loading...
Энэ жил улсын начин цол хүртсэн бөхчүүдээс ГовьАлтай аймгийн Бигэр сумын харьяат С.Багахүүг онцолж, “Таван цагаригийн бөхийн өргөө” буландаа урилаа. Энэ залуу өмнөх хоёр жилийн наадмаар дөрөв давж, начин цолд тулж ирсэн хүчтэн. Харин өнөө жил хүсэн хүлээсэн зорилгодоо хүч, улсын цолтнуудын гэр бүлд багтсан юм.
-Наадмаас хойш хаагуур, яаж амрав?
-Наадмын дараа Баянхонгорын ойд очиж барилдаад дараа нь сумандаа хэд хоног амарсан. Манай аймагт бас наадмаар цолоо ахиулсан Ж.Бат-Эрдэнэ бид хоёрт хүндэтгэл үзүүлэх наадам болсон. Тэр наадамд оролцчихоод ирлээ дээ.
-Нутаг орноор зуншлага сайхан уу?
-Энэ жил хаа сайгүй сайхан зуншлагатай, дэлгэр зун болж байна. Манай сум ч гэсэн хур бороо элбэгтэй, ногооны гарц сайхан гарсан байна лээ. Зуншлага сайхан, шинэ цолтон төрсөн болоод ч тэр үү манай нутгийнхан их баяртай байсан. Манай Бигэр сум ганцхан улсын начинтай байсан. 2006 онд Н.Баярмагнай улсын начин болсон юм. Би хоёр дахь начин нь боллоо. Би ер нь зун болгон наадам өнгөрөөд сумандаа очдог л доо. Харин энэ жил улсын цолтой бөх болоод очсон болохоор бүр ч сайхан байлаа.
-Улсын наадамд хэдэн удаа барилдаад цол авав?
-Дөрвөн удаа барилдсан. Анх 2006 онд аймгийн заан цолтой байхдаа зодоглоод хоёрын даваанд М.Батжаргалыг цэргийн арслан байхад нь таарч унасан. Батжаргал тэр жил харцага болсон юм. 2009 онд улсын начин Б.Одхүүгээр гурав, заан О.Одгэрэлээр дөрөв даваад тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд ойчиж байсан. 2010 онд улсын начин Л.Нямсүрэн, Ц.Лхагвасүрэн нарыг гурав, дөрвийн даваанд хаяад тав дээр бас Х.Мөнхбаатар арсланд унасан. Тэгээд энэ жил начин боллоо.
-Арслан өөрийг чинь яагаад хоёр жил дараалан амласан юм бол?
-Барилдаан таардаг гээд л авсан байх. Улсын наадмаар бөх болгон амжилтаа ахиулахын төлөө барилддаг. Тиймээс аль болох өөрийн хаячих байх гэсэн бөхөө л амална. Том цолтой бөхөд амалж барилдах эрх нь байгаа болохоор амлалгүй яахав. Би үүнд нь юм боддоггүй юм.
-Хоёр жил дараалан улсын цолонд тулж ирээд унахаар шантарч байв уу?
-Би 1999 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд ороод 2003 онд төгссөн. Бөхийн зам хөөгөөд арав гаруй жил болчихлоо. Ер нь энэ замыг сонгосон хүнд шантрах эрх байдаггүй. Нэгэнт бөхийн спортыг сонгоод олон жил хичээллэсэн болохоор бэлтгэлээ сайн хийж, өөрөө чармайж байж хүссэн цолондоо хүрнэ гэж боддог байсан.
-2006 онд барилдсаныхаа дараа аймгийн арслан болох гээд наадмыг өнжсөн юм уу?
-2007 онд аймгуудын наадамд барилдсан. Тэгээд Баян-Өлгийд түрүүлж, арслан болсон юм. Тэр үед Б.Баатарцол надтай үлдэн үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн. Харин 2008 онд тодорхой шалтгааны улмаас барилдаж чадалгүй өнжсөн юм.
-Энэ жил наадмаас өмнө заал танхимын барилдаануудад ямархуу хүч үзэв? Ер нь бэлтгэл сайн байсан уу?
-Энэ жил бэлтгэл сайн байсан л даа. Улсын цолтнуудын барилдаанд гурав, дөрөв давчихна. Аймаг, цэргийн цолтнуудынханд тав, зургаа давах зэргээр өөрийнхөө хэмжээний амжилтыг үзүүлж байсан. Тиймээс энэ жил өөрийгөө начин болох болов уу гэж бодож байсан. Ер нь манай аймгийн “Хантайшир” дэвжээний бөхчүүдийн бэлтгэлжилт харьцангуй сайн байсан. Бид өмнөх жилүүдэд наадмын бэлтгэлд 30 хоног гараад барилддаг байсан бол энэ жил 100 хоногийн бэлтгэл хийлээ. Бараг гурван сараас нэгдсэн бэлтгэл, хангамжинд орсон. Манай дэвжээний тэргүүн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр эд материал болон санхүүгийн маш их дэмжлэг үзүүлсэн. Энэ хугацаанд манайхан Эрдэнэтийн олимпийн баазад бэлтгэл хийсэн. Хотдоо яг наадмын бэлтгэлд байгаа юм шиг бэлтгэлийг бас хийсэн. Энэ бүхний үр дүнд манай нутгийн бөхчүүд маш сайхан барилдсан. Ж.Бат-Эрдэнэ найм давж, гарьд цол авлаа. Гарьд Н.Ганбаатар долоо давсан. Мөн би улсын начин болсон
. -Начин болохын тулд хийсэн барилдаануудаа ярьж өгөхгүй юу?
-Хоёр дээр Өвөрхангайн аймгийн начин Ганзоригтой таарч давсан. Тэр үед орой болсон байсан болохоор гэрэл тавьчихсан. Бас бороо их орсон болохоор хальтиргаа ихтэй эвгүй л байлаа. Бөхчүүд энд тэнд хальтирч унаад байгаа харагдана. Тиймээс энэ даваа их хариуцлагатай байсан. Гурвын даваанд Өвөрхангайн улсын начин Р.Ганхуяг начин намайг амласан. Начинтай өөрийнхөө санаснаар сайхан барилдаж давсан даа. Харин дөрвийн оноолт надад хүнд таарсан. Би өмнө нь аймгийн наадамд нэг түрүүлж, гурав үзүүрлэсэн. Мөн улсын наадамд хоёр удаа дөрөв давсан болохоор аймгийн цолтнуудын эрэмбэнд хэдэн хурц арслангуудын ард бичигддэг юм. Энэ жил дөрвийн даваанд таван хурц арслан, гурван аймгийн арслан хоорондоо оноолтоор нугарч барилдахад би Р.Пүрэгдагватай таарсан юм. Гэхдээ оноолт хүнд таарлаа гээд барилдахгүй байлтай биш, гараад хүч үзэж байгаа юм.
-Тухайн үед Р.Пүрэвдагватай яаж барилдана гэж төлөвлөж гарав?
-Би дунгуйлдаж татах мэх хийдэг. Пүрэвдагва бас тэр мэхийг хийдэг юм. Би ямар ч байсан тэр мэхээ түрүүлж хийхгүй гэж бодож байсан. Учир нь адилхан дунгуйлдаж татдаг хүнд түрүүлж хийхээр өөрөө зөрүүлж татуулаад унадаг юм. Би өмнө нь хоёр ч удаа тэгж унаж байсан. Тэгээд барилдахад хоёулаа мэх хийх элэг бүс, сэнжигний барьцандаа хүрлээ. Гэтэл Пүрэвдагва түрүүлж намайг татсан. Би тэгэхэд нь зөрүүлж татаад хаясан юм. Өмнө нь өөрөө унаж байсан мэхээрээ давсан хэрэг л дээ. Тэгээд тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг давж, начин болсон доо.
-Начны даваанд гурав дахь удаагаа гараад ирэх мөчид юу бодогдох юм?
-Хэн амлах бол гээд юм юм бодогдоно л доо. Ер нь улсын наадам гоё шүү дээ. Би өөрөө барилддаг мөртлөө бусдын барилдааныг их хардаг. Адилхан начин болохын төлөө зүтгэж байсан залуус маань цол аваад баярлаад гүйж явахыг харахад өөрийн эрхгүй самсаа шархирч өмнөөс нь баярлана. Бас начны даваанд олон жил унаад харамсаад явж байгаа бөхийг хараад өмнөөс нь санаа зовно. Жишээ нь Дундговийн А.Алтанхуяг арслан энэ жил гурав дахь удаагаа начны даваанд уналаа. Түүнийг унахыг харах хэцүү л байгаа юм. Гэхдээ нөгөө талаар Б.Гончигдамбыг харахаар сайхан л санагдана. Барилдахын хажуугаар наадмаа үзнэ гэдэг жаргалтай.
-Начин цол авсны дараах мэдрэмж ямар байдаг бол?
-Би эхнээсээ л улсын цолтой бөх болно гэсэн зорилготойгоор бэлтгэл хийж ирсэн. Тиймээс цол авч чадахгүй бол яана гэх зэргээр дарамттай бодол байнга төрнө л дөө. Тэгээд цол авсны дараа нөгөө том дарамт алга болж, сэтгэл онгойгоод сайхан болж байгаа юм. Энэ дашрамд танай сониноор дамжуулаад намайг бэлтгэл хийх бүхий л нөхцөлөөр хангаж, тусалж дэмждэг Хилийн цэргийн харьяа “Хилчин” спорт хороо, Дорноговийн Улаан-Уулын отрядын 0129-р ангийн хамт олон, “Тайгам Алтай” компани, “Алтайн Эрин” сангийн хамт олонд баярлаж явдгаа хэлье.
-Цол дагаж бяр гэж ярьдаг даа. Начин цол авсныхаа дараа аймгуудын наадамд барилдахад нэг л өөр байна уу?
-Тэгэлгүй яахав. Сая Баянхонгорын ойд барилдахад сайхан байна лээ. Манай найзууд “Чамайг улсын цолтой болчихсон гэж бодоод харахаар бүр ч том болчихсон юм шиг санагдаад байна” гэж байсан. Ер нь бөх гэж хэлэгдээд, улсын цолтой бөхчүүдийн эгнээнд ороод, тэдэнтэйгээ цуг бэлтгэл хийгээд явж байгаа нь миний хувьд том хувь тохиол. Би өөрийгөө азтай хүн гэж боддог юм.
-Бөх танд юу өгсөн бол?
-Би 10 жилээ төгсөөд “Шонхор” сургуульд ороод зурагтаар харж, шүтдэг байсан А.Сүхбат, Б.Гантогтох, Б.Ганбат гээд бөхчүүдийнхээ дунд орж, цуг бэлтгэл хийж эхэлснээс хойш бөх надад зөндөө юм өгсөн. Тэд нарыг харж, бөх хүн ямар байх ёстой, хүнтэй яаж харьцах ёстойг ойлгож авсан. Товчхондоо бол маш том хүмүүжлийг би бөхийн спортоос олж авсан. Би бөхийн буянгаар сайхан амьдарч байна. Бөх надад амьдралын сайн сайхан бүхнийг өгсөн.
-Анх яагаад бөхтэй холбогдсон юм бэ?
-Манай хоёр өвөө сумын заан. Аав бас сумын начин. Намайг бага байхад өвөө, ах дүү нар “Чи барилдах байх аа. Овоо бөх болмоор шинжтэй юм” гэдэг байсан. Тиймээс мэдээ орсон цагаасаа л би бөх болно гэдэг зүйл миний толгойд суучихсан. Тэр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд бөхийн замд орсон доо.
-Бөх болно гэж шинжигдсэн хүү бие хаа сайтай байсан байлгүй?
-Ер нь үеийнхэн дундаа том биетэйд нь ордог байсан. 1999 онд “Шонхор”-т ирэхдээ 172 см өндөр, 70 гаруй кг жинтэй байсан. Одоо бол 179 см, жин 125 кг орчим болсон.
-“Шонхор”-т нэг ангид сурч байсан оюутнуудаас чинь гайгүй барилдаж байгаа хүн бий юу?
-Манай үндэсний бөхийн ангид охидууд байхгүй, арзайсан 36 банди хичээлд суудаг байлаа. Улсын наадамд хоёр удаа дөрөв давсан Баянхонгор аймгийн арслан Р.Дамдин, аймгийн арслан Батбаяр, улсын начин Л.Нямсүрэн нар манай ангийнх.
-Бөхийн цагаан толгойг заасан багш хэн бэ?
-Надад бөхийн “А”-г заасан хүн бол “Шонхор” дээд сургуулийн багш, улсын начин Ц.Баянмөнх. Бага байхад бол хөдөө биеийн тамирын багш нараар ойр зуурын юм заалгаж байсан л даа. Гэхдээ Баяна багш дээр ирээд энэ мэхийг ингэж хийдэг юм, мэхийг ингэж хариулдаг юм гээд бүгдийг заалгасан. Харин одоогийн багш бол “Хантайшир” дэвжээний дасгалжуулагч, улсын начин Д.Бадрах. 2006 оноос хойш Бадрах багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Таныг бөх барилдахаас гадна дуулвал дуулчихдаг, онигоо ярьчихдаг авьяастайг мэдэх юм байна?
-Онигоо ярьдаггүй, онигоо мэддэггүй хүн гэж юу байхав. Гэхдээ мундаг онигоочидтой өөрийгөө харьцуулахын аргагүй л дээ. 2006 онд А.Тэгшээ ах, Д.Цэнд-Аюуш заантай хамт онигооны наадамд “Бөхийн хийморь” гэж баг байгуулж ороод түрүүлсэн. Манай Тэгшээ ах буянтай хүн байсан. Болж л өгвөл хүнд туслах гээд явдаг, хүнд муу юм хийдэггүй их сайн хүн байсан. Энэ хоёр хүний хүчээр л улсын аварга болсон юм. Дуулахын хувьд манай аав, ээж хоёр хоёулаа гоё дуулна. Тэгэхээр удамшсан юм байлгүй гэж боддог. Мэргэжлийн биш ч гэсэн энд тэндхийн найран дээр дуулчихна аа. Бөхчүүдийн концертод хэд хэдэн удаа оролцож байсан. Ер нь манай бөхчүүд бүгд дуучин шүү.
-Өөр бид нарын мэдэхгүй авьяас, хообий юу байна?
-Авьяас гэх нь юу юм, гэхдээ найз нартайгаа шатар тоглох дуртай. Наадмын бэлтгэл дээр бид нар шатар аваачиж байгаад үзэж өгнө шүү дээ.
-Говь-Алтайн бөхчүүд дундаа шатраар хэн нь давамгайлж байна?
-Өгөө аваатай үзнэ дээ. Ер нь ойролцоо.
-Бөх болсноос хойш хамгийн их баярласан тохиолдол юу вэ?
-2004 онд намайг сумын заан байхад манай сумын 80 жилийн ой болсон юм. Хотоос Д.Амгаланбаатар заан, Ж.Намжилдорж харцага, У.Балжинням начин зэрэг бөхчүүд ирсэн. Мөн улсын начин Н.Баярмагнай тэр жил аймгийн арслан болсон, ид сайн үедээ ирж барилдсан. Бас хэд хэдэн аймгийн цолтой бөхчүүд зодоглосон юм. Би тэгэхэд түрүүлнэ гэж ёстой санаагүй. Гурав, дөрөв давах л юм бодож байтал бүгдийг нь хаяад түрүүлчихсэн. Тэгэхэд л их баярлаж билээ. Улсын цолтой бөхчүүд ирсэн байхад нэг жижигхэн сумын заан залуу нутгийнхаа нэр төрийг хамгааллаа гээд сум орон нутгийнхан ч их баярласан.
-Аав, ээжийнхээ талаар ярьж өгөөч?
-Манай аав дуучин. Нэг хэсэг Төмөр замын дуу бүжгийн чуулгад ажиллдаг байсан. Одоо бол тэтгэвэртээ гарсан. Ээж маань эх барих эмэгтэйчүүдийн эмч. Одоо хөдөө сумандаа байдаг юм. Би эхээс хоёулаа. Доороо нэг эрэгтэй дүүтэй.
-Дүү чинь барилддаг уу?
-Барилдалгүй яахав. Сумын заан цолтой. Нутаг орондоо бол гайгүй бөхөд тооцогдоно шүү. Том цолтнууд ирээгүй үед наадмын түрүүг авчихаад байдаг юм.
-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу?
-Би эхнэр, хоёр хүүтэй. Намайг бэлтгэл сургуулилт хийгээд явахад миний хань ар гэрийн хамаг л ажлыг амжуулж байна. Бөхчүүд наадмын бэлтгэл гээд сар гаран яваад өгнө. Наадмын дараа аймаг, сумдын наадамд барилдана. Ажил нь юм болохоор барилдалгүй яахав. Энэ хугацаанд гэрийн эзэгтэй хүн л бүхнийг нугалдаг. Танай сониноор дамжуулаад ханьдаа маш их хайртай шүү гэж хэлье.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Цолоо баталж, ахиулсны чинь дараа эргээд уулзъя.
-Тэр ерөөл бат сайхан оршиг ээ. Танай сонины хамт олон, уншигчдад ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.
Г.БАЯРСАЙХАН
loading...




t1 nairaani nachin soronzonbold nachin turuuldeg archaagui zaan batzorigiin zalgamj archaagui doping
loading...