loading...
Голландын Винсхотен хотноо болох хэт холын марафон гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнд манай тамирчин анх удаа хурд сорино. Өөрөөр хэлбэл Доржсүрэнгийн Дамдинжав мастеруудын ангилалд өрсөлдөхөөр Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны тэмцээн хариуцсан нарийн бичгийн дарга Г.Батцэцэгийн хамт өчигдөр эх орноосоо мордлоо.
Байгуулагдаад жил гаруйн нүүр үзэж байгаа манай холбоо Азийн аварга шалгаруулах мастеруудны тэмцээний 40-өөс дээш насанд 100 км-т тамирчнаа сойсон бөгөөд Д.Содномпил хүрэл медалиар энгэрээ мялаасан түүхтэй. Харин 2011 оны ДАШТ-д оролцох тамирчнаа ноднин Багахангай дүүргийн нэрэмжит тэмцээнээс сонгосон аж. 2010 оны УАШТий 50-иас дээш насанд түрүүлж, 100 км-т гуравдугаар байр эзэлсэн амжилтаар Винсхотенд очихоор болжээ. Д.Дамдинжав гуай хөнгөн атлетикаар 30 гаруй жил хичээллэхдээ “Афин-2004” паралимпт Лхагважавын хөтчөөр оролцож байв.
Дэлхийн мастеруудын тэмцээн энэ сарын 9-10-нд болох бөгөөд 40 гаруй улсын хөнгөн атлетикчид хурд сорино. Хэт холын марафоны нэг онцлог нь 25, 50, 80 км-т тухай тамирчин хооллож, хүчээ сэлбэхийг зөвшөөрдөг бол шинэчилсэн дүрмээр алхахыг хориглодог болжээ. Дашрамд дурдахад эх орноо төлөөлөн ДАШТ-ий салхийг нээх Д.Дамдинжавын нэрэмжит тэмцээн Багахангай дүүрэгт есдүгээр сарын 10-нд болно.
Тамирчныхаа зардлыг МХХМГ-ийн холбооны ерөнхийлөгч Л.БалданОчир гаргажээ. 100 км-т Голланд, ХБНГУ, Японы тамирчид ноёрхдог, эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг Бельгийн Ж.Праит 6.16,41-ээр эзэгнэдэг юм байна.
loading...



