loading...
Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар тав давж, начин цол хүртсэн 13 сайхан залуугийн нэг Батзоригийн Батмөнхтэй уулзаж ярилцлаа. Төв аймгийн Баянхангай сумын харьяат энэ залуу өнгөрсөн намраас хойш болсон заалны барилдаануудад тогтмол сайн барилдаж, өөрийгөө улсын цол авах хэмжээнд хүрсэн гэдгээ харуулсан. Улсын наадмаар ч нутаг усныхныхаа итгэлийг алдалгүй барилдаж, улсын начин гэдэг хүндтэй цолны эзэн болсон билээ.
-Шинэ начны цолны мялаалга найр болсон сурагтай байсан. Тэр талаараа сонирхуулна уу?
-Наймдугаар сарын 7-нд миний начин цолны найр Баянхангай суманд минь боллоо. Сум, орон нутгийн удирдлагууд, ард иргэд намайг сайхнаар хүлээж авсан. Наадам сайхан болж өнгөрлөө. Хоёр насны морьд уралдсан. 64 бөхийн барилдаанд Ө.Даваабаатар харцага түрүүлж, Ж.Отгонбаяр начин үзүүрлэсэн.
-Баянхангай сумаас улсын цолтой ямар бөхчүүд төрөн гарсан бэ?
-1991 онд Ю.Алтансүх улсын начин болсон. Түүнээс өөр цолтонгүй байж байгаад энэ жил би цол авлаа. 20 жилийн дараа улсын начин төрсөн болохоор нутгийн олон баяртай байгаа.
-Энэ жил наадмаас өмнө заал танхимын барилдаануудад хэрхэн хүч үзэв?
-Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн намрын нээлт болон дараа нь болсон барилдаанд түрүүлсэн. Ер нь үзүүр, шөвгийн дөрөвт хэд хэд шалгарсан. Харин улсын цолтнууд оролцсон барилдаанд наадмын өмнөхөн нэг дөрөвт үлдсэн. Урьд нь ганц нэг удаа наймд үлдэж байсан. Тийм л амжилттай барилдсан даа. -Энэ жил улсын цол авах бөхчүүдийн жагсаалтад өөрийн чинь нэр явж байсан. Чи ч гэсэн дотроо найдаж л байсан байлгүй? -Хамгийн гол нь 1024 бөх барилдана, дөрвийн давааны оноолт гайгүй таарах болохоор энэ жил л сайн үзэж, улсын цол авчих юмсан гэж бодож байсан. Ойрын хэдэн жилдээ тохиохгүй том боломж шүү дээ.
-Хэдэн жил барилдаад цолд хүрэв?
-Дөрөв дэх жилдээ начин боллоо. Анх 2008 онд хоёр даваад гурвын даваанд А.Цацабширт унасан. 2009 онд гурвын даваанд Б.Сангисүрэнд унасан. Ноднин хоёрын давааны оноолтоор Б.Суманчулуунтай таараад унасан. Тэгээд энэ жил цол авлаа.
-Энэ жил наадмын бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Манай Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүд бүгдээрээ нэг дор гал болон гарсан. Нутаг орны ах дүү нар, дарга удирдлагууд бүгд сайхан дэмжсэний хүчинд бэлтгэл сайхан ханасан. Нийтдээ 40 гаруй бөх гарсан байх. Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам гээд манай ахмад арслангууд бүгд байсан. Ц.Гэрэлт-Од, Б.Бадам-Очир начингууд галын дасгалжуулагч хийсэн юм.
-Танай галынхан энэ жил яаж наадав?
-Би Төв аймагтаа түрүүлсэн. Б.Чүлтэмпунцаг үзүүрлэж, аймгийн начингаас аймгийн заан болсон. Гурав, дөрвөн бөх аймгийн начин болсон.
-Тэгвэл чи аймгийн хурц арслан болоод улсад барилдсан юм уу?
-Уг нь хурц арслан болсон. Харин бүртгүүлж амжилгүй хуучин эрэмбээрээ улсад барилдсан юм. Гэхдээ аймагт хоёр түрүүлсэн нь хэрэг болсон шүү. Сая наадмын дараа МҮБХ-ноос шинэ начингуудыг эрэмбэлэхэд би хурц арслан гэдгээрээ хамгийн дээр нь бичигдсэн байна лээ.
-Наадмаар хэн хэнтэй таарч, хэрхэн давав?
-Хоёрын давааны оноолтоор Хөвсгөл аймгийн харцага Ч.Батчулуун гэж залуутай таарч, золгооноос зайлж давсан. Чөлөөтөөр барилддаг, өндөр залуу байна лээ. Бараг орой 10 өнгөрч байхад барилдсан байх. Тэгээд гурвын даваанд Төв аймгийн арслан П.Батхуягтай оноолт таарсан. Барилдаан нэлээн удаж, золгооноос хаясан. Харин дөрвийн давааны оноолтоор Ж.Отгонбаяр ахтайгаа таарч давсан.
-Залуусын хамгийн их эмээдэг дөрвийн нугалаанд нутгийн ахтайгаа таарна гэдэг азтай тохиолдол байна шүү.
-Харин тийм. Энэ жилийн наадам цаанаасаа л нэг ёндоотой, сайхан байлаа. Тэгээд тав дээр Говь-Алтай начин Ш.Тогтохбаярт амлуулж барилдаад давсан даа. Тавын даваа эхлэхийн өмнө намайг доохнуур л авах байх, хэн авсантай нь сайхан барилдана гэж бодож байлаа. Начинтай барилдахад сэрвүүгээс нэлээн удсан. Тэгээд золгоон дээрээс сүүлийн үед их хийгээд байгаа зайлах мэхээрээ хаясан даа.
-Ямар нэг яриа хөөрөө байгаагүй юу?
-Яриа хөөрөө байгаагүй ээ (инээв). Манай нутгийн удирдлагууд цаагуураа юм ярьсан эсэхийг мэдэхгүй юм. Надад бол тэр талаар юм хэлээгүй. Тэгээд сайхан барилдаад давсан даа.
-Зургаа дээр юу боллоо?
-Ц.Содномдорж начин гурван бөхөөс намайг амлаж давсан. Би зүүн талдаа жаахан тиймэрхүү. Тэгээд бид хоёр зүүн давхар золгоход намайг татаад давсан.
-Уначихаад хэр харамсав?
-Начин болчихсон болохоор харамсах нь гайгүй. Сайхан начинтай барилдаад яах аргагүй унасан болохоор юундаа ч харамсах вэ дээ.
-Шинэ начин маань энд тэндхийн наадмуудад зодоглов уу?
-Хоёр барилдаанд барилдсан. Дарханд очиж тав даваад зургаагийн даваанд Ө.Даваабаатартай тунаад унасан. Дараа нь Дорноговийн 80 жилээр очиж барилдаад тавын даваанд Энхбаяр гэж сумын заанд унасан. Тэр залуу цаашаа яваад аймгийн харцага болсон юм.
-Өөрийн чинь голчлон хийдэг мэх юу вэ?
-Гол хийдэг мэх гэвэл тахимдах. Сэрвүү, золгооноос ч тэр тахимдана. Оюутан байхдаа сурснаас хойш байнга хийж байна.
-Батмөнх гэдэг бөхийг хувь хүн талаас нь бид нар сайн мэдэхгүй. Аав ээж, бага насныхаа тухай бидэнд ярьж өгөөч?
-Би Баянхангай сумандаа 10 жилийг төгссөн. Бусдын л адил тоглож наадаад том болсон доо. Манай аав Завхан аймгийн Яруу суманд төрсөн. Гэхдээ бага залуудаа Төв аймаг руу нүүж ирсэн юм билээ. Атрын сангийн аж ахуй анх байгуулагдахад л нүүж ирж байсан гэдэг. Би тэнд төрж өссөн. Тиймээс Баянхангайгаар овоглож барилддаг. Би эхээс хоёулаа. Дүү маань өнгөрсөн жил дээд сургууль төгссөн. Аав одоо хотод хувиараа юм хийдэг. Ээж маань хэдэн жилийн өмнө өөд болсон юм. Эмээ маань Баянхангай сумандаа ажиллаж амьдраад байж байна.
-Бөхийн спортоор багаасаа хичээллэж эхэлсэн үү? Анхны амжилт юу байна?
-Манай суманд чөлөөтийн секц хичээллэнэ. Тэнд биеийн тамирын хувцастай үзээд явчихна шүү дээ. Аймгийн аваргад нэлээн олон орж байсан. 2003 онд Төв аймгийн 80 жилийн өсвөрийн барилдаанд түрүүлснээс хойш бөх болох дур сонирхол бүр их болсон доо.
-Анхны багш чинь хэн гэдэг хүн байв?
-Манай 10 жилийн биеийн тамирын багш Алтанхуяг гэж хүн байгаа. Мөн Ю.Алтансүх начин байнна. Дараа нь “Шонхор”-т ороод Баянхонгорын Дамдин арслан дээр нэг хэсэг хичээллэсэн. Харин одоо Д.Сэрээтэр харцагын удирдлага дор бэлтгэлээ хийж байгаа.
-Улсын начинд хүрэхийн тулд ямар ямар цолыг дамжсан бэ?
-2004 онд сумандаа түрүүлж байсан. 2007 оны зургадугаар сард цэргийн заан болсон. Долоон сард нь Архангайн наадам руу явах замдаа таван сумын наадамд зодоглон гуравт нь түрүүлж, хоёрт нь шөвгөрсөн. Тэгээд Архангайд очоод түрүүлж аймгийн арслан болсон. Энэ жил намайг наадмын нэгийн даваанд гарах гэж байхад засуул маань “Чи чинь жилд хоёр цол авдаг бөхчүүдийн нэг. Сая нутагтаа түрүүлсэн байсан. Тэгэхээр энэ жил начин болно биз дээ” гэж байсан. Тэр сайхан ерөөлөөр улсын цолтны эгнээнд нэгдсэн дээ.
-Аймгийн арслан болохдоо хэн хэнийг хаяж байв?
-Тэр жил цаанаас Завханы бөхчүүд бас ирж барилдсан юм. Тэгэхэд тавын даваанд чөлөөтийн Ч.Ганзоригтой тунаж давсан. Зургаа дээр Завханы Д.Батжаргалыг хаяад долоод одоо аймгийн арслан болсон Н.Адьяабаттай үлдээд түрүүлж байлаа.
-Тэр үеэс хойш хурц арслан болох гэж аймгийн наадмуудад хүч үзсэн үү?
-Хурц арслан болчих санаатай аймгийнхаа наадамд хоёр ч удаа хүч үзсэн. Чадаагүй.
-Биеийн жин, өндөр хэдтэй вэ?
-Өндөр 182 см. Жин 108 кг орчим.
-Цаашдаа жингээ нэмэх үү?
-Нэг их нэмэх гээд ч яахав. Сайхан чанартай 110 кг байхад болно.
-Бөхийн бусад төрлүүдээр оролдож байв уу?
-Оюутан байхдаа чөлөөтөөр ганц нэг тэмцээнд орж байсан. Түүнээс хойш үндэсний бөхөөрөө дагнаж бэлтгэлээ хийж байна.
-Гэр бүл зохиож амжсан уу?
-Эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр маань Төв аймгийн Баян сумынх.
-Багадаа үеийнхэн дундаа биерхүү байв уу?
-Үеийнхэн дундаа хамгийн жижиг нь байсан. Тэгээд бөхөөр хичээллээд, ялангуяа оюутан болсноос хойш нэлээн өссөн шүү.
-Бөхчүүд ар гэрээ хэрхэн авч яваа нь хүмүүст сонин байдаг л даа. Чиний хувьд дан бөхөө хөөгөөд гэр бүлээ тэжээгээд явах боломж хэр байдаг вэ?
-Би ИНЕГ-ын бөх. Тэндээсээ цалингаа авчихна. Тэрнээс гадна сард 2-3 барилдаан болно. Тэндээ барилдаад байгаа авчихна. Ерөнхиийдөө дажгүй ээ.
-Нутаг орныхон шинэ цолтноо яаж урамшуулсан бол?
-Дарга нар амарчихсан болохоор манай аймаг, ИНЕГын хамт олон хүлээж аваагүй л байна. Харин манай сумын наадам болоход нутгийн ард түмэн хандив цуглуулаад сайхан “Марк 2” машин авч өгсөн.
-Ярилцсанд баярлалаа. Эцэст нь манай сониноор дамжуулаад хэн нэгэнд талархлын үг хэлэх боломж олгоё.
-Надад тусалж дэмждэг ИНЕГ-ын хамт олон болон аймгийн удирдлагууд, өөрийн мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж өгсөн багш нартаа, мөн гэр бүлийнхээ хүнд баярлалаа гэж хэлье. Цаашид та бүгдийнхээ итгэлийг алдахгүй, сайн барилдах болно.
loading...




Хууль зөрчиж янз бүрийн хорны наймаа хийхгүй, бас тэгээд цолоо ганц батлахад болоо доо
loading...
mal chin yu soliorood bga ym sxan buh ushuu ilvv tsol awah hvn batmunhuu amjilt hvsie
loading...