцэг, У.Оргил, Ч.Оюунсүрэн, А.Энхтуяа нарын оюутан тамирчид цэц сорьж байна. Спортын дэд мастер Н.Амармэнд үзүүлсэн амжилтаараа Спортын мастерын болзол хангасан байна.
Усанд сэлэлтийн 100 м-ийн өврөөр сэлэлтийн тэмцээнд Ц.Нямдалай /1.04.30/, Спортын мастер Б.Бүтэх-Үйлс /1.15.30/, Э.Бямбасүрэн /1.15.7/ нар Канад, Энэтхэг, Пакистан, Саудын Араб, Оманы тамирчидыг ардаа орхисон. Энэ төрөлд эхний 2 байрын АНУ-ийн тамирчид эзэлсэн бол 3-р байрт Укрианы тамирчид оржээ. Харин 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Б.Бүтэх-Үйлс 1.13.28, Э.Бямбасүрэн 1.15.37 –ийн амжилд үзүүллээ.
Өнөөдөр 100 метрийн эрвээхэй сэлэлтийн тэмцээнд Спортын мастер Б.Дөлгөөн, СДМ Н.Цогжаргал нар өрсөлдөнө.
Жудо бөхийн тамирчидын хувьд эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд барилдсан олон улсын хэмжээний мастер О.Чинбат эхний тойрогтоо Армены тамирчин Григор Иваныг цэвэр, дараагийн тойрогт гоц мөргөн хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын тамирчин Ян су Ёоныг өчих мэхээр цэвэр ялаад ОХУ-ын тамирчин Роберт Мишвидобадзетэй барилдан юүко үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн болзол хангасан. О.Чинбат алтан медалийн төлөөх барилдааныг БНСУ-ын тамирчин Ким Вон Жинтэй хийн үүрэх мэхэнд нь базари үнэлгээ алдаж өөрийхөө суух мэхэнд орж оноогоор хожигдсон.
Үнэмлэхүй жинд барилдсан А.Давааням эхний тойрготоо Унгарын бөхийг давхар ачих мэхээр цэвэр ялаад Гүрж улсын бөхөд цэвэр ялагдсан. Торгуулийн барилдаандаа Укриан болон Германы бөхчүүдийг цэвэр ялж Бразилийн бөхөд ялагдсан байна. Жудо бөхийн тамирчид өнөөдөр багийн барилдаанд хүч үзэж байна.
Универсиадын буудлага болон таеквондогийн тэмцээн маргааш эхэлнэ.
loading...



