loading...
Өнгөрсөн лхагва, пүрэв гаригт хөлбөмбөгийн лигийн тойргийн тоглолтууд өндөрлөж, плей-оффт өрсөлдөх багууд шалгарлаа. Энэ жилийн лиг өрсөлдөөнтэй явагдаж байгаа болохоор нокаут шатанд тоглох багууд сүүлийн мөчид тодорсон. Үүнээс өмнө “Улаанбаатар дээд сургууль”, “Хүлгүүд” эрхээ аваад байсан бол сүүлийн хоёр өдөр “Хоромхон”, “ФС Улаанбаатар” тэдний эгнээнд нэгдсэн юм. “Эрчим”-ийн хувьд сүүлийн тойрогт өөрөөс шалтгаалах бүхнийг хийж, “Сэлэнгэ пресс”- ийг хүнд хэцүү тоглолтод 3:2-оор хожсон. Ингэснээр тэд плей-оффт шалгарахын тулд “Хоромхон”, “ФС Улаанбаатар”-ын аль нэг нь оноо алдаасай гэж хүлээх хэрэгтэй болсон юм. Гэвч бүх юм тэдний эсрэг эргэж, хамгийн их айж байсан зүйл нь биеллээ оллоо.
Хүлгүүд-Хоромхон 1:2
Гоол: Т.Батмөнх 39 пен (1:0), Б.Ганболд 61 (1:1), Н.Наранболд 84 (1:2)
Хүлгүүд: Ш.Насанжаргал, Б.Ганзориг, Т.Батмөнх, Д.Баярзориг, А.Билгүүн, Б.Ууганбат, С.Мөнхбаатар, (Б.Өлзий-Од 75), Б.Нямжигжид, Б.Жавхлан, А.Ууганбаяр
Хоромхон: Б.Мөнхболд, А.Батболд, Г.Амарсанаа, Б.Ган-Очир, (Н.БолорЭрдэнэ 87), Х.Цэнд-Аюуш, Б.Ганболд, (Ж.Саруултоль 76), Ц.Дарамбаяр, Н.Наранболд, Д.Төрбат, Х.Амгалан, Х.Ананд, (Ц.Амарсанаа 46)
Шар хуудас: Б.Жавхлан 53, Ц.Энхтөр 75, Б.Ганзориг 83, Х.ЦэндАюуш 83, Д.Төрбат 90
Улаан хуудас: Г.Амарсанаа 38
Уг нь энэ жил “Хоромхон” зовох зүйлгүйгээр плей-оффт шалгарчих хэмжээний тоглолт үзүүлж байв. Гэвч хоёрдугаар тойрог эхлэнгүүт ээлж дараалан бүтэлгүйтсэний балгаар сүүлийн тойрогт үхэх сэхэхээ шийдлээ. Тэдний өрсөлдөгч “Хүлгүүд” эрхээ аваад байсан тул гол тоглогчдоо сэлгээнд суулгажээ. Энэ нь “Хоромхон”-ы байдлыг бага ч болов дээрдүүлж байлаа. Гэвч эхний гоолыг тэд бус, талбайн эзэн “Хүлгүүд” оруулав. Нэгдүгээр үеийн төгсгөл хэрд “Хүлгүүд”-ийн довтлогч Б.Нямжигжидийг эсрэг багийн хамгаалагч Г.Амарсанаа дүрэм зөрчин унагасан. Шүүгч энэ алдаанд нь пенальти зааж, Амарсанааг талбайгаас хөөсөн юм.
Торгуулийн цохилтыг Т.Батмөнх амжилттай гүйцэтгэснээр “Хүлгүүд” тэргүүлж эхэллээ. Гоол алдаж, гол хамгаалагчаа хөөлгөсөн нь “Хоромхон”-ы байдлыг улам хүндрүүлсэн юм. Гэхдээ тэд хоёрдугаар үед хүн дутуу хэрнээ дайчин тоглолт үзүүлж, үзэгчдийг баясгасан. Энэ нь ч үр дүнгээ өгч, тоглолтын сүүлийн хагаст хоёр гоол оруулж чадлаа. 61 дэх минутад “Хоромхон” булангийн цохилт гүйцэтгэсэн бөгөөд “Хүлгүүд”-ийн хаалгач Ш.Насанжаргал бөмбөгийг хатган холдуулав. Гэтэл ойж ирсэн бөмбөгийг Б.Ганболд гүйцээж цохин тоог тэнцүүлсэн юм.
Улмаар 84 дэх минутад Х.Цэнд-Аюушийн дамжуулсан бөмбөгийг Н.Наранболд тогтоож, солгой хөлөөрөө цохин хожлын бөмбөгийг хийлээ. Наранболд “Сэлэнгэ пресс”-тэй хийсэн өмнөх тоглолтод гоё боломж алдаж багаа хөөдсөн бол энэ удаа тоглолтын гол баатар болсон юм.
ФС Улаанбаатар-Мазаалайнууд 2:0
Гоол: Син Чол Жин 45+2 пен (1:0), Син Чол Жин 56 (2:0)
ФС Улаанбаатар: Б.Сэргэлэн, Ч.Мөнхбат, Ким Миён Вон, Син Чол Жин, Б.Амарбаясгалан, (Б.Цогтбаатар 75), А.Чинзориг, О.Баяржаргал, (Р.Серхат 84), Б.Амартүвшин, (Ц.Пунцагдорж 52), Б.Мөнхтогтох, Б.Дашдорж, Э.Эрдэнэболд
Мазаалайнууд: Д.Содбаяр, Ө.Эрдэнэболор, Г.Ариунболд, М.Өлзийбүрэн, Р.Өнө-Эрдэнэ, С.Ганцолмон, Б.Золбоо, Э.Энхбадрал, М.Энхбадрах, Б.Билгүүн, Л.Жавхлан Лигийн шинэ баг “ФС Улаанбаатар” плей-оффт шалгарахын тулд заавал хожих ёстой байсан. Тэдний өрсөлдөгч “Мазаалайнууд” боломжоо нэгэнт алдсан ч гэсэн амар бууж өгөхгүй гэдэг нь тодорхой байсан юм. Гэвч энэ багийн үндсэн хаалгач Ж.Баяртулга, багийн ахлагч Б.Гарьдмагнай болон Д.Батцэнгэл, Ц.Төмөр-Очир, А.Хонгорзул зэрэг гол тоглогчид нь торгуулийн улмаас тоглолтыг өнжсөн юм. Энэ нь “ФС Улаанбаатар”-т том боломж олгож байлаа.
Тэд эхний үед илт давуу тоглож, ихэнхдээ айлын хаалган дээр өнжсөн ч гоол оруулж чадахгүй байв. Харин энэ үеийн шүүгчийн мэдлийн цагт “Мазаалай”- гийн хамгаалагч 16 дотроо гар хүрч, шүүгч пенальти заав. Торгуулийн цохилтыг Ардчилсан Солонгосын легионер Син Чол Жин амжилттай гүйцэтгэснээр нийслэлийн захиргааны баг тэргүүлж эхэллээ. Эхний үед бөмбөг эзэмшилт (60:40), нийт цохилт (8:1), хаалга чиглүүлсэн цохилт (2:0), булан (4:2) зэрэг ихэнх үзүүлэлтээр “ФС Улаанбаатар” илүүрхжээ. Гэхдээ тэд дахин нэг гоол оруулж, ялалтаа баталгаажуулахгүй бол байдал эвгүй байв.
“Мазаалайнууд” стандарт цохилтуудаа өндөр хувьтай ашигладаг учир иймэрхүү нөхцөл байдлаас гоол хийчихвэл “ФС Улаанбаатар”-ын бүх хөдөлмөр нуран унах билээ. Харин 56 дахь минутад Син Чол Жин тоог 2:0 болгосноор “ФС Улаанбаатар” уужим амьсгаа авахтай болжээ. Үлдсэн хугацаанд хоёр баг уйтгартай тоглолт үзүүлсээр үндсэн цагаа дуусгасан юм. Ийнхүү “ФС Улаанбаатар” тун чухал гурван оноо авснаар гурван багийн оноо 21 болон тэнцсэн юм. Ингээд хоорондын тоглолтын дүнг харахад “ФС Улаанбааар” гурваар, “Хоромхон” дөрвөөр плей-оффт шалгарч, “Эрчим” дараа жилийг хүлээхээс аргагүй болсон юм.
loading...




