loading...
Дугуйт тэшүүрийн спорт сүүлийн жилүүдэд Монгол оронд эрчимтэй хөгжиж байгаа. Тус спортын бүх насны тэмцээн зохиогдож байгаа бөгөөд түүнд хот хөдөөгийн олон хүүхэд, залуус хурдаа сорьдог болжээ. Тэгвэл Монголын дугуйт тэшүүрийн холбоо энэ удаад тамирчдаа олон улсын том тэмцээнд оролцуулах гэж байна.
Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд БНСУ-ын Ань-Ян хотод Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох бөгөөд түүнд Монголоо төлөөлж, тэшүүрийн ОУХМ Б.Базарсад, спортын мастер Г.Галбадрах болон О.Амарзаяа нар дасгалжуулагч Г.Болдын хамт өрсөлдөх гэж байна. “MCS Кока Кола” ХХК Монголын баг тамирчдыг ивээн тэтгэж байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, дугуйт тэшүүрийн УАШТ есдүгээр сарын 11-нд Төв цэнгэлдэхийн дугуйт тэшүүрийн талбайд зохиогдоно.
loading...



