loading...
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 42 дахь удаагийн ДАШТ хэдхэн хоногийн дараа Туркийн нийслэл Стамбул хотноо эхлэх гэж байна. Туркийн Стамбул нь гурав дахь удаагаа ДАШТ-ийг хүлээн авч байгаа бөгөөд өмнө нь 1957, 1974 онд хоёр ч удаа зохион байгуулсан юм. Туркийн Стамбул хотноо болсон чөлөөт бөхийн 1974 оны дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний дэвжээнээс манай залуу бөх Зэвэгийн Ойдов “Дэлхийн аварга” хэмээх эрхэм дээд цолыг хүртэж бөхөө хүндлэн дээдэлдэг монгол түмнээ баяр хөөрөнд умбуулж байсан өдрүүдийг бид мартаагүй, мартах ч үгүй. Монголчууд бидний чөлөөт бөхөөр амьсгалж, дэлхийн аваргаа өлгийдөн авч байсан баяр жаргалтай тэр өдөр хоногууд он цагийн аясаар алслан холдсоор өнөөдөр түүх болон үлдэж байгаа ч анхны гэдэг алдар хүндтэй эрхэм үйлс спортын түүхэнд дахин давтагддаггүйгээрээ онцлог юм. Манай чөлөөтийнхөнд “буян хишиг”-ээ харамгүй хайрласан 37 жилийн тэртээх Стамбулын ДАШТ-ний тухай эргэн өгүүлье.
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗУРГААД ШАЛГАРАВ
Бөхийн спорт өндөр хөгжсөн дэлхийн 25 орны хүчит 146 бөх зодоглосон энэ жилийн ДАШТ-ий дэвжээнд манай улсаас О.Энхтайван (48 кг), Д.Ганбат (52 кг), М.Хойлогдорж (57 кг), З.Ойдов (62 кг), Ц.Нацагдорж (68 кг), Д.Сэрээтэр (74 кг), Д.Цэрэндаш (82 кг), Д.Цэрэнтогтох (90 кг), Х.Баянмөнх (-100 кг), Д.Адъяатөмөр (+100 кг) нарын арван бөх хүч сорьсноос З.Ойдов алт, Х.Баянмөнх мөнгө, Ц.Нацагдорж хүрэл медалиар энгэрээ мялааж, Д.Ганбат шагналт IV, О.Энхтайван VI байрт орж багаараа 18,5 оноогоор ЗХУ (52), Болгар (29,5), Турк (25) –ын дараа IV байрт шалгарч Иран, АНУ, Япон зэрэг бөхөөр алдартай орныг ардаа орхин дэлхийн шилдэг зургаад багтаж байлаа.
Тодруулга: Энэ жилийн дэлхийн аваргад олимп, дэлхийн хошой аварга Л.Тедиашвили, олимп, дэлхийн аварга Р.Дмитриев, дэлхийн аварга В.Гулюткин, С.Андиев нарын шилдэг хүчтэнүүд зодоглосны дотор манай улсын олимп, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Х.Баянмөнх, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Д.Сэрээтэр, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт М.Хойлогдож нар алдартнуудын тоонд зүй ёсоор орж байв. Манай улсын бөхчүүд Болгарын Софи хотноо болсон 1963 оны дэлхийн аваргад анх зодоглож орчин үеийн бөхийн спортын шинэ төрлөөр барилдааныхаа гарааг эхэлж, дөрвөн жилийн дараа Энэтхэгийн Дели хотноо болсон 1967 оны ДАШТ-ий дэвжээнээс Жигжидийн Мөнхбат дэлхийн аваргын анхны медаль (хүрэл)-ийн дээжийг хүртэж, шинэ Делийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулснаас хойш өнгөрсөн он жилүүдэд манай чөлөөтийнхөн олимпийн их наадмаас дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, дэлхийн аваргаас гурван алт, 12 мөнгө, 14 хүрэл медалийг эх орондоо авчирч, төрийн дууллаа Стамбул, Минскийн бөхийн их ордонд гурвантаа эгшиглүүлээд байна.
ДЭЛХИЙН АВАРГА хэмээх ЭРХЭМ ДЭЭД ЦОЛЫГ. . .
Дэлхийн аваргад гурав дахь удаагаа хүч сорьж буй манай залуу бөх Зэвэгийн Ойдов Стамбулын дэвжээнд Болгарын Л.Жеков, Югославын В.Жарданов, БНАГУ-ын Х.Штар, АНУ-ын Д.Хэмфри, ХБНГУ-ын Э.Гжилей, Туркийн В.Акдаг нарын тив, дэлхийн шилдэг хүчтэнүүдийг өвдөг шороодуулж Стамбулын дэвжээнээс дэлхийн аварга хэмээх эрхэм дээд цол хүртэж, аваргын алдрыг эх орондоо анх авчирч байлаа Тодруулга: З.Ойдов 1971 оны дэлхийн аваргад анх оролцохдоо Мехикогийн олимпийн мөнгөн медальт, Европ тивийн аварга Болгарын Е.Тодоровт оноогоор ялагдаж тэмцээнийг өндөрлүүлсэн бол 1973 оны дэлхийн аваргад хоёр дахь удаагаа хүч сорихдоо нэгийн даваанд Польшийн Ж.Столярскийг цэвэр ялж, дараагийн даваанд Мюнхений олимпийн аварга, дэлхийн хошой аварга ЗХУ-ын алдарт бөх З.Абдулбековтой тэнцэж, гурвын даваанд Румыны Ч.Петруг цэвэр ялж шагналт VI байрт орж багтаа шагналын оноо нэмэрлэж байсан юм.
МАНАЙ АВАРГЫН ӨВДӨГ ШОРООДУУЛСАН ХҮЧТЭНҮҮД
Эхний даваанд Болгарын Д.Жеков хэмээх 1974 оны Европ тивийн аварга, 1974 оны Тбилисийн ОУТ-ний алтан медальт, тивдээ босоо бөхтэй барилдсан. Энэ бөхийг таван оноо илүү авч ялав. Д.Жеков эхний тойрогт ялагдсан ч бусад өрсөлдөгчдөө цэвэр орхисоор мөнгөн медаль дээр бууж ямар бөх болохоо харуулсны дээр 1975 оны Минскийн дэлхийн аваргаар манай З.Ойдовоос даагаа нэхэж барилдаад дахин тахимаа өгч 1976 оны Монреалийн олимпод жин өгсөж барилдсан байдаг. Хоёрын даваанд барилдсан Югославын В.Жарданов гэгч олимп, дэлхийн аваргаас медаль хараахан авч байгаагүй ч удаа дараа шагналт байрт шалгарч байсан тивийн аваргын медальт туршлагатай бөхийг 11 онооны давуугаар хагас цэвэр ялав. Гурвын даваанд учирсан БНАГУ-ын Х.Штар 1973 оны дэлхийн аваргын мөнгөн медальт бөх.
Дэлхийн дэд аваргыг барилдааны эхний үеийн хугацаа дуусаагүй байхад цэвэр ялав. Тэр үед гурван минутаар гурван үе, дунд нь нэг минутын завсарлагаатайгаар есөн минут барилддаг байлаа. Энэ бөх 1975 оны Европ тивийн аваргаас мөнгөн медаль авч байв. Дараагийн даваанд Мюнхений олимпийн дэвжээнд таарч цэвэр ялагдсан АНУ-ын Д.Хэмфритэй барилдав. Нэг ёсны даагаа нэхэх барилдаан. Эцсийн хүчээ барагдтал өрсөлддөг энэ хүчтэнийг эхний үеийн хугацаа дуусаагүй байхад мөн цэвэр ялав. Д.Хемфри хожим Монреалийн олимпиас хүрэл, 1975 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан шилдэг бөх билээ. Тавын даваанд ХБНГУ-ын Э.Гжилейг оноогоор цэвэр ялав. Бөх мэдэхгүй хүн харвал “муур хулганаар тоглох” мэт оноо түүж давамгайлж ялсан. Гэвч Гжилей оноог өм цөмөөр алдаж явсан ч дархан мэхээ хийж цэвэр ялах юм шүү гэсэн отолтоо шүглийн эцсийн дуу дуугартал орхиогүй явсан гэдэг. Холын санаатай хүчтэй өрсөлдөгчөөсөө 15 оноо салгаж цэвэр ялж билээ.
Сүүлчийн даваанд дэлхийн аварга болох бөх хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байсан 1972 оны Мюнхений олимпийн их наадмын мөнгөн медальт Туркийн нэрт бөх Б.Акдагтай барилдав. Эх орныхоо дэвжээн дээр үзэгчдийнхээ уухайн түрлэгт эрмэгшин зоригжсон энэ бөхийг дайраад ирэхэд нь цээжийг сөхөж дотогш нь хөмөрч, хөлийг солбин эргүүлж далаар унагаж 27- хон секундэд цэвэр ялав. Гэвч ялалтыг өгдөггүй, даруй нэг минут 30 секунд өнгөрсний эцэст өгч билээ.
Тодруулга: Өөрийнхөө сайн бөхийг ийм амархан ялагдана гэж зүүдлээ ч үгүй явсан үзэгчид, багш дасгалжуулагч нар аль ч учраа олохгүй алмайрч таг чиг болсон гэдэг. Б.Акдаг эхэлж хүнд байдлаас гарах гэж тийчилж байснаа сүүлдээ огт хөдлөхөө больсон ч дэвжээний шүүгч (ХБНГУ) цэвэр ялалтыг өгдөггүй. Барилдаан эхлээд минут 30 секунд өнгөрсний эцэст сая цэвэр ялсаныг мэдэгдэж шүглээ үлээж билээ. Манай З.Ойдов Туркийн Б.Акдагтай 27 секунд, шүүгч, үзэгчидтэй нэг минут 30 секунд барилдаж байж ялалтыг авчирлаа хэмээн тэр үеийн хэвлэлүүдэд бичиж байсансан.
ТАВАН УЛСЫН АРВАН БӨХ АВАРГЫН АЛДРЫГ ХҮРТЭВ
Манай З.Ойдовын хамт Стамбулын дэвжээнээс Болгарын Х.Мюрселев (48 кг), Японы Ю.Такеда (52 кг), Зөвлөлтийн В.Юмин (57 кг), Н.Насрулаев (68 кг), Р.Ашуралиев (74 кг), В.Новожилов (82 кг), Л.Тедиашвили (90 кг), В.Гулюткин (-100 кг), Румыны Л.Шимон (+100 кг) нарын таван улсын арван бөх дэлхийн аваргын алдрыг хүртсэнээс Л.Тедиашвили дэлхийн гурав дахь удаагийн аваргын, В.Гулюткин дэлхий хошой аваргын алдрыг хүртэж, Х.Мюрселев, Ю.Такеда, В.Юмин, Н.Насрулаев, Р.Ашуралиев, Л.Шимон нар дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглохдоо өнгөрсөн жил (1973 он)-ийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медалиа алт болгож чанаржууллаа. Харин 82 кг-ийн жинд хүч сорьсон В.Новожилов анх удаа дэлхийн дэвжээнд зодоглохдоо аваргын алдарт хүрлээ. Ю.Такеда В.Юмин хоёр хожим дэлхийн дөрвөн удаагийн аваргын алдрыг хүртэж, хоёулаа Монреалийн олимпийн аварга болж, манай З.Ойдов, З.Абдулбеков хоёр дэлхийн хошой аварга болж цол гуншингаа ахиулцгааж байв.
ХАМГИЙН АЛДАРТАЙ НЬ ЛЕВАН ТЕДИАШВИЛИ
Стамбулын дэвжээнд зодоглосон хүчтэнүүдээс хамгийн алдартай нь хожим алдаршсан Леван Тедиашвили байв. Тэрбээр олимп, дэлхийн дэвжээнд 82, 90, -100 кг-ийн гурван жинд хүч сорьж дэлхийн дөрвөн удаагийн аваргын алдрыг хүртэж, Мюнхен, Монреалийн олимпийн хошой аварга болсон алдарт бөх билээ. Тодруулга: Л.Тедиашвили Мюнхен, Монреалийн олимпид АНУ-ын алдарт хоёр хүчтэн, ах дүү “Жон Бен” Петерсоныг ялж олимпийн аварга болж байв. 1972 оны Мюнхений олимпод 82 кг-ийн жинд хүч сорихдоо дүү Жон Петерсоныг ялж олимпийн аварга болсон бол 1976 оны Монреалийн олимпид 90 кг-ийн жинд хүч сорьж ах Жон Петерсоныг ялж олимпийн аварга болж байлаа.
Ах дүү хоёр хүчтэн Л.Тедиашвилид тахимаа өгснөөр нэгэн олимпийн дэвжээнээс хоёулаа олимпийн аваргын алдрыг хүртэх эрхээ алдаж байв. “Чөлөөт бөх” хэмээх орчин үеийн бөхийн спортын төрлөөр дэлхийн аваргын анхны алтан медаль, аваргын алдрыг эх орондоо авчирсан 37 жилийн тэртээх Стамбулын ДАШТ-ий тухай эргэн өгүүлж, гэгээн сайхан дурсамжаар “Буян хишиг”- ээ харамгүй хайрласан Стамбулын дэвжээнд дахин зодоглох гэж буй бөхчүүдийнхээ сонорыг мялааж, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа өргөн мандуулахын ерөөл дэвшүүлье. 37 жилийн тэртээх Стамбулын дэвжээнд үзүүлсэн гайхамшигт амжилт дахин давтагдах болтугай.
Б.АВИРМЭД
loading...




Goyo niitlel bna manaihanii jinhene altan veiin bohchuud bjee Z.Oidow guaigaar baharhaj bna.saihan belegsheeltei hotod boloh gj bgaan bna.bohchuudiinhe deeliin zahiig mushgaad sj bhaasdaa.altan soyombot dalbaagaa Stanbuliin tengert manduulhiig hvsie.
loading...
дэлхийн аврагыг ямар сайтаар үзэх вэ?
loading...