Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » Б.ЦОГТБААТАР: БАРИЛДААНЫ БҮРТГЭЛ 15-НД ДУУСНА

GD Star Rating
loading...

Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх барилдааны бэлтгэл ажил ид өрнөж буй. Барилдааны зохион байгуулалтын талаар сонирхохоор МҮБХны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатартай уулзаж ярилцлаа.

-Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх 4096 бөхийн барилдааны бүртгэлийн нээлт болсон. Бүртгэлийн үйл ажиллагаа ямар шатандаа явна вэ?

-4096 бөхийн бүртгэлийн ажиллагаа есдүгээр сарын 15-нд бүрэн дуусна. Хотын бөхчүүдийн бүртгэл наймдугаар сарын 24-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ. Тиймээс хотод байгаа бөхчүүд 12-ноос өмнө ирж бүртгүүлэхгүй бол сунгахгүйг анхаарах учиртай. Харин хөдөөгийн бөхчүүдийн бүртгэл 10-15-нд явагдана. Өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Мэдүүлгээр урьдчилан бүртгэхгүй. Үүний учир нь 17-нд өмсгөлөө өмссөн 4096 бөхийг бүгдийг нэгэн зэрэг жагсаан гаргаж Гиннесийн номын редакцын бие төлөөлөгчид албан ёсоор тоолж, бүртгэх учиртай. Үнэхээр 4096 байна уу, 4095 байна уу гэдгийг тоолж тогтооно гэсэн үг. Тиймээс барилдах бүх бөхчүүд иж бүрэн өмсгөлтэйгээ нээлтийн ажиллагаанд жагсаж гарах юм.

-Тэр олон бөхийг нэгэн зэрэг оруулахад нэлээн асуудал үүсэх байх даа?

-Нээлт 17-ны 14 цагт эхэлнэ. Бөхчүүд дөрвөн хаалгаар ёслол төгөлдөр орж ирэх юм. Тодруулбал, улс, аймгийн алдар цолтой бөхчүүд 16, оюутан, сурагчдын төлөөлөл 12, нийтийн монгол бөхчүүд болон цэрэг төлөөлөгчид 7, сумын цолтой бөхчүүд 3-р хаалгаар тус тус орж ирэн, заасан байрлалд зогсоно.

-Оноолтоо хэрхэн хийх вэ?

-Бид 15-нд бүртгэлээ хаагаад 16-ны өдөр эрэмбэлээд нэгийн давааны оноолтоо хийнэ. Мөн бололцооны хэрээр хэвлэж гарган, үүнийгээ төв цэнгэлдэх хүрээлэн болон бөхийн өргөөний гадаа наана. Тэгэхээр барилдах бөхчүүд мандатныхаа дугаарыг харж байгаад уг жагсаалтаас хэдний өдөр барилдахаа харж болно. Мөн бөхчүүдэд барилдааны үеэр баримтлах санамж бичиг өгнө.

-Барилдааны даваанууд хэдний өдрүүдэд хэрхэн явагдах талаар мэдээлэл өгнө үү?

-Нэгийн даваа 17-нд эхлээд 18, 19, 20-ны өдрүүдэд явагдана. Харин 21, 22-нд хоёрын давааг хийхээр төлөвлөсөн. Гурвын даваа 23-ны өдөр Монгол бөхийн өргөөнд, 24, 25-нд 4-12-ын давааны 512 бөхийн барилдаан болж өндөрлөх юм.

-Барилдааны тасалбар ямар үнэтэй байх бол?

-Нээлтийн ажиллагааны тасалбар 10000 төгрөг, харин төв индэрийн суудал 15000, сүүдрэвчтэй суудлынх 12000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбар нь эгнээ, суудал заагдсан тэмдэг дугаартай учир бөх сонирхогчид суудлынхаа дугаараар сууж, бусдын ажлыг хүндэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Бөхийн өргөөнд болох эхний өдрийн буюу гурвын давааны барилдааны тасалбар 6000 төгрөгийн үнэтэй, харин сүүлийн 2 өдрийн барилдааны үнэ хосоороо 15000 төгрөг байна.

-Барилдаанд зодоглож чадахгүйгээ албан ёсоор мэдэгдсэн бөх байна уу?

-Д.Сумъяабазар аварга барилдаж чадахгүй юм шиг байна лээ. Мөн энэ үеэр чөлөөт бөхийн ДАШТ давхцаж байгаа учир шигшээ багт данстай тамирчид болон улсын цолтой зарим дасгалжуулагч барилдаж амжихааргүй болсон. Бусад нь барилдах байх аа.

-Барилдах бөхчүүдээс гадна дэмжигчдийг бүртгэж байгаа гэсэн. Дэмжигчдийн бүртгэлийнхээ талаар тодруулж өгнө үү?

-Монгол бөхөө Гиннесийн номонд бүртгүүлэхэд тодорхой хэмжээний санхүү шаардлагатай. Дэмжигчдийн бүртгэл гэдэг нь энэ их үйлсийг 50000 төгрөгөөр дэмжин оролцож өөрийн хувь нэмрээ оруулах зөвхөн 2000 хүнийг бүртгэж байгаа юм. “Гиннесийн номонд монгол бөхөө бүртгүүлэх үйлсийг дэмжигчид” гэсэн тусгай номонд энэ 2000 хүний товч намтрыг, зурагтай нь оруулж, 100 жилд дахин давтагдахгүй их үйлсийн түүх болгон үлдээх юм. Монгол улсын хүн ам, тэр дундаа нийслэл хотод амьдарч байгаа хүмүүс хэд билээ, тэр дотроос 2000-хан хүнд л энэ боломж олдоно гэсэн үг.

Г.БАЯРСАЙХАН

GD Star Rating
loading...
Б.ЦОГТБААТАР: БАРИЛДААНЫ БҮРТГЭЛ 15-НД ДУУСНА, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: