loading...
Загас барихын тулд тэд замагт нууранд ирдэг мөртлөө загасны шөл уухыг ердөө ч хүсдэггүй. Уурга дэгээгээ зэхэн, үүргэвчиндээ аяны хүнс төхөөрөөд майхнаа үүрэн болзсон газраа цаг хоцролгүй уулзах загасчид барьсан загасаараа ганзагаа дүүргэхийг урьтал болгодоггүй нь хачирхалтай. Загасчлах спортын УАШТ-ийг сонирхохоор Төв аймгийн Жаргалант сумын Доод нууранд очоод төсөөлж байснаасаа тэс өөр ертөнцтэй танилцсан юм.
Энэ жил нар хур тэгширсэн сайхан зун болсон учраас нуурын ус элбэг, мөнгөлөг хилэм загас дураараа “бэлчиж” байлаа. Улаанбаатар, Орхон аймгийнхан нуурын хөвөөнд аль хэдийнэ майхнаа барьж, аяны амьдрал эхэлжээ. Тулгын гурван чулуун дээр даргилан буцалсан цай хоол, талх хиам аяны ширээний дээж хүнс. БТДС-д суралцаж байхдаа аяллын хичээлээр Асралт хайрханыг зорин, хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан хэдхэн хоног өөрийн эрхгүй сэтгэлд буув. Аяллын амьдрал сайхан.
Загасчдын дунд очоод хамгийн түрүүнд шүүгч Р.Анхзаяа, Лханаасүрэн, Д.Баатардорж нартай танилцав. Тэд маргааш эхлэх тэмцээний заавраа ярилцаж, тамирчдаа бүртгээд тун завгүй. Анхаагийн хувьд аяллын шүүгч мөртлөө жил бүр загасчидтай бужигнасаар ирсэн туршлагатай нэгэн. Харин Лханаа “шинэков” бөгөөд аяллын хийгээд загасны спортын ялгааг харьцуулан гайхаж байсан юм. Явган аяллын тухай ам хуурайгүй ярих ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн биеийн тамирын багш Баатардорж ч гэсэн УАШТ-ий арын албанд анх удаа томилогдсон нь энэ.
Улаанбаатараас их үдэд гарч, ихэнх цагаа замд өнгөрөөсөн загасчид наймдугаар сарын 26-ны үдэш нуурын хөвөөнд тухлан, өрсөлдөгч багуудынхаа тухай халуун яриа өрнүүлэв. Нэг багт гурван гишүүн багтах учраас гар нийлсэн нөхөд нэг дор цугларчээ. Нарны элч саарсан тул нуурын загаснууд сэргэлтэд орсныг илтгэн уснаа энд тэнд дугариг хүрээ татна. Харин загасчдаас хэн нь ч уурга дэгээгээ гаргаж тэдний тайван амьдралыг бужигнуулахыг хүссэнгүй. Удалгүй Жаргалант сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга, байгаль хамгаалагчийн хамт ирж, УАШТий явцыг сонирхов. Тэр амьд загас ангуучлах гудиггүй хүмүүс ирсэн гэж төөрөлдсөн бололтой.
ХОЛЫН ЗАЙД УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛСЭНГҮЙ
VIII.27 Арван жилийн өмнө Монголын загас сонирхогчдын спортын нийгэмлэгээс яг энд УАШТ зохион байгуулахад оролцож, дээд амжилт тогтоосон ахмад тамирчид ч байлаа. Жил бүр алтан медаль хамж, шилжин явах цомыг өрсөлдөгчдөө булаалгалгүй удсан Орхон аймгийн “Хангарьд” клубийн таван баг уралдааны тактикаа боловсруулан ярилцана. Тэднийг загасны спортын монгол партизануудын нэг Г.Эрдэнэбилэг дасгалжуулсан аж. Харин Улаанбаатар хотынхныг спортын мастер, улсын шүүгч Д.Жаргалсайхан бэлтгэжээ. УАШТ-д түрүүлэх зорилго өвөрлөсөн 54 хүн Жаргалантын нуурын хөвөөнд хүч сорьсон юм. Тэмцээний салхийг холын зайн шидэлт хагалж, зассан талбайд загасны уургаар хамгийн хол онох мэргэн “харваач”- ийг тодруулсан. Тамирчид багтаа “Хаан тул” “Хатан туул”, “Бөгтөр хүрэн” “Алгана”, “Хүрэн зэвэг”, “Сугын цээл” гээд л ланжгар нэр өгчээ. Холын шидэлтийн төрөлд эрэгтэйчүүдийн улсын рекорд 70, эмэгтэйчүүдийнх 63 метр. Үүнийг олон улсын түвшинд харьцуулбал нэлээд зөрүүтэй бөгөөд дэлхийн рекорд 162 м байдаг аж. Гэхдээ манай улсад энэ төрөл хожуу хөгжсөн гэхэд чамлахааргүй үзүүлэлт хэмээн мэргэжилтнүүд өгүүлж байлаа. Эхний тэмцээнд “Хаан тул” багийн ахлагч Б.Батболд 57,52 см-ийн амжилтаар өрсөлдөгчдөө хошуучлав. Арав гаруй жилийн өмнөөс загас барьж эхэлсэн тэрбээр УАШТ-д гурав дахиа оролцож, алтан медалиар анх удаа энгэрээ мялаасан нь энэ. Ноднингийн холын шидэлтийн аварга эл багаас төрж байв. Ажлын чөлөөгөөр бэлтгэлээ хийдэг энэ залуу 2012 онд амжилтаа ахиулах хүсэлтэй байна.
Б.БАТТӨМӨР ЗАГАСЧДЫН НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН БОЛЛОО
Загасчлах спортын УАШТийг Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр ивээн тэтгэж, хэвлэл мэдээллийн спонсороор “Сансар” кабелийн телевизийн захирал Б.Энхбат болон “Ньютел” компаниуд ажиллажээ. Холын шидэлтийн дараа тамирчид завсарлаж, дамарт уургаар бай онох төрөлд бэлтгэн амарлаа. Хоёр цагийн завсарлагын үеэр Загас сонирхогчдын спорт нийгэмлэгийнхэн хуралдаж, бүтэц зохион байгуулалтдаа багагүй өөрчлөлт оруулсан юм. Албан өрөөнд бус байгалийн зүлгэн дээр тухлан суусан тамирчид нийгэмлэгийнхээ шинэ тэргүүнээр Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөрийг дуу нэгтэйгээр сонголоо. Мөн загасны спортыг эх орондоо дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн, Адал явдалт спорт аяллын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жияандорж, тус холбооны ажилтан П.Алексей нарыг “Ньютел” компани гар утсаар шагнасан юм.
АВЬЯАС ТЭТГЭВЭРТ ГАРДАГГҮЙ
Дамарт уургаар бай ононо гэдэг нь 7,5 грамын хүндрүүлэгчтэй сумаар хэвтээ байг таван талаас нь “буудахыг” хэлдэг. Өөрөөр хэлбэл, урд, баруун зүүн, толгойн араас, тухайн тамирчин өөрийн сайн онодог талаасаа онч сорьдог аж. Энэ төрөлд “Алгана” багийн ахмад тамирчин Д.Цэнд түрүүлж, залуучууддаа үлгэр жишээ үзүүллээ. Авьяас тэтгэвэрт гардаггүйг харуулсан 60 гаруй настай буурал цагтаа холын зайд 75 м онож, олныг гайхашруулж явсан нэгэн. Өнөө ч тэр ясны тамирчин болохоо нотолсон хэвээр.
МЭДРЭМЖ ШАЛГАСАН ТАВАН БАЙ
76 см-ийн голчтой тойрогт таван байг нэг шугамнаас 8 м, 10 м, 12 м, 14 м, 16 м-ээс тус бүр хоёр удаа шидэж, цэц сорьдог скишийн төрөлд мөн 54 тамирчин хүч сорилоо . “Тээвэрчин” багийн С.Төмөрбат 100- гаас 80 онож, нөхдөө манлайлсан юм. Загасчлах спортоор зургаа дахь жилдээ хичээллэж байгаа энэ эр Өгий нуурт болсон УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байжээ. Эх орныхоо баруун хязгаар нутгаар “нэгжиж” загасчилсан Төмөрөө “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг бөгөөд өндөр амжилт гаргасандаа сэтгэл хангалуун байлаа.
ОТГОН БАГ “ХАТАН ТУУЛ”
Загасчлах УАШТ-д хүссэн бүхэн хүч сорьж болно. Тиймээс МИАТ-ийн инженер Даян, зураглаач Тэмүүжин, Цогхүү нар “Хатан туул” багийн нэрийн өмнөөс оролцлоо. Мэргэжлийн тамирчдын хэмжээнд хүрэх болоогүй ч сонирхолдоо хөтлөгдсөн залуус муугүй амжилт гаргасан. Анх удаа хуурай газрын төрөлд хүч сорьсон Цогхүү 52,08 шидэж, өрсөлдөгчдөө сандаргаад амжсан бол нөгөө хоёрын сум хараахан талбайд оноогүй юм.
ХОЁР ЦАГТ 58 ЗАГАС
VIII.28 Өглөөний зургаан цагаас тамирчид өгөөшөө бэлтгэн чийгийн улаан, царцаа түүж харагдав. Энэ нууранд элбэг бэлчих Мөнгөлөг хилтэгийн дуртай “хоол” нь чийгийн улаан аж. Барьсан загасны тоогоор багтаа оноо авах учраас загасчид дор бүрнээ хичээж байлаа. Хоёр цаг загасчлах хугацаанд “хураасан” загасыг нь тоолон, хэмжээд зургийг авсны эцэст усанд нь буцааж тавьдаг дүрэмтэй. Тэмцээн эхэлмэгц салхи шуурч, нуур хүчтэй давалгаалж эхэлсэн. Ийм салхитайд яаж загас барина даа гэж бодмоор. Харин манай загасчид мохсонгүй. Тэд хуваарьт газраа өгөөш хаян, загас уургалж эхлэв. Амьд загас барих тэмцээнд Д.Жаргалсайхан 57 загас барьсан үзүүлэлтээр улсын дээд амжилт тогтоож байжээ. Харин энэ удаа “Хаан тул”-ын Т.Энхзул жинхэнэ хичээлийг бусдадаа заан 58- ыг уургалсан юм. Түүнтэй зэрэгцэн зогссон Эрдэнэбилэг 39 загасаар удаалжээ. Барьсан загасаа заавал амьд байлгах учиртай бөгөөд жинг нь үзчихээд усанд нь тавьсан юм. Харин хамгийн том загас барих номинацид 240 грам загас “шүүрдсэн” Ц.Тулгачулуун шалгарлаа. “Мэргэн бууч” Т.Энхзултай цөөн хором ярилцлаа.
-Тэмцээний үеэр нэлээн салхитай байсан ч 58 загас барьсан тань бэлтгэлээ сайн хийсэнтэй холбоотой юу?
-Бэлтгэлээс илүү байрлал гайгүй таарсан. Сугалаа сайхан таарсны хүчинд амжилт гаргаж чадлаа.
-58-аас илүү загас барих боломж байв уу?
-59 дэх загасаа гаргах гэтэл дэгээнээс мултарчихлаа.
-УАШТ-д хоёр дахиа оролцож буй таны хувьд ноднин ямар амжилт үзүүлж байв?
-Ноднин би тав, зургаан загас барьсан. Бид бэлтгэлээ тусгайлан хийдэггүй. Сонирхлоороо л найз нартайгаа оролцдог. Энэ дашрамд бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөн Д.Жаргалсайхан ахдаа баярлалаа гэж хэлье.
-Загасчин хүнд ямар мэдрэмж чухал вэ?
-Гарын болон нүдний мэдрэмжээс их зүйл шалтгаалдаг.
“ХААН ТУЛ” ИЙМ Л БАГ
Орхон аймгийн баг олон жил УАШТий цомыг хэнд ч алдаагүй хамт олон. Харин 2011 онд Улаанбаатарын “Хаан тул” тэднийг ардаа орхиж, цом, алтан медаль, 250 мянган төгрөг хүртсэн юм. Удаалсан “Бөгтөр хүрэн” баг 200 мянга, Эрдэнэт үйлдвэрийн “Эрчим” баг 150 мянган төгрөгөөр тус тус шагнуулсан. Шилдэг шүүгчээр Р.Анхзаяа тодорч, загасны уурга, үнэ бүхий зүйлийн эзэн боллоо.
Г.ЭРДЭНЭБИЛЭГ: ГОЛ МӨРНӨӨ ДЭЭДЭЛБЭЛ ХИШИГ БУЯНАА ХАЙРЛАДАГ
Орхон аймагт загасчлах дуртай хөвгүүд охид олон бий. Үйлдвэрийн хамт олны дунд энэ спортыг хөгжүүлэх олон талын ажиллагаа өргөн хүрээнд зохиогддог аж. Энэ талаар дасгалжуулагч Г.Эрдэнэбилэгээс сонирхлоо.
-Загасчлах спорт хүнээс нарийн мэдрэмж шаарддаг. Уурга, багаж хэрэгсэлтэй зөв харьцахад сургадгаар давуу талтай. Би энэ төрлөөр 30 гаруй шавь бэлтгээд байна.
-Монголын тамирчдын ур чадварыг олон улсын түвшинтэй харьцуулбал?
- Олон улсын хэмжээнд дөхөж очиж байгаа. “Хангарьд”-ын тамирчид Байгаль нуурт болдог нөхөрсөг тэмцээнд дөрвөн жилийн өмнөөс оролцож, ноднин долдугаар байр эзэлсэн. Зохион байгуулагчид тэмцээний хүрээг цаашид өргөтгөж, олон улсын чанартай болгоно гэж мэдээлсэн.
-Таны хүү энэ спортоор хичээллэдэг гэл үү?
-Тийм ээ. Загасчин болоод зургаан жил болж байна.
-Таны барьсан хамгийн том загас юу вэ?
-1 м 30 см цурхай барьсан юм байна. Хэнтийн Биндэрт өсөж төрсөн болохоор Онон голдоо хайртай. Ер нь гол усыг хүндэлж хайрлавал хишиг буянаа харамгүй өгдөг юм. Би загас барих гэж айхавтар улайраад байдаггүй.
-Загасны хамгийн идэвхтэй үе хэзээ эхэлдэг вэ?
-Есдүгээр сарын 15-наас хойш буюу зайр гүйж эхлэхэд гол мөрөн цэвэршиж, загасны амьдрал идэвхждэг.
МӨНГӨЛӨГ ХИЛТЭГ
Загас бүр усны температурыг дагадаг аж. Хурц наран доошилж, сэрүү унах үест тэд хоорондоо “тоглож” эхэлнэ. Харин энэ үед тамирчид өрсөлдөхийн сацуу туршлага хуваалцан, техникээ давтаж байлаа. Загасчдын майхнаас инээд, шуугиан тасрахгүй. Тэд жилд ганц удаа уулзаж, УАШТ-дээ оролцдог. 80 настай буурлаас найман настай бяцхан хүртэл тэнд бий. Та загасчлахад хуурай газрын тэмцээн ямар хэрэгтэй юм гэж хачирхаж магадгүй. Тэгвэл загасчин хүн ямар ч нөхцлөөс загас барих авхаалж самбааг дээрх төрлүүд хөгжүүлдэг гэнэ. Ялангуяа салхитай үед тамирчдын ур чадвар бусдаасаа ялгаран харагддаг. Тэмцээнд оролцохын өмнө тамирчин нуур, загасаа судлах хэрэгтэй гэнэ. Жаргалантын нууранд үржсэн Мөнгөлөг хилтэг загас хуурай газар 12 цаг амьдрах чадвартай. Хавар нутгийн иргэд ногоогоо услахаар усыг нь татахад шаварт шигдэн үлддэг аж.
“ӨНДӨР АХ”
Загас сонирхогчдын нийгэмлэгийг байгуулагдсан цагаас нь үнэнч зүтгэж, дүрмийг нь орчуулан, олон нийтэд дэлгэрүүлсэн энэ эрхмийг П.Алексей гэдэг. Аяллын спортын ар талыг баттай хариуцдаг түүнийг загасчид Алёша хэмээн дотносон дуудна. Тэрбээр Украины загасны спортын мастер Р.Панамеревээс багагүй туршлага судалж, Г.Эрдэнбилэгийн өөрт нь илгээсэн орос дүрмийг орчуулан, нийтэд дэлгэрүүлсэн буянтан. Гэхдээ энэ тухай олон хүнд зарлаад байдаггүй “Өндөр ах” уг спортыг эх орондоо өндөр хөгжинө гэдэгт итгэл төгс явдаг аж. СОНИН ДҮРЭМ Аялагчид хийгээд загасчдын нэг сонин дүрэм бий. Алтан медаль хүртсэн баг хээрийн 00-ыг булах зарчимтай. Өрсөлдөхийн зэрэгцээ байгалиа хамгаална гэсэн уриатай тамирчид хүрээлэн буй орчноо бохирдуулах нь үгүй. Тиймээс бууриа сайн цэвэрлэж, нүүдлийн 00-оо дардаг аж. Гэхдээ заавал аваргууд нь шүү дээ.
ТОРТОЙ ТЭМЦЬЕ!
Загасчдын сэтгэлийг эмзэглүүлдэг нэг зүйл бол тороор загас барих явдал. Өдгөө загасны ангуучид олширч, уурга дэгээгээр бус тороор загас шүүрдэж, тэсэлж дэлбэлж байгаад харуусах хүн олон байлаа. Тиймээс тус нийгэмлэгийн хамт олон хууль бус анчидтай тэмцэхээр буцалтгүй шийдсэнээ илэрхийлж байна. Эх дэлхийгээ шүтэж амьдардаг тэд шөнө дөлөөр Жаргалантаас мод ачин буцах машины цувааг тоолон нойр хулжсанаа ч ярьж байв.
ХЭЭРИЙН ТОГООЧ
Адал явдалт спорт аяллын холбооны генсек Б.Жияандорж хээрээр гэр, хэцээр дэр хийж амьдрах дуртай нэгэн. Ялангуяа хээрийн хоол, цай хийхдээ гаргуун. Түүнийг нэгэн тамирчин тогооч нарын бүлгэмийн ахлагч хэмээн хошигносон нь үнэний ортой. Жияан ахад хийж чадахгүй хоол гэж үгүй бөгөөд хавь ойрын хүмүүсээ дайлах дуртай.
ТА ЗАГАСЧИН БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА УУ?
Энэ спортоор хичээллэхийн тулд үнэтэй уурга авахын шаардлагагүй. Метр 50-иас дээш уургатай бол бай онох, 2 м 50 см “зэвсэг”-тэй бол холын зайд онч сорих боломжтой. Хүндрүүлэгч сумаа тамирчид өөрсдөө урладаг аж. Загасны спорт улсын зэрэг цолны ангилалд багтсан бөгөөд спортын болон дэд мастерийн үнэмлэхтэй тамирчин цөөнгүй.
ОЛОН УЛСЫН ХОЛБООНД ЭЛСЭХ ҮҮ?
Загасчид ирэх жилийн УАШТийг аяллынхтай хамтатган Жаргалант суманд хийхээр тогтлоо. Орон нутгаас бүтэн баг бэлтгэн оролцуулна гэдгээ ч тус сумын удирдлага мэдэгдсэн юм. Мөн Олон улсын кастингийн холбоонд гишүүнээр элсэх асуудлыг хөндөн ярилцсан. Энэ жил аваргын цомоо алдсан эрдэнэтчүүд 2012 онд эргүүлж авахын төлөө эрслэн босох нь лавтай.
ЗАГАСЧИД АА, БАЯРТАЙ
Ийнхүү загасчны “тосгон”-д өнгөрүүлсэн хоёр өдөр өрсөлдөөн хийгээд хөгжил баяслаар дүүрэн байлаа. Тэнд загас агнах бригадынхан биш, олон улсын дүрмийн дагуу шударга өрсөлддөг тамирчид хүч сорьсон юм. Адуучин эрчүүд уургаа дээдэлдэг шиг загасчид уурган дээгүүр алхахыг цээрлэдэг. Монгол орныхоо гол мөрөн, нуур цөөрөмд хөндлөн гулд аялахдаа метр 20-иос доош тул барьвал усанд нь буцааж тавих уудам сэтгэлтэй хүмүүс энэ спортоор хичээллэдэг. Жижигхэн загас барьчихаад нялх хүүхэд мэт энхрийлэх нь ч бий. Халх голд загасчлахыг, гадаадын алдартай гол мөрөнд зорчих тэмүүлэлтэй нөхөд ирэх жил Жаргалантад дахин уулзана.
Б.ӨЛЗИЙТОГТОХ
loading...




Монголд үнэндээ спортын загасчлал гэж байхгүй. Байгаа гээд байгаа хүмүүс нь хөгжүүлэх тухай огт боддоггүй.
loading...
2012 onii heden sariin hedend boloh yum ve medeh hun bnuu
loading...